“Өнгөрсөн рүүгээ гар буугаар буудвал, ирээдүй рүү чинь их буугаар бууддаг” гэсэн ардыг үг бий. Алдаа оноотой ч, 1921 онд ардын хувьсгал ялж, өнөөгийн тусгаар Монгол улсын эх суурийг тавьсан гэдэгтэй түүхээ мэддэг хэн бүхэн санал нийлнэ. Урьд нь үндэсний баяр наадмыг ардын хувьсгалын … жилийн ой гэж нэрлэж ирсэн бол энэ удаагийн баяр наадмын албан ёсны, төрийн арга хэмжээний урилгад эл үг, утга санаа гээгджээ. Үүнийг санаатай гээсэн үү, санамсаргүй орхисон уу гэдэг асуудал олны анхаарлыг татаж, басхүү иргэдийн дургуйцлыг төрүүүлээд байна. Энэ талаар хэн юу гэж хэлсэн тухай мэдээллийг та бүхэндээ хүргэе.
МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд:
-Үндэсний их баяр наадмын тухай хуульд Ардын хувьсгалын ойг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ гэж заасан. Гэтэл яагаад энэ жилийн наадмын хөтөлбөр, сурталчилгаанаас 92 жилийн ойг хасав. Баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс ингэж хийв үү. Эсвэл өөр шалтгаан байв уу?
Шадар сайд Д.Тэрбишдагва:
-Миний өмнө ч гэсэн Үндэсний баяр наадмын тухай хууль байна. Би энэ хуулийг зориуд авчирсан юм. Энэ хуулийн 2.5-д “Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын ой болон нийслэлийн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” гэж заасан. Миний хувьд Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадам гэсэн хөтөлбөр баталсан. Гарын үсэг зурсан хөтөлбөр нь энэ байна. Баяр наадмын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг Ерөнхийлөгчид танилцуулж санал авдаг юм билээ. 2013 оны зургадугаар сарын 27-ны өдөр баяр наадмын үйл ажиллагааны хөтөлбөрийг Ерөнхийлөгчид танилцуулж байх үед тэнд байсан хүмүүс Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жил, үндэсний их баяр наадам гэсэн хөтөлбөр гаргаад надаар гарын үсэг зуруулах гэхээр нь би зураагүй. Тийм учраас Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжаваар гарын үсэг зуруулсан юм билээ. Би хуулиа баримтлахыг санал болгосон. Би энэ асуудлыг мэдэнгүүтээ Ерөнхийлөгчтэй утсаар ярих гэсэн боловч хөдөө явсан учраас холбогдож чадаагүй. Хорооныхоо нарийн бичгийн дарга нар, ажил хариуцсан хүмүүс, Ерөнхий сайдад хууль нь ийм юм байна гэж асуудлыг тавьсан. Би өөрийнхөө баталсан төлөвлөгөөний дагуу л ажиллана. Та нар ингэж явж байгаа бол би бодлоо өөрчлөхгүй шүү гэж хэлсэн. Би хуулиа барьж ажиллах гэж оролдож байгаа. Сэрээжаваас албан ёсны бичиг авсан. Хуулийн зүйл заалтыг нөхдүүдэд уншиж өгсөн.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
-Ардын хувьсгалын ойг зарим түүхчид их будилуулж байна. Бараг ач холбогдолгүй мэтээр бичсэн өгүүлэл, нийтлэл сүүлийн үед сонин хэвлэлээр гарч байна. Одоогийн Монгол Улс тусгаар улс болсон түүхэн үйл явдлыг 1921 онд хийсэн биз дээ. 1911 онд Монгол Улсын тусгаар тогтнолыг зарласан явдлыг гурван улсын хэлэлцээрээр гадаад орнууд үгүйсгэсэн. Дандаа автономит гэсэн нэртэй явж байгаад 1921 онд Монгол Улсын тусгаар тогтнолыг хувьсгалчид баталгаажуулсан биз дээ. 1921 оны түүхэн үйл явдлыг үгүйсгэж байгаа хүмүүсээс улсынхаа тусгаар тогтнолыг зөвшөөрч байна уу, үгүй юу гэж асуумаар байна. Өнөөгийн гурван сая хүн бол тусгаар тогтносон Монгол Улс байгуулсны үр шим шүү дээ. Ардын хувьсгалын ой гэж ярьж болохгүй, тийм утгатай нэвтрүүлэг хийж болохгүй гэсэн чиглэлийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн гэсэн мэдээлэл явж байна. Үүнийг нягтлах ёстой. Өөрийнхөө түүхийг зөвшөөрдөггүй, түүхэн үйл явдлыг улс төрийн өнцгөөс үгүйсгэдэг байж болохгүй. Тэрбишдагва сайдын байдлыг сонслоо. Дээрээсээ зориуд зохион байгуулсан юм байна гэж ойлголоо. Иймэрхүү хандлага гаргаад байгаа төрийн албан тушаалтнуудтай хариуцлага ярих ёстой гэж үзэж байна. Бид тусгаар тогтнолынхоо учрыг өөрсдөө олохгүй бол хэн бидний тусгаар тогтнолыг дэмжиж баталгаажуулах юм бэ? Ингэж түүхээ гуйвуулдгаа болимоор юм.
Су.Батболд:
-Тэр ингэсэн, тэр тэгсэн гээд булзааруулаад л өнгөрөөх гээд байна. Үүнийг Монгол орны тусгаар тогтнолд зориудын явуулга хийж байна гэж бодож байна. Манай засгийн эрх баригчид өөрсдийгөө дөвийлгөж, зөвхөн өөрийнх нь үеийнхний түүх байх ёстой гэж асуудалд хандаж байгаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Аливаа улс үндэстэн өөрийнхөө түүхийг уртасгах, урагшлуулахыг зорьдог. Гэхдээ тэгж байгаа нэрээр үндэсний сэргэн мандалтад нөлөөлсөн түүхэн ач холбогдолтой үйл явдлыг аль нэг улс төрийн хүчинтэй холбож үгүйсгэж болохгүй. Энэ бол Монгол орны тусгаар тогтнолыг үгүйсгэсэнтэй адилхан зүйл. Энэ асуудалтай холбогдуулж Засгийн газар, энэ шийдвэрийг гаргасан албан тушаалтантай хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.
Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав:
-Улсын баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооноос гаргасан баяр наадмын хөтөлбөр “Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ой, үндэсний их баяр наадамд зориулсан арга хэмжээний хөтөлбөр” гэсэн үг, томъёололтой гарсан. Үндэсний баяр наадмын тухай хуульд Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын баяр, Ардын хувьсгалын ой гэсэн гурван баярыг хамтатган тэмдэглэхээр заасан байгаа. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын баярыг тэмдэглэх тухай хуулийн заалт нь энэ хөтөлбөрт алга болчихжээ гэж би Ерөнхийлөгчийн Тамгын газрынхантай зөвлөлдсөн. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос Тулгар төрийн 2222 жилийг хөтөлбөртөө оруулсан нь зөв гэж бид үзсэн. Харин Үндэсний эрх чөлөөний 102 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн маань хоёул тэгш биш юм байна. Тиймээс тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн түүхт ойгоо хойч үе, залуучууддаа мэдүүлэх үүднээс үндэсний баяр наадам гэсэн байдлаар хөтөлбөрөө гаргая гэсэн чиглэл өгсөн. Ерөнхийлөгчийн Тамгын газраас ийм чиглэл өглөө гэж Тэрбишдагва сайдад хэлсэн. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад баяр наадмын хөтөлбөрийг танилцуулах журамтай байдаг.
Ч.Хүрэлбаатар:
-Дэлхийн аль ч оронд үндэсний баяр наадмаа тусгаар тогтносон өдрөө тэмдэглэдэг. Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар баяр наадмыг Засгийн газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо л зохион байгуулах үүрэгтэй Гэтэл Та огт өөр зүйл яриад байх юм. /тэрээр хуулийн зүйл заалтыг уншиж өгөв/
Ж.Сэрээжав:
-Энэ асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Цагаан даргатай ярьсан л даа.
Н.Энхболд:
-Сэрээжав дарга аа, өөрийн чинь хэлээд байгаа баярын өдөр чинь арванхоёрдугаар сарын 29-ны өдөр шүү дээ. Долдугаар сарын 11-тэй ямар ч хамаа байхгүй. Хуулиараа тийм юм.
Ц.Нямдорж:
-Энэ бол Ардын хувьсгалын ойд зориулсан барилдаанд бөхчүүдэд цол олгохыг зохицуулсан хууль байгаа юм. Ардын хувьсгалын ой болон Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ойг зохицуулдаг хууль юм. Тулгар төрийн 2222 жил чинь энэ хуульд байхгүй. Оруулах шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулж байж хийх ёстой. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал ч мөн адил. Баяр наадмыг зохион байгуулах ажлыг Засгийн газар, тэндээс байгуулсан зохион байгуулах хороо л шийддэг юм. Үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга оролцох эрхгүй. Харин хорооны бүрэлдэхүүнд нь орж болно. Нэгдүгээрт, хуультай байсан улсыг даргатай болгож байгаагийн илрэл энэ. Хоёрдугаарт, Ардын хувьсгал гэсэн үгийг авч хаях гэж Ардчилсан намынхан олон жил зүтгэж байгаа. Танктай хөшөөг нүүлгэсэн. Төрийн ордны өмнө байсан Ардын хувьсгалын гол удирдагчдын бунханг зайлуулсан. Одоо Сүхбаатарын талбайг нүүлгэх л ганц ажил үлдсэн. Үүнийг хийх гэж олон жил оролдож байгаа. Бат-Үүл Ленин багшийн хөшөөг өнгөрсөн жил нүүлгэсэн. Бодвол дараа нь өөрийнхөө хөшөөг тавих гэж байгаа биз дээ. Яг Ленин багшийнх шиг малгай өмссөн явна лээ. Одоо Сүхбаатарын хөшөөг нүүлгэчихээд оронд нь өөр нэг хөшөө тавих гэж байна. Үүний цаана та нар юу хийж байгаагаа ойлгож байна уу. Монголын тусгаар тогтнолыг Монголын Засгийн газар, эрх баригчид үгүй болгох гээд сууж байна шүү дээ. Үндэсний баяр наадмын тухай хуулийн 2.1-д “Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр мөн” гэж бичсэн байдаг юм. Энэ гамин, Цагааны сүнс яасан олон жилийн дараа гарч ирж байна аа. Тэрбишдагва сайд аа, би өөрийг чинь ойлгож байна. Одоо та тэр дарга нартайгаа энэ асуудлаа яримаар байна.
Та нар мянга хүсээд ч, мянга зүүдлээд ч Монголын тусгаар тогтнолын түүхийг арилгаж чадахгүй. Огт чадахгүй. Арай л дэндэж байна. Өөрөө өөрийнхөө гараар тусгаар тогтнолынхоо гол бэлгэдлийг байхгүй болгодог улс үндэстэн гэж байдаг юм уу. Энэ хүмүүс тусгаар тогтнолыг маань яасан их үзэн ядаж байна вэ. Та нар мөнхөд засгийн эрх барина гэж бодож байна уу. Чадахгүй. Та нар Монголд дарангуйлал тогтооно гэж бодож байна уу. Чадахгүй. Хуулиар тогтоосон бүрэн эрхтэй Засгийн газрын байгуулсан баяр наадмыг зохион байгуулах хорооны баталсан шийдвэрт өөрчлөлт оруулах, засвар хийх эрхтэй хэн юм, та нар. Та нар ил далд дарангуйлал тогтоож, Монгол төрийн тусгаар тогтнолыг байхгүй болгох гэж оролдож байгаад өөрсдөө хөшөөгөө буулгуулж чирүүлэх вий дээ. Тусгаар тогтнолыг үгүйсгэж үе үеийн монголын төр рүү ингэж дайрвал ёстой үзсэн шиг үзнэ шүү.
Д.Лүндээжанцан:
-1990-ээд оноос хойш дахиад түүхийг гуйвуулж хүмүүсийн тархийг угааж байна. Үүнд л би байж ядаад харамсаж байна. 1921 онд улс орон мөхлийн ирмэгт байсан хүнд үед Монголын ард түмэн тусгаар тогтнолоо халуун амь, бүлээн цусаараа олж авсан. Бидний гарт өргөс ороход л ялархдаг шүү дээ. Гэтэл Монголын ард түмэн асар их үнээр энэ тусгаар тогтнолыг авчирсан. Дараа нь тусгаар тогтнолыг асар их үнээр хамгаалж ирсэн. Гэтэл тэр түүхийг арчиж угаагаад хаячихна гэдэг байж боломгүй явдал. Монголынхоо төр ёсны түүхийг урагшлуулахад буруу юм байхгүй. Харин Ардын хувьсгалын ойг гээж хэрхэвч болохгүй. Нүгэл үйлдэх эрх бидэнд байхгүй. Тийм учраас эрс шийдэмгий арга хэмжээ авч, наадмын өмнө энэ асуудлыг хэрүүл уруулгүй шийдэхийн төлөө ажиллацгаая. Аймаг, сумууд Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр хэмээн тэмдэглэж байна. Гэтэл нийслэлдээ Ардын хувьсгалын ойгоо авч хаяж болохгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газар наадам зохион байгуулдаггүй юм.
Д.Тэрбишдагва:
-Сая Сэрээжавын хэлсэн хөтөлбөрийг би батлаагүй. Баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын хувьд би баталсан хөтөлбөр дээрээ л байр сууриа илэрхийлнэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзана. Нэгэнт хэвлэсэн урилга, анонсны хувьд засах боломжгүй. Харин одоо гаргах анонсон дээр Ардын хувьсгалын 92 жилийн ойг оруулахад анхаарна. Баталсан төлөвлөгөөний дагуу л ажиллана.
Ийнхүү үдээс хойш УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр МАН-ын бүлгийн гишүүд энэ талаар байр сууриа илэрхийлж, Ерөнхийлөгч, Засгийн газарт хандан улсын баяр наадмын бүх төрлийн сурталчилгаа, анонс, урилга, хөтөлбөрт Ардын хувьсгалын 92 жилийн ойг оруулахыг шаардсан шаардлага хүргүүлэхээр боллоо.