2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага орон даяар болж өндөрлөв. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан өнгөрсөн бямба гаригт цэрэг татлага болж буйтай холбогдуулан нийслэлийн Хан-Уул, Сүхбаатар дүүрэг дэх цэрэг татлагын байдалтай танилцаж, албаныхнаас цаашдаа шийдвэрлэх асуудлыг нь сонслоо.
Сүхбаатар дүүрэг дэх нийслэлийн ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн гадаа цэрэгт явах гэсэн залуус эгнэн жагсчээ. Харин дотор тоо бүртгэлийн офицер, хорооны удирдлагууд зарлангаа авчирсан залуусыг бүртгэж, эмч нар нарийн үзлэгүүд явагдаж байв. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайханыг дагалдаж нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, БХЯ-ны БХЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хурандаа Д.Номт, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нарын албаныхан ажиллав. Бүртгэлийн офицер, эмч нарын зүгээс “Цэрэгт татагдаж байгаа залуусын боловсролын төвшин нэмэгдсэн ч, эрүүл мэндээр тэнцэхгүй байх нь ихэссэн байгаа. Ялангуяа, мэс заслын гаралтай өвчлөл, чих хамар хоолойн өвчлөл залуусын дунд элбэг байна гэв. Сүхбаатар дүүргийн хувьд өрхийн эмнэлэгүүдтэй хамтраад цэргийн насны залуусын өвчлөлийг бууруулах талаас хэд, хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн учраас цэргийн албанд тэнцэх залуус нэмэгдсэн тухай дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нь онцолж байсан юм. Гэхдээ цаашдаа эрүүл мэндийн хатуу шаардлагыг багасгах, зөөлрүүлэх талаас нь салбар нь ажиллах ёстой тухай албаныхан хэлж байв. Ер нь сүүлийн үед “Цэргийн албанаас чөлөөлөөд өгөөч гэдэг хүсэлтийг идэр залуус маань хэлдэг байсан бол өнөөдөр цэрэгт явмаар байна. Тэнцүүлээд өгөөч” гэх гуйлтыг хэлдэг болсон тухай албаныхан онцолж байв. Б.Батсайхан тэргүүтэй удирдлагууд Хан-Уул дүүрэг дэх цэрэг татлагын байдалтай танилцахад дээрхтэй адилхан зовлон бэрхшээлийг хэлж байсан юм.