Үндэсний их баяр наадмын тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавив

naadam “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”  хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар батласан. Тус хууль заасанчлан баяр наадмаар 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх 9 давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл Даян аварга цол олгох, Улсын баяр наадамд 8 давж 3 удаа үзүүрлэсэн бөхөд арслан, арслан цолтой бөх 2 удаа 8 давж үзүүрлэсэн бол аварга цол олгохоор тусгасан юм.

Хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хуульд бүхэлд нь хориг тавьсан байна. Энэхүү хоригт “Монгол Улсын Их Хурлаас 2013 оны долоодугаар сарын 05-ны өдөр баталж, мөн өдрийн 16.00 цагт ёсчилсон Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэнтэй танилцлаа.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг олон улсын жишиг, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, өргөн хүрээнд шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд, дээр дурьдсан үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьж байна” гэжээ.

Хууль хүчин төгөлдөр хэрэгжвэл А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар Дархан аварга, Д.Мөнх-Эрдэнэ улсын аварга, Б.Гантогтох Улсын арслан цол хүртэхээр болоод байсан юм. Хуульд хориг тавьсанаар намрын чуулганаар хуулийн төслийг дахин хэлэлцэх нь.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …