Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эх орны ногоог нийслэлд 28 цэгт борлуулна
Монгол Улсын Ерөнхий сайдыг Сэлэнгэ аймагт ажиллах үеэр ногоочид, тариаланчид хүнсний ногооны борлуулалт, ногоогоо хадгалах зоорийн асуудлыг шийдэж өгөхийг хүсч байсан. Тэгвэл өнөөдөр уг асуудал шийдлээ олж Засгийн газрын хуралдаанаар доорх шийдвэрийг гаргалаа.
Манай улс энэ онд 200 гаруй мянган тонн төмс, 100 гаруй мянган тонн хүнсний ногоо хураан авахаар тооцоолж байна. Гэтэл зоорийн нийт багтаамж 170 мянган тонн байгаа нь хураан авах ургацын тал хувийг л хадгалах боломжтой, үлдсэн 140 гаруй мянган тонн ургацыг шууд борлуулахаас аргагүй байдал үүсээд байгаа юм. Зоорьгүйгээс ногоочид ургацаа ялзруулж, эсвэл хөлдөөж алдагдал хүлээдэг бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд зун, намрын улиралд төмс, хүнсний ногооны борлуулалт агуулах, худалдааны төвийг нийслэлийн дүүргүүдэд байгуулах нь чухал. Тиймээс тариалан эрхлэгчид бүтээгдэхүүнээ борлуулахад зориулсан худалдааны төв, агуулахуудыг 7 дугаар сарын 30-ны дотор байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Ийнхүү энэ намар эх орны ногоог нийслэлийн 28 цэгт борлуулах бөгөөд ногооны павильон барих хөрөнгийг яамд гаргаж, дүүргүүд хариуцан барих боллоо.
“Их түмэн санаачилга” хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалтыг
Улаанбаатар хотноо зохион байгуулна
Дэлхийн худалдаа, санхүүгийн зах зээлд гишүүн орнуудаа идэвхтэй оролцоход дэмжлэг үзүүлдэг Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм болох “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалтыг ирэх 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тов тогтоолоо. Энэ хөтөлбөрийн хүрээнд бүс дамнасан тээврийн коридоруудын нэгдсэн дэд бүтэц, хил нэвтрүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх судалгаа, олон чиглэлийн аялал жуулчлалын багц төсөл, худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаанууд хэрэгждэг.
Хөтөлбөрийн гишүүн орнууд жил бүр ээлжлэн Даргалагч орноор томилогддог бөгөөд энэ жил манай улс сонгогдсон тул “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн 14 дүгээр зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах үүрэг хүлээсэн юм. Уулзалтад гишүүн орнууд болох БНХАУ, ОХУ, БНСУ болон НҮБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй байна. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн эрх зүйн статусыг тохиролцож, төслүүдийн хэрэгжилтэд үнэлэлт өгч, 2014 оны төсөв, төлөвлөгөө болон цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэж батална.
Дэлхийн шилдэг сургуулиудад төрийн дэмжлэгээр боловсрол эзэмших боломж улам нээлттэй боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан сургах тухай” 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаар зарлигаараа иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах шалгуур нөхцлийн талаар Засгийн газарт чиглэл өгсөн билээ. Зарлиг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журмыг шинэчлэн баталлаа.
Шинэчилсэн журамд хэд хэдэн онцлог зохицуулалт оруулсан байна. Ямар сургуулиуд хамрагдахыг тодорхой зааж өгснөөс гадна тухайн жилд суралцуулах хүний тоог жил бүрийн 2 дугаар сард багтаан, мэргэжлийн чиглэлийг өмнөх оны эхний хагас жилд багтаан тогтоож байхаар нарийвчлан журамлалаа. Түүнчлэн, дэлхийн шилдэг сургуулиудын эхний 20-д багтсан их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцагчид мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр, 21-100-д багтсан сургуулиудын бакалаврын хөтөлбөрт хамрагдагсдад Засгийн газраас зарласан мэргэжлийн чиглэл харгалзан сургалтын зээлолгоно. Зээлд сургалтын төлбөр, амьжиргааны зардал багтах бөгөөд зээлдэгч сургууль, мэргэжлээ соливол гэрээг цуцална. Мөн оюутны улирлын голч дүн 2.0-оос дээш байвал дараа улирлын санхүүжилтыг олгоно.
Шинэ журмыг мөрдсөнөөр дэлхийн шилдэг их сургуульд суралцахад улсын, олон улсын олимпиадад байр эзэлсэн зэрэг ямар нэг урьдчилсан болзолгүйгээр сургалтын зээлд хамрагдах боломж нээгдэж байна.
ТОВЧХОН:
- – “Шинэ төмөр зам” төслийн ажлын явцын талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Тус төсөлд херөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлсэн боломжит хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр Ажлын хэсэгт өгсөн удирдамжийн дагуу үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд “Монголын төмер зам” ТӨХК эхний ээлжинд Англи улсад бүртгэлтэй “Евроазия финанс”, “Ашмор” групптэй, Монгол Улсад бүртгэлтэй “Энержи Ресурс” болон “Энержи Ресурс Рейл” компаниудтай тус тус Санамж бичиг байгуулжээ.
- – Монгол Улс, Их Британи умард Ирландын нэгдсэн вант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Үлгэр жишээ үлээвэр найрам хөгжим, Цэргийн дуу бүжгийн чуулгын бие бүрэлдэхүүнийг “Рояль Эдинбүрг Милитари Таттүү” олон улсын цэргийн хөгжмийн наадамд оролцуулахад шаардагдах 265 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Дэлхийн цэргийн хөгжимчдийн хамгийн том гэгдэх тус наадмыг 300 мянган хүн биечлэн, 400 сая хүн телевизээр үзэхээс гадна олон орны хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд сурвалжилж, баримтат кино, зураг дүрс хадгалагдан үлддэг байна. Манай улс анх удаа оролцох энэ жилийн наадам 7 дугаар сарын 26-наас эхлэн бүтэн сарын турш үргэлжилнэ.
- – Гамшиг тохиолдсон үед төрийн үйлчилгээг малчид, иргэдэд цаг алдалгүй хүргэх, аюулгүй байдлыг хангах шуурхай албаны нөхцөлийг сайжруулахаар аймаг, сумдад автомашин олгох тоохуваарийг баталж аймаг, орон нутагт яаралтай олгохыг Шадар сайдад даалгалаа.
- – Энэ сарын 29-30-ны өдрүүдэд Жакарта хотод болох Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг баталлаа. Эрчим хүчний дэд сайд бөгөөд тускомиссын Монголын хэсгийн дарга Д.Доржпүрэвээр ахлуулсан төлөөлөгчид хуралдаанд оролцож, хоёр орны хамтын ажиллагааны шинэ салбар, боломжийг тодорхойлж, протоколд гарын үсэг зурна. Мөн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тус бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхитэй оролцох бодлогын хүрээнд АПЕК-т гишүүнээр элсэх, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн Дээд түвшний уулзалтад оролцох зорилтуудыг танилцуулж, Индонезийн талын дэмжлэг авах чиглэлээр ажиллана.
- – Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2013 оны 8 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд хийх ажлын айлчлалын удирдамжийг батлав. Айлчлалын үеэр Ч.Сайханбилэг сайд Хонконгийн Сангийн нарийн бичгийн дарга, Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга, Худалдаа, эдийн засгийн хөгжлийн байнгын нарийн бичгийн дарга болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Ёслолын албаны даргатай тус тус уулзаж, Хөрөнгийн бирж, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Худалдаа, хөгжлийн зөвлөлөөр зочилно. Мөн Монгол, Хонконгийн иргэд харилцан 14 хоног визгүй зорчиж байгааг 30 хоног болгох талаар ярилцана.
- – Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын 2013 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 4-ний өдрүүдэд Япон улсад хийх ажлын айлчлалын удирдамжийг батлав. Айлчлалын үеэр хоёр орны харилцааг Стратегийн түншлэлийн хэмжээнд хегжүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ярилцах, хоёр талын болон яам хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох, Монгол Улсад ипотекийн зах зээл хөгжүүлэхэд дэмжлэг авах боломжийн талаар хэлэлцэх, Япон улстай техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан тохиролцсон төслүүд дээр хөнгөлөлттэй зээл авах зэрэг асуудлаар санал солилцохоор тусгагджээ.
- – Монгол Улсын Засгийн газар, Холбооны бүгд найрамдах Бразил улсын Засгийн газар хооронд спортын салбарт хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг баталж, түүнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатарт олгохоор тогтлоо. Воллейбол, сагсан бөмбөг, тулааны урлаг зэрэг багийн спортын төрлүүд давуутай хөгжсөн тус улс 2016 онд Зуны XXXI Олимпийн наадам зохион байгуулна. Спортын шинжлэх ухаан, техникийн хөгжил, спортын барилга байгууламж, спортын анагаах ухаан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт, спортын аялал жуулчлал, нийтийн биеийн тамир, дасгалжуулагч, тамирчид бэлтгэх, хамтарсан бэлтгэл сургуулилт хийх, зуны олимпийн XXXI наадамд оролцох Монголын баг тамирчдынбэлтгэл хангах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар төсөлд тусгажээ.
- – Хан-Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг бие даасан бүтэцтэйгээр байгуулахаар шийдвэрлэлээ. Хан-Хэнтийн дархан цаазат газар нь Монгол орны 3 аймгийн 9 сумын нутаг хамарсан 1.8 саяга-г эзэлдэг том талбайтай, нөгөө талаас энэ бүсэд газрын нөөц даацад суурилсан хамгаалалт болон аялал жуучлалын бодлого шинээр боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн тул хамгаалалтын захиргааг бие даалган байгуулах шаардлага тулгарчээ.
- – Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрүүд болон түүний санхүүжилтийн хэмжээг баталлаа. Дээрх үйлдвэрүүдэд 50 сая ам.долларын санхүүжилтийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан энэ онд олгоно. Мөн сая байгуулагдсан Төрийн орон сууцны корпорацийн үйл ажиллагааг эхлүүлэх, орон сууцны барилга барихад 100 сая ам.доллар, МИАТ ТӨХК-д Боинг 767-300ER агаарын хөлөг худалдаж авахад банктай байгуулсан зээлийн гэрээний 25 сая ам.долларыг Чингис бондын хөрөнгөөс санхүүжүүлэхээр тогтлоо.
- – Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн барих 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцын төсөлд төрөөс олгох санхүүжилтийг давуу эрхийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй зээл хэлбэрээр олгохоор тогтоолоо. Хөрвөх давуу эрхийн хувьцаа нь компанийн гаргасан нийт хувьцааны 1/3-ээс хэтрэхгүй байх юм.
- – Увс, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн төвүүдэд шинээр барьж байгаа дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааг 2013 оны 9-12 дугаар сард багтаан байгуулж ажиллуулахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд даалгалаа.
- – Өнгөрөгч 6 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Дэлхийн Байгаль орчны өдрийг Монголд тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайлантай танилцаад байгаль орчны чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа өөрийн орны жишээн дээр дэлхий нийтэд сурталчлан танилцуулсны дээр олон улсаас дэмжлэг туслалцаа авах, уул уурхай зэрэг эдийн засгийн томоохон салбаруудаа ногоон эдийн засагт шилжүүлэхэд чухал ач холбогдол өгсөн гэж дүгнэлээ.
- – Баян-Өлгий аймгийн Сагсай суманд олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин өнгөрсөн сарын 18-ны өдөр гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. Улсын онцгой комиссын Ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
- – Зуны улиралд байгууллагуудын албан тасалгаанд ажилладаг агааржуулагч, сэрүүцүүлэгч тоног төхөөрөмжийн хэрэгцээг багасгах, цахилгааны хэрэглээг бууруулах эорилгоор дэвшүүлж байгаа “Сэрүүн орчин” санаачилгын талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Санаачилгыг зарчмын хувьд дэмжиж, зуны улиралд төрийн ёслол хүндэтгэл, дипломат зэрэг зайлшгүй шаардлагатай арга хэмжээнээс бусад үед төрийн байгууллагын албан хаагчид ажилдаа пиджак, зангиагүй албаны хувцас өмсөж байхыг зөвшөөрөв.
- – Сэлэнгэ аймгийн Түшиг суманд 7 дугаар сарын 4-ний өдөр болсон байгалийн аюулт үзэгдлийн улмаас цахилгаан эрчим хүч, төрийн өмчийн барилга байгууламж болон бусад учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох зардалд зориулан Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахаар шийдвэрлэж, тайланг Улсын онцгой комисст III улиралд багтаан танилцуулахыг Сэлэнгэ аймгийн Засагдарга С.Бүрэнбатад даалгалаа.
- – Засгийн газар, яам агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар,төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэх мэт төрийн бүх шатны байгууллагын ажилтнууд төсвийн болон байгууллагынхаа зардлаар гадаад улсад албан томилолтоор агаарын тээврийн компаниар зорчих тохиолдолд “МИАТ” ТӨХК-ийн нислэгээр зорчиж байхыг үүрэг болголоо.
- – Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийг оновчтой тодорхойлох зорилгоор өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа хийхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгалаа.
- – Төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын зарим байгууллагыг шинээр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Хууль сахиулахын их сургуулийн бүрэлдэхүүн “Ахлагчийн сургууль”, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Мэргэжпийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг шинээр байгуулах бол Монгол-Солонгосын политехник коллежийн Төв аймгийн Баянчандмань суман дахь салбар сургуулийг энэ оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн бие даасан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болгон өөрчлөн зохион байгуулна.
- – Өвөл, хаврын цаг агаарын хүндрэлээс сэргийлэх арга хэмжээнүүдийг төлөвлөгөө гарган зохион байгуулж, тайлагнахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо. Өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдуулан жил бүр хийдэг тогтмол арга хэмжээнүүдээс гадна малчин өрх бүрт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн гэрчилгээ, тэмдэг олгох ажлыг энэ сард багтаан дуусгаж, малчдын бэлтгэсэн хонь, тэмээний ноос, арьс ширэнд урамшуулал олгох нөхцөл бүрдүүлэх даалгаврыг орон нутгийн удирдлагуудад нэмж өгсөн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.