“Баян газар”, “Ундрах өргөө констракшн” ХХК-ийн хуулийн зөвлөхүүд ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын будлианы талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ сарын 28-ны өдөр Ховд аймгийн Богч талбайд болсон сонгон шалгаруулалт будлиантай явагдсан гэж тэд үзэж байгаа юм.
Сонгон шалгаруулалтыг будлиантай явуулсан гэх хэд хэдэн баримт тэдэнд бий аж. Материал хүлээж авахдаа эхний компаниудад 20-30 минут, харин сүүлийн компаниудад 1-2 минут л зарцуулсан хэмээн мэдэгдсэн юм. Тэдний хэлж буйгаар 20 гаруй компани оролцох ёстой байсан хэдий ч уг асуудлаас үүдэн 10 гаруй нь бүртгүүлж чадаагүй байна. “Баян газар” ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Сугарын хэлснээр сонгон шалгаруулалтыг будлиантуулах өөр нэг шалтгаан нь үнэлгээний асуудал гэнэ.
Компаниудад ирүүлсэн уриалган дээр “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу үнэлнэ” гэж заажээ. Гэтэл “Уул уурхайн сайдын 2015 оны зургадугаар сарын 29-ны өдрийн 126-р тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон журмын дагуу” үнэлгээ хийгдсэн аж. Уг үнэлгээний зөрүүтэй байдлаас 5-6 компани хасагдсан гэх мэдээллийг тэд өглөө.
Тус хоёр компанийн зүгээс Авилгатай тэмцэх газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт мэдэгдэл хүргүүлжээ. Мөн энэ үеэр сонгон шалгаруулалтад оролцож чадаагүй компаниудыг нэгдэхийг уриаллаа.
Э.Золзаяа