Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүхийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд гардуулж өгөх ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг, Д.Эрдэнэчулуун, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан болон газар хэлтсийн дарга нар оролцсон юм. Шагнал гардуулах ёслолын ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын шүүхийн түүхэн дэх онцгой зурвас үед та бид ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн багц хуулийг хэрэгжүүлэх хүрээнд та бид багагүй ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Бид бүхний шүүхийн шинэтгэлийн ажилд хичээл зүтгэл гарган зүтгэж байгааг төр засгаас өндрөөр үнэлж, шагнал гардуулж байгаад баяртай байна” хэмээн онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Дамдинсүрэнгийн Дамдин-Од, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан Түмээгийн Гариймаа нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэчимэг, Д.Эрдэнэчулуун нар албан ёсоор гардуулж өгөв.
Түүнчлэн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонгыг Алтангадас одонгоор, Төв аймаг дахь сум дунд иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунааг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнасныг энэхүү ёслолын үеэр гардуулав.
Энэхүү ёслолын арга хэмжээний үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18 тоот тогтоолоор Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан хүмүүст мөн шагналыг нь гардуулж өгсөн юм. Тухайлбал Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа, Д.Байгалмаа, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Д.Хуяг нарт тус тус Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг олголоо.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс