СУИС-ын Бүжгийн сургуулийн оюутнуудыг сургалтын төлбөрөө өөрсдөө олох хэрэгтэй хэмээн тус бүрт нь 2.4 сая төгрөг өгнө хэмээн Хятадад гурван сар бүжиглүүлж ажиллуулсан ч нэг оюутанд хамгийн дээд тал нь 700 мянган төгрөг өгч хулхидсан Ц.Ганбаяр багшийн хууль бус үйлдлийн талаар СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал Ш.Эрдэнэцэцэгээс тодрууллаа.
-СУИС-ийн багш оюутнуудаа Хятадад аваачиж ажиллуулж, хөдөлмөрийгнь мөлжсөн асуудал гараад байна л даа. Та тодорхой ярихгүй юу?
-Тиймээ. Энэ асуудал нь Ц.Ганбаяр гэдэг багштай холбоотой. Спорт бүжгийн холбоо гэсэн тамгатай ТББ-тай л холбоотой асуудал. Манайтай яагаад холбоод байгаа юм гэвэл тэр Ц.Ганбаяр гэдэг багш 2014 оны есдүгээр сарын 1-нээс 2015 оны зургадугаар сарын 1 хүртэл манай сургуульд цэнгээт бүжгийн багшаар ажилласан юм. Манай үндсэн багш маань жирэмсний амралтаа аваад явчихсан учраас бид нар оронд нь Ц.Ганбаяр багшийг нэг хичээлийн жил ажиллуулахаар гэрээ байгуулсан. Гэтэл Ц.Ганбаяр багш манай 2, 3, 4 курсын оюутнуудыг нэг хичээлийн жилийн хөдөлмөрийн гэрээ нь дууссаны дараа буюу 2015 оны зургадугаар сарын 2-нд сургуулийн захиргаанд ямар ч мэдээлэл өгөлгүйгээр, оюутнууд болон тэдний эцэг эхтэй гадуур ярилцаж тохиролцоод авч явсан байдаг. Энэ асуудлыг СУИС мэдээгүй. Энэ асуудлыг бид өнгөрөгч 10 дугаар сард буюу сургуулийн нэгдүгээр улирлын төлбөр төлөх болоход мэдсэн. Ингээд Ц.Ганбаяр багшийн гэрт оюутнуудын эцэг эхийн төлөөлөлтэй хамт очиж уулзан оюутнуудын ажлын хөлсийг өгөх асуудлаар шаардлага тавьсан. Харин Ц.Ганбаяр багш “Би өөрөө бас мэхлүүлсэн. Тиймээс үлдсэн мөнгийг өгч чадахгүй нь” гэж хэлсэн.
-Яг хэдэн оюутныг Хятад уруу авч байсан юм бэ?
-Эрэгтэй, эмэгтэй нийлсэн 16 оюутныг Хятад уруу авч явж байсан.
-16 оюутанд Хятадад бүжиглэхээс өөр ямар нэгэн асуудал тулгарсан уу?
-Үгүй. Бид оюутнуудтай ч уулзаж ярилцсан, тэдний эцэг эхчүүдтэй ч холбогдож ярилцсан. Энэ асуудал СУИС-тай холбоогүй, бид зуучлаагүй, гэрээ байгуулаагүй, тэр оюутнуудыг яв гэж шаардаагүй, харин эцэг эхчүүд болон оюутнууд өөрсдөө хувийн байгууллагатай гэрээ байгуулаад энэ ажлыг хийсэн. Хэдийгээр энэ үйл ажиллагаа сургуульд хамаагүй ч гэлээ манай оюутнууд учраас бид Ц.Ганбаярыг оюутнуудын ажлын үлдэгдэл цалинг өгүүлэх үүднээс их хөөцөлдсөн. Тиймдээ ч бид оюутнуудын эцэг эхийн төлөөллийг дагуулаад гэрт нь очиж уулзаж, оюутнууд шалгалтад орох болчихоод байна, эрх нь хаагдах гээд байна хэмээн цалинг нь өгөхийг хүссэн. Гэсэн ч Ц.Ганбаяраас “Боломжгүй байна” гэдэг хариулт авсан. Гэхдээ энэ 16 оюутнаас 14 нь нэгдүгээр улирлынхаа төлбөрийг төлчихсөн байгаа. Харин хоёр оюутан төлбөрөө төлөөгүй байгаа. Энэ хоёр хүүхэд дээр л шалгалтад оруулах эсэх асуудал үүсч байгаа. Ямартай ч, бид эцэг эхчүүд болон оюутнууд сургуулийн шугамаар яваагүй учраас төлбөрөө төлсөн гэж ойлгож байна.
–Ер нь урьд нь СУИС-иас оюутнууд гадаадад бүжиглэж ажилласан эсэх асуудал гарч байсан уу?
-СУИС-иас оюутнуудыг гадаадад тоглуулах, ажилд явуулж байгаагүй. Харин оюутнууд өөрсдөө хувийн шугамаар гаднын орнуудад ажиллаж байгаад ирснийг үгүйсгэхгүй. Бид хэрвээ гадаадад ажиллуулах бол маш сайн гэрээгээр явуулна.
-16 оюутныг Хятад уруу авч явах зардлыг Ц.Ганбаяр багш өөрөө гаргасан болов уу? Танд мэдээлэл байна уу?
-Оюутнуудын гадагшаа явах зардлыг Ц.Ганбаяр багш ерөнхийдөө гаргаж, зарим хүүхдийн тал зардлыг эцэг эхчүүд ч өөрсдөө гаргасан гэж яриад байгаа. Иргэдийн хоорондын хувийн асуудал учраас энэ асуудлыг манай сургууль тодорхойлж ярих эрхгүй.
–16 оюутан хэзээнээс хичээлдээ суусан бэ? Одоо Ц.Ганбаяр багшид ямар хариуцлага тооцох вэ?
-Оюутнууд есдүгээр сарын 1-нд хичээлдээ ирсэн. Ц.Ганбаяр манай сургуулийн багш биш учраас бид ямар нэгэн хариуцлага хүлээлгэж болохгүй. Хэрвээ манай сургуулийн багш байсан бол бид хариуцлага тооцно. Өнгөрөгч зургадугаар сарын 1-нээр Ц.Ганбаяр багшийн нэг жилийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, дахиж гэрээ байгуулаагүй. Өөрөөр хэлбэл, энэ багш манай багш биш. Эцэст нь хэлэхэд, нэгдүгээрт, СУИС-д ямар ч хамаагүй асуудал, хоёрдугаарт, СУИС-ийн багш биш, Гуравдугаарт хувийн байгууллагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан учраас иргэд хоорондын асуудал юм.
Иймээс энэ асуудлыг СУИС-тай холбон үзэх нь буруу юмаа гэдгийг л хэлмээр байна.
Э.Төгс