Иргэдийн шүүхэд хандах хандлага өөрчлөгдсөн

“Хөгжлийн эрэлд” судалгааны байгууллагаас “Шүүхэд итгэх олон нийтийн итгэл” судалгааг энэ онд хийсэн. Энэхүү судалгааны талаар “Хөгжлийн эрэлд” олон нийтийн санал бодлын судалгааныкомпанийн захирал Б.Амарсайханы хийсэн дүгнэлтийг хүргэж байна.

1442196187_amaraa

Монголд нийгмийн ардчилал, шинэчлэл эхэлснээс хойших 25 жилд шүүх засаглалын шинэтгэлийн тухайд жирийн иргэд бүү хэл, эрдэмтэн судлаачид нь харьцангуй бага бичиж байсан бололтой. Тиймдээ ч нийгэмд шударга ёс, хүний эрхийг сахин хамгаалах шүүх засаглалд  ард олон итгэх итгэл суларсан нь удаа дараагийн судалгаагаар тогтоогдсон байна.

Нийгэм гэдэг амьд тогтолцоо, тиймээс түүнд өөрийгөө анагаан эмчлэх, цэвэршүүлэх зүй тогтол байдаг. Шүүх эрх мэдлийг шинэчлэх үзэл санаа сэтгэлгээний үр хөврөл өнгөрсөн хугацаанд нийгмийн гүнд үүсч бий болсон төдийгүй шүүхийн шинэ школь ч бий болсон байна. Түүнийг үнэлдэггүй юмаа гэхэд олж харах хэрэгтэй, хүлээн зөвшөөрөхч ёстой, болсон мэт. Шүүх эрх мэдлийн шинэчлэлийг тууштай эхлээд бараг гурван жил хүрэхгүй хугацаанд шүүхэд итгэх олон нийтийн итгэл ямар байгааг  хөндлөнгийн судлаач бид судалж үзлээ. Энэ ажлын үр дүнгээс олон нийтэд хүргэж, санал бодлоо хуваалцъя.

Ингэхдээ өширхөл хийгээд өөрчлөлтөөс ангид байдлаар, хоосон магтаал худал зусардлаас холхон байж, дэнсийг өөрсдийнхөөрөө бэлгэ тэмдгээ болгогсдын үйл ажиллагааг дэнслэх гол шалгуур хэмжүүр болсон шүүхэд итгэх иргэдийн итгэлийн талаар л өгүүлье. Түүнээс биш шүүхийг шинэчлэгчдийн зөв буруу, сайн муугийн тухай огт дурсъя гэсэнгүй. Тэр нь бидний ажил ч биш байв.

Долигонох, шүүмжлэх хоёрт гайгүй сайн гаршиж бас сайнч дасаад байгаа энэ цаг үед нийгмийн сэтгэл зүйд үнэнийг хэлэх амаргүй бас бодитойгоор нь олж харах ч бас амаргүй болсон аж. Үл итгэх, үгүйсгэхийн зовлон гэж байдгийг ч бид мэднэ гэвч тэр бүхэн хэнд ч сонирхолтой биш юм.

Бидний судалгаагаар манай иргэд, олон түмний одоогийн шүүх засаглалд итгэх итгэл эрс, огцом нэмэгджээ. Тэдний 60.6 хувь нь шүүх шударга ажиллаж байна гэж үзэж байна. Гэхдээ дотроо бас бага зэрэг ялгаа гарч байна. Тухайлбал шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн 81,4 хувь нь шүүх шударга байна гэдэгт итгэж байхад шүүхээр үйлчлүүлээгүй иргэдийн 39,8 хувь нь шүүх хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж байна гэдэгт итгэдэг болсон байна.

Хот хөдөөгийн иргэдийн хувьд ч шүүхэд итгэх итгэлд бага зэрэг ялгаа байна.Хөдөөний иргэд хотынхоос арай илүү (8 пункт) итгэж байх жишээтэй. Энэ нь хот суурин газрын хүний хардамтгай зантай холбоотой биз.

Иргэдийн шүүхэд итгэх итгэл богинохон хугацаанд ингэж өссөн нь сүүлийн жилүүдэд шүүх эрх мэдлийн хүрээнд хийгдэж байгаа шүүхийн шинэтгэлтэй холбоотой нь мэдээж. Энэ нь ч бидний судалгаанаас ч харагдаж байна. Тухайлбал шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн 61.5 хувь, шүүхээр үйлчлүүлээгүй иргэдийн 46.1 хувь нь тус тус шүүхийн  шинэтгэлийн үйл явцыг дэмжиж байна. Бас шүүхээр үйлчлүүлээгүй иргэдийн 45,8 хувь нь шүүхийн шинэтгэлийг дэмжих эсэхээ мэдэхгүй байна гэж хариулж байгаа юм. Хэн боловч итгэж байгаа зүйлээ дэмжиж, дэмжиж байгаадаа итгэдэг сэтгэлзүйн логикийг эндээс ойлгоно. Манай судалгаанд хамрагдагсадын 58,8 хувь нь өнөөгийн шүүхийн шинэтгэлийн үйл явцыг дэмжиж байна.

Энэ судалгааны үр дүнгээс хийж болох хоёр дахь гол дүгнэлт бол шүүхэд хандах хүмүүсийн тогтсон хандлага, шүүхийг үзэх үзэл санаанд эрс өөрчлөлт гарч байна гэж хэлж болно. Хуучин шүүхээс бишүүрхэж, айж эмээж, жийрхэж ханддаг байсан бол өнөөдөр, хүмүүс шүүхээр үйлчлүүлэх гэж ирдэг, хэрэг маргаанаа шийдвэрлүүлж алдагдаж хохирсон эрх, ашиг сонирхолоо сэргээлгэн шүүхэд баярлалаа гэж хэлэх хандлагатай болж байна.

Нийгмийн сэтгэлзүй, олон нийтийн санаа бодол дахь хандлагыг энэ өөрчлөлттэй хамт, олон нийтийн санаа бодолд тодорхой хүлээлт бий болсныг хэлэх хэрэгтэй. Тэр хүлээлт нь шүүх рүү чиглэсэн, шүүгчдээс хүлээсэн хүлээлт юм. Нийгмийн энэ хүлээлтийн гол агуулга нь шүүхийн шинэтгэлийг тууштай үргэлжлүүлж, туйлд нь хүргээсэй гэсэн нэгэн санаатай байгаа. Тухайлбал иргэд шүүгчдийн үнэнч шударга ажиллахыг, хүнлэг, хүнд сурталгүй, зан харилцаа соёлтой байхыг, хээл хахуульд автахгүй, улс төрийн хүчнээс хамааралгүй байхыг, ил тод ажиллахыг  хүсэн хүлээж байна. Ийм хүлээлттэй зэрэгцэж олон нийтийн санаа бодолд бас тодорхой болгоомжлол ч бий болсон байгаа нь харагдлаа. Энэ болгоомжлол харин шүүх рүү хандсан бас шүүхээс гадагш чиглэсэн ч байгаа. Тухайлбал  судалгаанд хамрагдсан иргэдийн 40,3 хувь  нь шүүх бусдаас хараат бус хөндлөнгийн нөлөөнөөс ангид  байх баталгаа хангагдахгүй байгаад 37,4 хувь  нь шүүхийн шинэтгэлийн эрх зүйн орчин хангалтгүйд 22,4 хувь  нь шүүхийн шинэтгэлийг дэмжих улс төрийн дэмжлэг хангалтгүй байгаад 20,5 хувь  нь шүүхийн ажилтны мэдлэг ур чадвар сул байгаад санаа зовж болгоомжилж  байх юм.

Шүүхэд итгэх иргэдийн итгэл, түүнээс улбаатай олон нийтийн санаа бодол хандлагад гарч байгаа өөрчлөлт, нийгмийн сэтгэлзүй дэх шүүхээс хүсэн хүлээж байгаа хүлээлт, шүүхийн шинэтгэлийн үйл явцыг дэмжиж буй иргэд олон түмний дэмжлэг бас болгоомжлол зэрэг шүүх эрх мэдлийг тойрсон олон нийтийн санаа бодлыг судалгаанаас баримт авч, уншигч танд товч танилцуулахад ийм байна. Судалгааны баримтуудыг харьцуулан анализ хийж чухам ямар дүгнэлт хийх нь таны эрх юм. Бас үүрэг гэж хэлмээр байна учир юунд гэвэл сүүлийн 25 жилд бид эрх чөлөөт нийгэмд амьдарч байсан ч шударга ёсгүй нийгэмд амьдарч ирсэн юм. Шударга ёсыг гагцхүү шударга шүүх л тогтоодог, хамгаалдаг. Шударга ёсгүй нийгэм дампуурдаг гэдэг тэгвэл өнөөдөр шударга ёсыг тогтоох түүхэн боломж та бидэнд тохиож байгаа ч юм билүү. Тэр боломжийг үр дүнтэй ашиглахад иргэн бүхэн үүрэгтэй байх нь мэдээж учраас.

“Хөгжлийн эрэлд “олон нийтийн санал бодлын судалгааны компанийн захирал Б.Амарсайхан

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …