Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж Өршөөлийн тухай хуульд хамрагдан хорих ангиас суллагдах иргэдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн ажилд зуучлахаар боллоо.
2015 оны 8 дугаар сарын 11-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар “Өршөөлийн тухай хууль”-ийг хаалттай дэгээр хэлэлцэж баталсан. Уг хуулиар 3000 гаруй хоригдол суллагдах бөгөөд үүний дийлэнх нь залуучууд байгаа юм.
Сүүлийн жилүүдэд хорих ангид ял эдэлж буй хүмүүст нийгэмд хамгийн их хэрэгцээтэй байгаа цахилгаанчин, гагнуурчин, шаварчин, өрлөгчин, барилгын засал чимэглэгч гэх мэт маш олон мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулдаг болсон. Гэвч тэд мэргэжил эзэмшээд суллагдсаны дараагаар хөдөлмөр эрхлэх, ажлын байрны тал дээр бэрхшээл тулгардаг.
Тиймээс Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржээс уг залуучуудыг ажил хөдөлмөр эрхлэхэд нь туслах, чиглүүлэх зорилгоор “Хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх” сургалтыг зохион байгуулж ажил олгогчдын санал болгосон ажлын байранд зуучлах үйл ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.
2015.08.13-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 405, 429 дүгээр ангиудаас “Өршөөлийн тухай хууль”-д хамрагдан суллагдах иргэдэд сургалт зохион байгуулж, нээлттэй ажлын байранд зуучлах юм байна.