Дашчоймпэл дацангийн дархан их гэсгүй, гавж Сандагийн Гончиг жанч халлаа

11874100_840895922674152_1629630311_n

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Чойрын гүн ухааны Дашчоймпэл дацангийн дархан их гэсгүй, гавж Сандагийн Сүрьяа (сахилын нэр нь Гончиг) ламтан 2015 оны наймдугаар сарын 13-нд 106 насандаа жанч халлаа.

С.Гончиг гавж Монголын ард түмний олон зуун жил сүсэглэн залбирч, бишрэн шүтэж ирсэн бурханы шашины соёл, зан заншил, дэг жаяг, өв уламжлалыг ирээдүй хойч үе залуу лам хуврагууддаа өвлүүлэн үлдээх, дагаж мөрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шашин номын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч байсан юм.

С.Гончиг 1909 онд Засагт-Хан аймгийн Цэцэн Сартуул хошуу, одоогийн Завхан аймгийн Цэцэн-Уул сумын нутаг Цэцэн Хайрхан уулын Модот ам гэдэг газарт малчин ард Сандагийн хоёр дахь хүү болон төржээ.

Бага насаа эцэг эхийн гар дээр мал маллан өнгөрүүлж, аав Сандагаар төвд, уйгаржин монгол бичиг заалгаж сурсан бөгөөд 5 настайдаа Цэцэн Сартуул хошууны Тэгшийн хүрээний Гэндэнпэлжээлин буюу Норвүлэгбалин хийдэд шавилан сууж ах лам Гэндэнгийн дэргэд бурханы ном үзэж сахил хүртэн, их бага уншлага дүүргэжээ.

Улмаар бурханы шашны судар, дандарын номын ёсонд суралцан, олон бурхдын бясалгал бүтээлийг үйлдэн, дээдийн номын авшигийг хүртээд 1924 онд Нийслэл Хүрээнд ирж Дашчойнпэл дацанд шавилан сууж байгаад 1937 оны тухайн үеийн цаг төрийн байдлаас шалтгаалан их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд түр завсарлаад 1950 онд өөрийн хүсэлтээр өргөдөл гарган дахин Гандантэгчинлэн хийдийн лам болжээ.

Багш маань Буддын цанид, чойрын гүн ухааны номыг шургуу үзэж, бурханы шашны таван ухааны ном эрдэмд шамдан суралцаж домын дамжаа барьж гэвш, улмаар гавжийн дамжаа барьж эдүгээ хүртэл олон жил хайлангийн хуралд морилон хурсан ач буянтай лам хуврага байлаа.

С.Гончиг лам 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хөдөлгөөнийг чин сэтгэлээсээ талархан дэмжиж, хувиасаа Монголын ардчилсан холбоонд хандив өргөсөн анхны хувраг хүн байсаныг МоАХ-ны ерөнхий зохицуулагч С.Зориг баталгаажуулан талархсан баримт үлдээж байжээ.

Тэрээр тухайн үеийн Гандантэгчинлэн хийдийн хамба лам асан Данигай гуайн хүсэлтээр Дашчоймпэл дацанг сэргээн, шинээр барихад оролцож, хувийн хөрөнгөөр 300 гаруй бурхадыг бүтээн залж, бурхан тахилыг бүрдүүлж, жавдан олбог дэвсгэрийг хийлгэж өгчээ.

С.Гончиг гавж өөрийн санаачлагаар Буддын гүн ухааны гэвш цол хамгаалах эрдмийн үйл ажиллагааг явуулдаг Домын өргөөг дотор тавилга тохижилтын хамт иж бүрэн, мөн гэвшийн дамжааны үеийн нэгэн гол уламжлалт зан үйл Лянхын хуралд зориулж найман ханатай бүрэн тавилгатай гэр барьж өгсөн байна.

Гандантэгчинлэн хийдийн бурханч ламаар ажиллах хугацаандаа хийдийн гол шүтээн бурхадыг орон нутгаас залж, мөн Гэсэр сүм, Амарбаясгалант болон Эрдэнэзуу хийдийн хурал номыг сэргээхэд биечлэн оролцож, өөрийн хувь хөрөнгөөс нэмэр хандив оруулж байжээ.

Ач буянаа харамгүй хайрладаг багш маань Энэтхэг, Төвдөд алдаршсан Сартуулын Хорол цорж багшийнхаа захиасыг биелүүлэх зорилгоор өөрийн шавь нар, Завхан аймгийн болон Цэцэн-Уул сумын нутгийн ард олон сүсэгтэнүүд, ах дүү төрөл садан нарынхаа хамт Цэцэн Сартуул хошууны Тэгшийн хүрээний Гэндэнпэлжээлин буюу Норвүлэгбалин хийдийг хуучин байсан тэр янзаар нь сэргээн босгох чин санаа өвөрлөн зүтгэж, нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө гарган Завхан аймгийн Цэцэн-Уул сумын төвд орших Тэгшийн хүрээний туурин дээр Цогт цагийн хүрдэн сүм, Майдар бурханы сүм, Гурван цагийн бурханы сүм, Чойрын дацан, 5 метр өндөр Мандшир бурхан, болон Бурхан багш мөн дүнчүүр маанийн хүрд, Бурханы чодон буюу 8 суварга зэргийг бүтээн босгосон байна.

Дээрхи дацан, сүмүүдэд Шамбалын хаан буюу Рэгдэндагва бурхан, 3 метр өндөртэй Дүйнхэр бурхан, 2.5 метр өндөр Майдар бурханыг 2 шавынх нь  хамт, Дүйсүмсанжаа буюу 3 цагийн бурхад болох Одсүрэн бурхан, Бурхан багш, Майдар бурхан, Хорло цорж ламын 6 дугаар дүрийн гүнда буюу сэрэг дүр, Гонгор бурхан, 108 Аюуш бурхан, Өндөр гэгээн, Гомбо бурхан зэргийг бүтээн залж ёс жаягийнх нь дагуу ёнзог буюу эрдэм төгс бүрдүүлэн аравнайлж, сүсэгтэн түмэн олны хүртээл болгожээ.

С.Гончиг гавжийн Монголын бурханы шашин, өв соёлд оруулсан гавъяа зүтгэлийг өндрөөр үнэлж Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор шагнасан байна. Багш таныхаа олон шавь нараа дээдийн зам мөрд хөтлөн оруулж, цаглашгүй их буяныг хураалгах ариун үйлсийг тань шавь бид нар нь сүслэн дээдэлж залбирч явах болно.

Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан цаг үргэлжид амгалан жаргалан эдэлж, Багштайгаа төрөл тутамдаа хагацалгүй хамт учрах болтугай.

Ум ма ни бад мэ хум

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд,
Дашчоймпэл дацан, Тэгшийн хүрээний Норвүлэгбалин хийд,
Алтан жолоо групп, шавь нар

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …