Хүн болж төрнө гэдэг атга будааг зүүний үзүүрт асгахад тогтож үлддэг ширхэг будаатай адилхан гэж Монголчууд ярьдаг. Гэвч хүмүүн заяаг олоод төрсөн боловч амьдралын эрхээр хүн бүр адил тэгш хувь заяатай байддаггүй нь харамсалтай. Хоногийн хоол, талхны мөнгөө олохын тулд үүрийн таван жингээр босож, үдшийн бүрий болтол хөдөлмөрлөөд дөнгөн данган амьдралаа залгуулж яваа нэгэн байхад өдөрт хэдэн сая төгрөгийг хоол хүнс, хувцас хунар, гоо сайхан, унаа машиндаа зарцуулдаг нэгэн бас байх.
Гэхдээ л хүн бүр нэг л зүйлээрээ адилхан. Бид бүгд энэ хорвоод ирээд буцдаг жамтай. Хорвоо дээр хүн 100 жил амьдарч 100 насыг наслана гэвэл бид 36500 өдөр л амьдардаг. Харин Монголчууд бидний дундаж насыг 70 гэж бодоход ердөө л 25000 гаруй өдөр л энэ хорвоод үдлээд буцдаг. Тэгсэн атлаа хүмүүс бид энэ бүхнийг анзаарах сөхөөгүй үүрд мөнх амьдрах юм шиг алдар нэр, хөрөнгө мөнгө, ажил албан тушаалын төлөө “үхэн хатан” тэмцдэг.
Энэ тэмцлийн явцад заримдаа бид “хүн чанар”- аа гээж, хүн хүндээ дайсан болох тохиолдол бий. Хааяа ч гэсэн орчлонгийн жамыг ухаарах нь элдэв амбици, эцэс төгсгөлгүй улайран зүтгэх хөрөнгө мөнгөний мөн чанарыг таньд таниулах болно.
Хэрвээ энэ хорвоо дээр буян гэж байдаг бол тэр нь хүн хүндээ туслах явдал гэж би ойлгодог. Тэр тусмаа цөөхөн Монголчууд бид амьдралын эрхээр гандуу гундуухан яваа ч зөв бодол, эерэг эрмэлзлэлтэй нэгэндээ туслах нь хамгаас том буян бизээ.
Суурин иргэншилийн нөхцөлд нийгмээс шахагдсан “архичид”, хүмүүсийн тооноос хасагдсан гуйлгачинтай өдөр бүр таарсаар заримдаа бид түүнийг байх ёстой хэвийн үзэгдэл мэт ойлгодог боллоо. “Бөбөчид” гэж нэрлэгдэх шил лааз түүн архи уудаг хүмүүсийг энд тэнд “тасраад” унасан байхад дээгүүр нь алхах нь холгүй явдаг нь байдал бидний дунд гэм биш зан болжээ. Гэвч ийм хүмүүсийг ч гэсэн засаж залруулаад ажил хөдөлмөр эрхлүүлэн, уудаг архинаас нь холтгож болдог гэдгийг “Зөв Амьдрах Ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн хийсэн ажлууд нотлодог.
Төр засаг нь иргэдээ “архичин, гуйлгачин” гээд “шоовдорлоод” зөнд нь орхисон атал Төрийн бус байгууллынхан тэднийг хүн гэж “ойлгоод” засаж залруулаад өөд нь татаад явж байгаа дээрх жишээг та бүхэн мэдэх байх.
Гэтэл ийм хүмүүсээс өөр ажил хөдөлмөр эрхлээд амьдрал ахуйдаа нэмэр болохыг хичээж байгаа ч хөдөө орон нутгаас шилжиж ирсэн, мэргэжил боловсрол эзэмшээгүй, гэр орон байхгүйн эрхээр орцноос орц дамжин жижүүр хийж яваа хүмүүс бас байна.
9 сарын 1-ний өдөр сургуульд суралцах насны бяцхан охин бүтэн өдөржин гадаа самар зарахыг хараад өрөвдөх сэтгэлийн эрхээр Зулаа охинд туслах санаатай түүнтэй ярилцсан ярилцлага маань манай сайтаар дамжин олон нийтэд хүрч сайн санаатай хүмүүсийн дэмжлэгээр Зулаа охин хичээлийн хэрэгсэл, хувцас формтой болж, даваа гаригаас 4-р сургуулийн 1-р ангид элсэн суралцахаар болжээ. Энэ дашрамд түүнийг сургуульд оруулж өгсөн сайхан сэтгэлт эгчид таларснаа идэрхийлье.
Гэвч Зулаа охиныг сургуульд орлоо гээд бид баярлах хараахан болоогүй байна. Бяцхан охин аав ээж, настай дүү охинтойгоо 13-р хороололын нэг байрны гражны манаач хийдэг юм байна. Түүний амьдардаг орчин нь байрны доорх хонгилийн гражны буланг тусгаарласан 2х2 м2-аас хэтрэхээргүй жижигхэн “байр” ажээ. Зулаа охины аав нь самарт явсан бол, ээж нь гарашаа “манаж гэртээ” үлдэхээс өөр аргагүй. Дээр нь энэ гражны манаачийн ажлаа чөлөөлж өгөөрэй гэж тухайн байрны СӨХ-өөс Зулаа охины ээжид хэлсэн гэнэ. Аав нь самаранд яваад ирээгүй байгаа энэ цаг үед Зулаа охин ээж, дүүгийн хамтаар хаана очихоо мэдэхгүй ёстой нөгөө “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдэг хүнд хэцүү нөхцөл байдалд ороод байгаа юм байна.
Гэсэн ч Зулаа охин хүүхдийн гэнэн цайлган сэтгэлээр сургуульд явна гээд бөөн баяр хөөр байгаа юм билээ. Ээж нь түүнийг сургуульд хүргэж өгч, авч чадахгүйн улмаас түүнийг сургуульд оруулж, хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэм хувцас авч өгсөн эгч нэг хэсэгтээ Зулаа охиныг сургууль гэрийн хооронд ажлынхаа зай завсараас зөөж байхаар ээжтэй нь тохиролцсон гэдэг сайн мэдээг сонслоо.
Хар багаасаа ээж аавдаа туслаж, самар заран амьдрал ахуйдаа хувь нэмэр болохыг хичээж байгаа Зулаа охин цаана л нэг сэргэлэн, нүд нь цовоо цолгиун.
Монголчууд бид “олны хүч оломгүй далай” гэж ярьдаг. Бүгдээрээ буян санан, сэтгэл гарган Монголын ирээдүй болсон энэ бяцхан охины амьдралд тус нэмэр болж, түүний гэр бүлийг амьдрах орон гэртэй, аав ээжийг нь эрхлэх ажилтай болгоод өгчихвөл юутай сайхан вэ?
Хүн хүнээрээ л дутах энэ хорвоод Монголын нэг ч гэсэн гэр бүлийн амьдралыг сайн сайхан замд хөтлөөд оруулчих юмсан гэсэн бодол маань намайг зүгээр суулгахгүй үзэг цаас ийн нийлүүлэхэд хүргэж байна.
Зулаа охины ээж зөв бодолтой, хөдөлмөрч хүн санагдсан тул бүгдээрээ хамтраад чадах зүйлээрээ тэдний гэр бүлд туслах аян өрнүүлээд ажиллавал ямар вэ?
Хэрвээ та Зулаа охинд болон түүний гэр бүлд туслах аянд оролцохыг хүсвэл түүнд анх тусламжийн гараа сунган, сургуульд оруулж өгсөн В.Лхагвасүрэн эгч рүү та бүхэн 9907-6569 утсаар холбогдож мэдээлэл аваарай.
Бид Лхагваа эгчээр дамжуулан Зулаа охины гэр бүл рүү чиглэсэн та бүхний сэтгэлийн хандив, буяны өглөгийг түр төвлөрүүлэхээр боллоо. В.Лхагвасүрэн эгч маань жирийн л нэг төрийн албан хаагч, түүнд би энэ хүсэлтийг тавихад элдэв хэл аманд өртөх бий хэмээн эхэндээ зааргалж байсан ч охины тусын тулд гээд зөвшөөрсөн юм.
Буян гэж хэрвээ байдаг бол гагцхүү тэр нь хүн хүндээ туслахад байдаг буй за…
Ц.Мөнхбаатар