МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Су.Батболд нар хамтарсан Засгийн газрын талаар мэдээлэл хийлээ.
МАН-ын дарга М.Энхболд “Монголын улстөр хариуцлагатай, улс төрийн намууд бие биеийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг, хийж чадаагүйгээ ард түмэндээ хэлж чаддаг, түүнд нь ард түмэн үнэлэлт дүгнэлтээ өгдөг байх ёстой” гэж мэдээллийн эхэнд онцлоод гэрээнд тусгагдсан заалтуудын талаар тайлбарлалаа.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АН-аас МАН-д засагт хамтран ажиллах урилга ирүүлснээр таван бүлэг, 20 гаруй асуудал бүхий гэрээ байгуулсан. Хоёр намын хувьд гэрээгээр хүлээсэн хамгийн том үүрэг бол эдийн засгийн асуудал байсан. Тухайлбал, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, иргэдийн аж амьдралд нааштай өөрчлөлт гаргах, өмнө гарсан алдааг засч залруулах байв. Үүний тулд эдийн засгийг сэргээх богино хугацааны хөтөлбөр боловсруулахад анхаарлаа хандуулж МАН-ын бүлгээс дэвшүүлсэн 50 тодорхой саналыг багтаасан 70 орчим зүйл бүхий эдийн засгийг хүндрэлийг даван туулах хөтөлбөр батлагдсан. Төрийн өмч хувьчлах тогтоолын төсөл дээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, УИХ-аас тодорхой шийдвэр гарсан. Одоо хэрэгжүүлэх ажил эхлээд явж байна.
Гэрээнд дурдагдсан дараагийн асуудал бол гадаад өрийн хэмжээг нэмэхгүй, өрийн удирдлага, менежментийг боловсронгуй болгох байв. Сангийн сайд энэ асуудалд санаачилгатай ажиллаж, Өрийн удирдлагын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг өргөн мэдүүлж батлуулсан. Хэдийгээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу өрийн босго ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх ёстой байсан боловч Ардын намыг засагт хамтрах үед бодит байдал дээр 58.3 хувьд хүрсэн байсан. Тийм учраас хүрсэн төвшнийг УИХ баталгаажуулж дахин өр нэмэхгүй байх зорилтыг тавьсан. Цаашдаа 2017, 2018 онд төлөгдөх өрийн эх үүсвэрийг бий болгох, санг бүрдүүлэх, одоо авсан өрийг зээлийн үйлчилгээний төлбөр багатай зүйлээр солих зэрэг арга хэмжээг төлөвлөж, ажлын нааштай эхлэлүүд гарч байсан.
Харин гэрээнд тусгагдсан ч хэрэгжээгүй нэлээд асуудал байгааг тэрээр онцлов. Тухайлбал, “Оюутолгой” төслийн гэрээний нөхцөлийг дордуулахгүйгээр Монголын талд оногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх, хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд ил тод, нээлттэйгээр зөвшилцөж шийдвэрлэхээр байсан. Мөн Тавантолгой болон стратегийн бусад ордод ийм зарчмыг баримтлан ашиглахаар гэрээнд тусгасан. Харамсалтай нь аль аль нь ахиц өөрчлөлт гарсангүй. Тавантолгойн орд газрыг ашиглах гэрээний төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ төслийг УИХ-аар хэлэлцэж, зөв зүйлийг дэмжиж, бурууг засч залруулах ёстой гэж үзэж байсан ч УИХ-ын дарга З.Энхболд түгжих, удаах, гацаах байр суурь баримталж байсны улмаас Засгийн газар гэрээгээ татаж авсан.
Оюутолгойн гэрээний төлөвлөгөө гэгчид Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд очиж гарын үсэг зурсан. ҮБАЗ-ийн хурал дээр Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Ардын намын бүлэгт танилцуулга хийхийг шаардсан ч танилцуулалгүй Дубайд очиж гарын үсэг зурсан. Гарын үсэг зурагдсанаас хойш асуудлыг тодруулахаар тав, зургадугаар сард Ерөнхий сайдад хандсан ч хариулт авч чадаагүй.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг Засгийн газар татаж аваад хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж боловсруулна гэж гэрээнд заасан. Гэтэл Ерөнхий сайд зөвшилцлийн баримт бичигт туссан заалтыг зөрчиж шууд УИХ-д өргөн барьсан. МАН хувийн хэвшил, бизнесийнхний өмч хөрөнгөө ил болгох, үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөтгөхийг дэмжиж байгаа. Гагцхүү хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн өндөр албан тушаалтнуудын нуусан өмч хөрөнгийг ил болгох зохицуулалтыг энэ хуулийн төслийн хүрээнд хийхийг эсэргүүцсэн гэж МАН-ын дарга М.Энхболд хэллээ.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийг Н.Батбаяр гишүүн ахалж байгаа ч өнөөг хүртэл УИХ-д өргөн баригдаагүй. Санал хураалтын хяналтын тооллогыг гараар хийх, сонгуулийн тогтолцооны асуудлыг шийдэх, сонгуулийн маргааныг богино хугацаанд шийдвэрлэдэг байх зэрэг асуудлыг багтаасан Сонгуулийн хуулийн төслийг долдугаар сарын 1-нд гэхэд батална гэж тохиролцсон ч өнөөг хүртэл өргөн баригдаагүй. Энэхүү хуулийн төслийн ажлын хэсгийг Р.Бурмаа гишүүн ахалж байна. Сонгуулийн тогтолцоог ард нийтээс асуух хуулийн төслийг МАН-ын бүлгийн гишүүд өргөн барьсан ч огт хэлэлцээгүй. Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Баярцогтоор ахлуулсан ч үүргээ биелүүлээгүй. Одоо энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барихаар ажиллаж байгаа.
Орон нутгийн ИТХ-ын хууль ёсны шийдвэрийг Засгийн газар хүндэтгэж хүлээн зөвшөөрнө гэсэн гэрээний заалтыг АН биелүүлээгүй. Говьсүмбэр аймагт шүүхийн шийдвэрийн дагуу явуулсан хоёр удаагийн нөхөн сонгуульд МАН-ын дөрвөн нэр дэвшигч ялсан ч өнөөдрийг хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Тэгэхээр гэрээнд заагдсан ажлуудыг хэн хариуцаж байв, хэний хариуцаж байсан ажил хэрэгжээгүй вэ гэдэг нь тодорхой байна. Бид хамтрахдаа амаа үдүүлнэ гэж хамтраагүй, зөв зүйлийг нь дэмжиж, буруу зүйлийг нь засна гэсэн. УИХ-ын гишүүд хуулиар олгогдсон эрхээ УИХ-ын үйл ажиллагаанд оролцохдоо эдэлж, намын бүлэг үнэлэлт дүгнэлтээ өгч байсан гэж МАН-ын дарга М.Энхболд онцолсон юм.
Мөн тэрээр МАН засагт хамтарснаас хойш төрийн албан хаагчдыг халж сольсон гэх АН-ынхны мэдээлэлд хариу өгч, Төрийн албаны зөвлөлөөс гаргасан статистик мэдээг танилцууллаа. Тухайлбал, МАН-аас сайд томилогдсон Зам тээврийн яаманд 24, Барилга, хот байгуулалтын яаманд 28, Хөдөлмөрийн яаманд 48 хүн шинээр томилогдсон байна. Тэгвэл АН-ын гишүүн сайдтай байж байгаад дахиад АН-аас сайд томилогдсон Гадаад хэргийн яаманд 31, Аж үйлдвэрийн яаманд 33 хүн шинээр томилогджээ. МАХН-ын гишүүн сайдтай байж байгаад энэ намаас сайд томилогдсон Эрүүл мэнд, спортын яаманд 31 хүн өнгөрсөн найман сарын хугацаанд шинээр томилогдсон. Өнгөрсөн хугацаанд сайд нь солигдоогүй Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хүртэл 11 хүнийг шинээр авсан. Хөдөлмөрийн яам системээрээ үүрэг гүйцэтгэгч төрийн албан хаагчтай байсан алдааг сайд С.Чинзориг залруулсан. МАН-аас томилогдож ажилласан сайд нар хууль зөрчсөн, хамаатан саднаа томилсон зүйл байхгүй. Хууль бус томилгоо хийгдсэн гэсэн шүүхийн нэг ч шийдвэр байхгүйг онцлов.
МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ “Эцэст нь дүгнэхэд, АН хариуцлагагүй ажиллалаа. Хоёр тал гэрээг дүгнэж үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байсан. Гэвч АН хамтарч байгуулсан гэрээгээ үнэн бодитой байдлаар дүгнэхээс зайлсхийлээ. Хэрвээ дүгнэсэн бол энэ гэрээний өмнө хүлээсэн үүргээ АН биелүүлээгүй нь ил тод болох байсан учраас Гүйцэтгэх зөвлөлийн дүгнэлтээр цуцалсан” гэв. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд сүүлийн үед УИХ-ын гишүүдийн дэгээр олгогдсон үг хэлэх эрхийг хааж боодог болж. Чиний хэлсэн үг чинь надад таалагдахгүй байна гээд микрофоныг хаачихаж байна. Олон жил парламентад сонгогдсон туршлагатай гишүүдээ “уймраа” гэх мэтээр хочилж дээрэнгүй байдлаар ханддаг боллоо, үүнд ард түмэн ч дүгнэлт хийх биз ээ” гэлээ.
Ж.Мөнхбат: Бид нэг ч зүйлийг санаанаасаа зохиож яриагүй
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ “УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан дээр АН-ын бүлгийн гишүүдийн байр суурийг сонсч байхад орон нутагт МАН “Бид хамтдаа” аяныг зохион байгуулахдаа АН, Засгийн газрыг шүүмжилж бурууг бидэнд тохохыг оролдсон гэж ярьж байна лээ. Тэгэхээр үүнд үнэн бодитой мэдээллийг өгөх ёстой. МАН орон даяар “Бид хамтдаа” аяныг зохион байгуулж байгаа нь үнэн. Энэ аяныг зохион байгуулах хүрээнд аймаг, суманд очиж иргэдтэй уулзахад сонгогчид УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүдээс нэг зүйлийг асуудаг юм. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хямрал яагаад нүүрлэв, цалин тэтгэврээ яагаад тавьж чадахгүйд хүрэв, “Чингис”, “Самурай” бондын зарцуулалт юу болов, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 3.4 их наяд төгрөгийн үр дүн гарсан уу гэх мэтчилэн олон асуултыг иргэд сонгогчид тавьдаг юм. Үүнд иргэдтэй уулзалт хийж яваа УИХ, Засгийн газар болон намын удирдлагууд үнэн зөвөөр нь хариулсан. 2012 оны наймдугаар сарын 7-ны өдөр шинэчлэлийн гэх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаж ажилласнаас МАН хамтарсан шийдлийн Засгийн газарт орсон 2014 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засагт юу болсон бэ гэдгийг үнэнээр нь хэлж өгсөн. Бид нэг ч зүйлийг санаанаасаа зохиож яриагүй. Бодитой мэдээллийг тоо баримт, өдөр судартай нь хэлсэн” гэлээ.
С.Бямбацогт: “Алд биед ам гэрч, албан бичигт тамга гэрч” гэсэн үг бий
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийлэхдээ:
“Чуулганы хуралдаан дээр АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар бид МАН-тай гэрээгээ дүгнэсэн гэсэн ташаа мэдээлэл өгөөд байна лээ. Гэрээг бид бичгээр байгуулсан. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, гэрээгээр хүлээсэн үүргээ талууд зөрчвөл аль нэг нам нь дангаар цуцлахыг хориглоно гэж заасан. Гэтэл энэ гэрээг АН дангаараа цуцалж, огт дүгнээгүй. “Алд биед ам гэрч, албан бичигт тамга гэрч” гэсэн үг бий. Хэрвээ гэрээг дүгнэсэн бол албан ёсоор тэмдэглэл хөтөлж, гарын үсгээ зурж баталгаажуулах ёстой. Гэрээний талаар санал солилцох уулзалт хийсэн. Харин дүгнэхдээ албан ёсоор албан бичгээр бие биедээ хандах ёстой. Чуулганы хуралдаан дээр Ардын нам засагт хамтарна гэж орчихоод бүх юмыг гацааж шүүмжилсэн гэж АН-ын гишүүд ярьж байсан. Бид засагт хамтрахдаа хуульд нийцсэн монгол төрийн төлөө асуудалд дэмжлэг үзүүлнэ, бусад алдаатай буруу зүйлийг залруулна гэдгээ ил тод хэлж байсан. 2008 онд хамтарсан Засгийн газар байгуулах мөн гэрээ байгуулж ажилласан. Тэр үед АН-ынхан асуудалд зарчимтай хандахаас илүү төрийн ажлыг гацаах байдлаар хандаж байсныг сануулъя. Хамтарсан Засгийн газрын үед Ерөнхий сайд Сү.Батболдыг огцруулах асуудлыг З.Энхболд, Н.Батбаяр, Д.Ганхуяг тэргүүтэй гишүүд хоёр удаа хөндөж ярьсан. Уул уурхай, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг гурван удаа тавьсан. АН-ын гишүүн Т.Хасбаатар Ерөнхий сайд Сү.Батболдыг огцруулах асуудлаар есөн удаа хэвлэлийн хурал хийж байсан. Ж.Батзандан, О.Магнай тэргүүтэй хүмүүс С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрыг огцруулах гэж удаа дараа жагсал цуглаан хийж, тэр үед хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан сайд Х.Баттулга Ерөнхий сайдынхаа эсрэг томоохон нийтлэл бичиж байсан. Тэр ч бүү хэл биднийг хөөгөөгүй байхад АН гэрээгээ зөрчиж 2012 оны нэгдүгээр сард Засгийн газраас гарч байсан. АН ингэж л хамтарч байсан. Харин бид энэ найман сарын хугацаанд хамтрахдаа нэг ч удаа огцруулах асуудал хөндөөгүй. Аль нам нь асуудалд хариуцлагатай, тулхтай ханддагийг харьцуулж үзэх нь зөв. 2008-2012 онд АН-ын гаргаж байсан шиг ийм болчимгүй алхмуудыг бид хамтрах үедээ хийж байгаагүй” гэлээ.
Су.Батболд: Сөрөг хүчний байр суурийг АН дааж чаддаг байх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Су.Батболд “Хоёр намын зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд хэдэн үг хэлье. Намуудын хариуцлага гэж байх ёстой. Засгийн эрх барьж байгаа намууд гэрээ байгуулж ард түмний өмнө гарын үсэг зурж баталгаажуулсныгаа нэг хүний зан араншин, гомдлын үгээс болж цуцалдаг байж болохгүй. Ингэснээр улс төр, нийгэм, эдийн засгийн байдалд хор хохирол учруулдаг байдлыг дахин дахин гаргаж байгаа нь АН-ын төлөвшилгүй, фракцуудын тэмцэлд идэгдсэнийг харуулж байна. Нэг л хүний араншингаар фракц, олигархиудын улс төрийн тэмцлийн золиос болгож улс төрийг хямралд оруулж байгаа нь харамсалтай. Төрийн төвшинд байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангаж чадахгүй, дүгнэж чадахгүй байгаа нь аж ахуйн нэгж, иргэд хооронд байгуулж байгаа гэрээнд ямар үлгэр жишээ үзүүлж байгааг бодолцох нь зүйтэй. Цаашид АН дангаараа хариуцлагаа хүлээгээд явах байх. 26 гишүүний, парламентад хоёр дахь олон суудал авсан намын байр суурийг АН дааж чаддаг байх хэрэгтэй. Одоо МАН сөрөг хүчин гэж юу байдаг юм, ямар асуудлыг яаж шийдвэрлүүлэх нь бидний тоглолтоор явагдана. Үнэхээр сөрөг хүчний үйл ажиллагааг дааж ажиллах юм бол ажилласан шиг ажиллах хэрэгтэй. Хоёрын хооронд хор найруулж, фракцийн зөрчилдөө идэгдээд Монгол орныг бүр ангал руу битгий унагачихаасай билээ” гэв.