Шүүгч Г.Ганбаатар: Иргэдийн төлөөлөгчийн ач холбогдлыг өргөнөөр харах нь чухал

1439426056_800Шүүх дэх иргэдээр овоглосон төлөөллийн оролцоог идэвхжүүлж, эрх зүйн байдалд нь анхаарал хандуулж, тэдний “дуу хоолой”-г сонсох нь шүүхийн шинэтгэлийн зайлшгүй хөндөх сэдэв. Нийгмийн идэвх мэдрэмж өндөртэй, зохих түвшний эрх зүйн мэдлэг мэдээлэлтэй, “часхийсэн” иргэдийн төлөөлөгчид шүүхэд нэн шаардлагатай. Харамсалтай нь иргэний үүргээ ухамсарлаж, шүүхэд хүндэтгэл дүүрэн ирэхээсээ илүү айж эмээх, шүүхэд эрэл хайгуулын ажил нэмчихдэг хүмүүс ч байсаар байна. Тиймээс иргэдийн төлөөлөгчдийг хэрхэн чанаржуулах талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатартай ярилцлаа.

Иргэдийн төлөөлөгчийн одоогийн эрх зүйн байдлыг хэр хангалттай түвшинд байна гэж шүүгчийн зүгээс та тодорхойлж байна вэ?

– Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал Шинэ үндсэн хуульд “Шүүх хамтын зарчмаар шийдвэрлэхдээ иргэдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэсэн ерөнхий зохицуулалттай, бие даасан хуульгүй байсныг 2012 оны 5 сарын 22-ны өдөр батлагдсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар нарийвчлан зохицуулж өгсөн. Энэ хуулийн “Иргэдийн төлөөлөгч шүүн таслах ажиллагаанд таслах эрхтэйгээр оролцох..” гэдгийг Үндсэн хуулийн цэц түдгэлзүүлснээс бусад нь зохих хэмжээгээр хэрэгжиж байгаа. Цэцийн энэхүү шийдвэрийн талаар иргэд, судлаачдын байр суурь янз бүр байдаг. Одоогоор Үндсэн хуулийн цэц түдгэлзүүлсэн учраас миний хувьд зөв, буруу гээд ярих нь учир дутагдалтай. Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай шинэчилсэн төсөлд өмнөх хуулийн зарим зүйлийг нэмж тодотгон боловсронгуй болгох, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авсан эсэх үндэслэлээ шүүхийн шийдвэртээ заах зэрэг шинэлэг зохицуулалтууд орсныг онцлох нь зүйтэй.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн ач холбогдол, үнэ цэнэ чухам юу вэ?

– Иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулж байгаа нь шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангахаас гадна шүүн таслах ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгож өгч байгаа юм. Цаашлаад иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулах нь хуулиа сурталчлах төрийн бодлогын арга хэлбэр ч гэж үзэж болох юм. Тэгэхээр иргэдийн төлөөлөгчийн ач холбогдлыг шүүхийн ил тод, нээлттэй байдал гэхээс илүү өргөн хүрээнд харах нь зайлшгүй чухал. Ялангуяа шинэ хуулиар иргэн нэг удаа л шүүх хуралд оролцоно гэж заасан. Өмнөх нийгмийн үед засаг захиргааны нэгжээс сонгон баталсан, тодорхой тооны ардын төлөөлөгчид дарааллаараа шүүх хуралдаанд оролцдог байсан бол шинэ хуулиар иргэдийн төлөөлөгчийн сонгон шалгаруулалт зохих программын дагуу нууцлалтайгаар явагддаг болсон нь хараат бус байдлынх нь дэвшилтэй тал болсон. Мэдээж иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож байгаа хүмүүсийн эрх зүйн мэдлэг харилцан адилгүй байдаг. Одоогоор иргэдийн төлөөлөгчийн хуулиар олгогдсон эрх хэмжээ нь эрүүгийн хэргийн шүүх хуралд гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхэд дүгнэлт гаргаж өгдөг. Үүний тулд хэргийн материалтай танилцаж, шүүх хуралд тасралтгүй сууж, нотлох баримтын хүрээнд шүүгдэгч, оролцогч талуудад асуулт тавих эрхтэй. Ингэж дүгнэлт гаргаж байгааг хэлбэрийн төдий байна гэж зарим хүмүүс шүүмжилдэг л дээ. Нэг талаас дүгнэлт гаргаж байгаагаараа шүүх түүнийг харгалзах үндэслэл болно. Нөгөө талаар дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй эсэх, шүүх харгалздаг эсэхийг шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгтээ заавал бичих тухай шинэчлэл шинэ хуулийн төсөлд яригдаж байгаа юм билээ.

Шүүхээс дуудахад иргэний үүргээ ухамсарлаад ирж байгаа идэвх нь хэр байдаг вэ?

– Сайнгүй байгаа. Шүүхийн захиргаа, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд хамтран ажиллаж хуулийг нь сайн сурталчлах, урамшууллыг нь тодорхой хэмжээгээр ахиулахад анхаарах хэрэгтэй болов уу. Шүүхээс иргэдийн төлөөлөгчөөр дуудахад ирэхгүй бол торгох, хууль зөрчлийн шинж байдлыг харгалзаад баривчлах шийтгэл оногдуулах зохицуулалт хуульд тодорхой бий.

Иргэдийн төлөөлөгчдийг тусгайлан чанартай бэлтгэх шаардлага хэр ажиглагддаг вэ?

– Шаардлагатай. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санаачлаад сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд ямар чиглэлээр хэрхэн, яаж сургахыг хариуцаж ажиллаж байгаа. Иргэд шүүх хуралд оролцсоноороо практикт хууль хэрхэн хэрэгжиж байгаатай танилцаж эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, түүгээр дамжуулаад ойр дотныхон гэр бүл, найз нөхөддөө хуульд заасан нууцыг задруулахгүйгээр ийм төрлийн гэмт хэрэгт ийм ял өгдөг юм байна гэхчилэн шүүхийн талаар эрх зүйн мэдлэгт нь дөхөм болох бодит мэдээлэл өгөх, сурталчлах боломжтой. “Мянга сонсохоор нэг үз” гэгчээр шүүх хурал хэрхэн явагдаж, улсын яллагч, өмгөөлөгч ямар үүрэгтэй оролцдогийг иргэн өөрийн биеэр үзэж, дүгнэлт хийх боломж олгогддог.

Өмгөөлөгчдийн зүгээс иргэдийн төлөөлөгчдийг зарим тохиолдолд “шүүхийн хүн” гэж шүүмжлэх тал бий. Чанаржуулахын тулд нас, сэтгэц, эрүүл мэнд, ёс суртахуун талаас нарийн шалгуур байх ёстой юу?

– Шүүх хуралд оролцоод сандарч тэвдэх, хэвийн байдлаа алдах тохиолдлууд ажиглагддаг. Тиймээс хуулиар олгогдож байгаа эрх үүргийг тайлбарлаж, сэтгэл зүйн талаас бэлтгэж, анхан шатны мэдлэг мэдээлэл олгох сургалтанд хамруулвал илүү чанаржина. Насны хувьд хуульд 25 наснаас дээш эрх зүйн чадамжтай гэж заасан байгаа. Зарим талаар шүүхийг хардах, шүүмжлэх нь нээлттэй. Байж болох асуудал. Үүнд эмзэглэх юм байхгүй.

Шүүхийн өмнө зогсож байгаа иргэдийн нүднээс та хэр итгэл үнэмшил олж хардаг вэ?

– Шүүхэд хандаж байгаа иргэдийн итгэл улам бүр дээшилсэн гэж үздэг. Зохих эрх зүйн мэдлэгтэй шүүхэд ирээд, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чадаж байна. Шүүх эрхийг минь хамгаалах баталгаа гэсэн итгэл үнэмшилтэй орж ирж байгаа нь харагддаг.

Ярилцсанд баярлалаа.

Ш.Отгонцэцэг

Санал болгох мэдээ

УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …