Саяхан олон нийтийн цахим сүлжээгээр нийслэлээс зохион байгуулсан Даншиг наадам болон Алдрын од үйл ажиллагааг сурвалжлахад сэтгүүлчдэд мөнгө тараасан талаар гарын үсэг бүхий баримт дэлгэгдсэн. Энэ талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдээс МСНЭ-д гомдол гаргасан байна. Мөн сүүлийн үед хэн дуртай нь МСНЭ-ийн нэрийг барьж үйл ажиллагаа явуулах, ашиг хонжоо хайх болсон талаар өнөөдөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, дэд Ерөнхийлөгч Х.Батхишиг, С.Шаравдорж нар хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгсөн юм.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид хэлсэн үгэндээ: “Сүүлийн үед МСНЭ-ийн нэрийг барьж үйл ажиллагаа явуулах, ашиг хонжоо хайх, олон улсын байгууллагад хандах, олноор нь аялал зугаалгад авч явах зэрэг үзэгдэл их байна. Сэтгүүлчдийн байгууллагыг мөнгө олох арга хэрэгсэл мэтээр хардаг хүмүүс ч цөөнгүй болж.
Сүүлийн үед эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хууль зэрэг амин чухал хууль тогтоомжууд батлан гарч байна. Улс төр, хууль эрхзүйн амин чухал энэ нөхцлийг ард иргэддээ үнэн зөв, бодитойгоор таниулах нь сэтгүүлч та нөхдийн үүрэг билээ. Бид мэднэ. Камер харахаар өөр зүйл ярьдаг хэдий ч цаанаа эсрэг кноп дардаг гишүүд, улс төрчид цөөнгүй бий. Энэ бүгдийн үнэн мөнийг ард иргэддээ таниулах хэрэгтэй. Тиймээс “Авлигачдын мөнгөөр амаа үдүүлэхгүй ажлаа хийе” гэдэг уриалгыг дэвшүүлж байна. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн эрх чөлөөг баталгаажуулах суурь хууль болох хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль олон жил дуншсаар өдийг хүрлээ. Гэвч өөр бусад хуулинд ямар нэг хэмжээгээр хэвлэлийн эрх чөлөөг боомилсон, хэвлэлийг хөдлөхгүй байлгах, үйл ажиллагааг хязгаарлах зүйл заалт хавчуулагдах эсэхэд бид бүгд хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Тиймээс ямагт шударга үнэний талд байж, ард иргэддээ үнэн бодитой, зөв мэдээлэл хүргэж ажиллахыг уриалж байна” гэв.
МСНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Х.Батхишиг нийслэлээс сэтгүүлчдэд мөнгө тараасан гэх баримтыг үндэслэн тайлбар хийлээ.
“Өнгөрсөн долоо хоногт цахим ертөнцөд Даншиг наадам болон “Алдарын од” арга хэмжээг сурвалжилсан нэр бүхий 20 байгууллагын сэтгүүлчдэд 700,000 төгрөг өгсөн гэсэн мэдээлэл цацагдсан билээ.
Энэ асуудлыг МСНЭ-ийн зүгээс анхааралдаа авч, тухайн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчтэй холбогдож мэдээлэл авсан. Ингэхэд “Тухайн мөнгө авсан гэж нотолсон гарын үсэг нь хуурамч байна, бидний гарын үсэг биш” гэдгээ нэр дурдагдсан сэтгүүлчид мэдэгдсэн. Тэр бүү хэл зарим сэтгүүлчид амралттай, албан томилолттой, жирэмсний амралттай байх хугацаанд эдгээр үйл явдал болсон учраас гарцаагүй хуурамч гэдгийг хэлж байгаа юм.
Зарим хэвлэл мэдээллийн байгууллагаас нийслэлийн ЗДТГ-т хандаж албан бичиг явуулан тодорхой хариу авсан байна. Энэ хүрээнд НЗДТГ-аас Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Энхцэнгэл даргын гарын үсэгтэй хариу мэдээлэлд дурдагдсанаар дээрхи баримтыг хуурамчаар үйлдэж тараасан гэсэн байна.”
Мөн энэ зун нэг сарын хугацаанд “I Love Mongolia” түншлэлээс 100 сэтгүүлчийг 21 аймгаар аялуулна гэж гэрээ байгуулаад хугацаа хойшлогдсоор эцэстээ хэдхэн байгууллагын авч явахаар болсон гэсэн. Энэ талаар МСНЭ-ийн орон нутгууд дахь салбарууд хэр мэдээлэлтэй байгаа талаар МСНЭ-ийн орон нутгийн салбар хариуцсан дэд Ерөнхийлөгч С.Шаравдоржоос тодруулахад “МСНЭ-тэй хамтарсан арга хэмжээ биш. Бидэнд хандсан болон албан ёсны мэдээлэл алга байна” гэсэн тайлбар хийлээ.
УРИАЛГА
Эрхэм сэтгүүлчид ээ!
Та бид чин шудрагыг дээдлэж,гагцхүү Үнэнд үйлчлэх эрхэм хариуцлагыг нийгмийн өмнө хүлээсэн онцгой салбарынхан билээ. Гэтэл улс орны хөгжил дэвшил, ардчиллын хувь заяатай холбоотой амин чухал асуудлуудын талаархи бодит үнэнийг олон нийтэд хүргэхгүй байх зорилгоор элдэв хэлбэрийн гэрээ тохиролцоо хийх, хэвлэл мэдээллийнхний амыг мөнгөөр таглах оролдлого сүүлийн үед эрс идэвхжиж эхэлсэн мэдээлэл бидэнд олноор ирж байна. Улстөрийн орчин ээдрээтэй, олон нийтийн санаа бодолд хувийн болон бүлэглэлийн явцуу эрх ашгийн үүднээс өөртөө ашигтайгаар нөлөөлөх оролдлого ийнхүү идэвхэжсэн өнөө цагт шудрага үнэний тугч нь байж, зөв мэдээлэл хүргэх үүргээ нэр төртэй биелүүлж, мэргэжлийнхээ нэр хүндийг өргөхийн тулд дараахи асуудалд анхаарлаа хандуулахыг та бүхэнд уриалж байна. Үүнд:
1. Ардчиллын хувь заяаг цөөнхийн эрх мэдлээр дарангуйлан хумихыг оролдож буй ийм ноцтой цаг үед хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид та бид л шудрага үнэний талд зогсож бодит мэдээллийг олон нийтэд хүргэхгүй бол өөр хэн ч чадахгүй. Иймд нийгмийн онцгой хариуцлагаа ухамсарлаж, авлигачдын мөнгөөр амаа үдүүлэхгүй байх нь ардчиллын хувь заяаг аврахын төлөө та бидний хийж чадах сайн үйлийн нэг тул эрхэм зорилгоо болгохыг уриалж байна.
2. Өршөөлийн тухай хууль зэрэг үнэний шалгуур болсон ноцтой асуудлуудаар УИХ-ын гишүүн, нөлөө бүхий улстөрч бүр ямар байр суурьтай байгаа, хэрхэн санал өгснийг нь байнга тодруулан мэдээлж, хэн нь хэн бэ гэдгийг олон нийтэд ойлгуулах нь сонгогчдод зөв сонголт хийх боломж олгон ардчиллын хувь заяаг аврахын төлөө та бидний хийж чадах бас нэгэн сайн үйл тул хичээхийг уриалж байна.
3. Монголын сэтгүүлзүйн мэргэжлийн төв байгууллага МСНЭ-ийн нэр барьж хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, чадавхижуулах нэрийн дор мөнгө олох, элдэв төрлийн хөнгөлөлтөд хамрагдах, төсөл хэрэгжүүлэх, арга хэмжээ, гадаад аялал зохион байгуулах оролдлого цөөн боловч гарч байгаа тул манай байгууллагатай холбоотой аливаа асуудлаар заавал холбоо барьж тодруулсны эцэст шийдвэр гаргаж байхыг урилж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
2015.09.08.
Г.Эрдэм