Их Британийн “Эйшиа хаус” байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

f72f38261c8b56d0fc1be247be5fec1cМонгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ИБУИНВУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд хийсэн чухал уулзалтуудын нэг нь Их Британийн “Эйшиа хаус” байгууллагатай хамтран зохион байгуулсан Хөрөнгө оруулалт, бизнесийн уулзалт байлаа.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британийн Парламентын гишүүн, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хьюго Свайэрыг хүлээн авч уулзан хоёр улсын эдийн засаг бизнесийн харилцааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гээд олон асуудлаар санал солилцлоо.

Хөрөнгө оруулалт, бизнесийн уулзалтад “Эйшиа хаус”-ын гүйцэтгэх захирал Майкл Лоренс, Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак нар оролцож мэдээлэл хийлээ.

 “Эйшиа хаус” нь ашгийн бус, улс төрийн бус байгууллага бөгөөд Азийн орнуудыг төлөөлсөн Британи дахь хамгийн том байгууллага юм. Уулзалтыг нээж “Эйшиа хаус” байгууллагын гүйцэтгэх захирал Майкл Лоренс “Монгол Улсын Ерөнхий сайдыг өөрийн байгууллагат хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлээд, манай байгууллага Монгол Британи хоёр улсын хооронд эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллах болно гэлээ.

884315063f17838e220a003d2e0cfead

Засгийн газрын тэргүүн хөрөнгө оруулалт, бизнесийн уулзалтад хэлсэн үгэндээ “Өнөөдөр олон хүн Монгол Улсыг сонирхон ирснийг харах сайхан байна. Манай Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах чиглэлээр олон арга замыг эрэлхийлж байна. Энэ хүрээнд миний бие хэд хэдэн оронд айлчиллаа. Өнөөдөр ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж байна гээд энэхүү арга хэмжээг зохион байгуулсан байгууллагуудад талархал илэрхийллээ. Тэрээр Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдал, боломжуудын талаар мэдээлэл хийж, гадны хөрөнгө оруулагчидтай хэд хэдэн томоохон мега төслүүдийг эхлүүлээд байгаа талаар болон Монголын Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх орчныг дэлхийн түвшинд хүргэхийн тулд идэвхийлэн ажиллаж буйг онцлоод Монгол Улсад хөрөнгө оруулалтын таатай орчин, хамтран ажиллах боломж  нээлттэй байгааг хэллээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар Их Британийн “Эйшиа хаус”-тайхамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар Британийн хөрөнгө оруулалтыг Монгол руу татах, Монголд бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй компаниудыг холбох, хоёр улсын хамтарсан бизнес арга хэмжээг зохион байгуулах, Монгол Улсад бизнес эрхлэх боломжийн талаар Британийн өндөр чадавхи бүхий хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулах зэрэг олон боломж нээгдэх юм.

Санамж бичгийн ач холбогдлын талаар Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар Монголд Их Британиас хөрөнгө оруулалт татахад манай хоёр байгууллага хамтран ажиллах зорилготой юм. Гэхдээ зөвхөн хөрөнгө оруулалт бус худалдааны чиглэлээр хамтран ажиллах, худалдаа хариуцсан бусад төрийн байгууллагатай ч манай газар хамтран ажиллана. Мөн Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн нь хөрөнгө оруулагчдад эергээр туссаныг гадны бизнесийнхэн хэлж байна. Тиймээс тэд Монголд ямар бизнест хөл тавихаа эрэлхийлж сонирхож байгаа талаар онцоллоо. Бизнес уулзалтад 120 гаруй бизнес төлөөлөгч оролцсон юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …