УИХ–ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай ярилцлаа.
–Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ–ын чуулганаарбаталлаа. Уг хуульд орсон гол өөрчлөлтүүдээс дурдахгүй юу?
-Энэхүү хуулиар олон асуудлыг зохицуулж өгсөн. Тухайлбал, тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрч байгаа. Ингэснээр фермерийн аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй эрхэлж буй хүмүүс маань үл хөдлөх хөрөнгө, газраа барьцаалаад зээл авах боломжууд нээгдэж байна. Нөгөө талаар тариалан болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид бие биенээ дэмжиж, хоршиж ажиллах сайхан боломж бий боллоо. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд малын тэжээл нэн шаардлагатай байдаг. Тариалангийн бүс нутгийн нэг хэсэгт нь малын тэжээл тарихыг дэмжиж өгсөн. Мөн олон жил яригдсан маргаантай асуудлуудыг шийдсэн. Бэлчээрийн мал тариалангийн талбай руу орж ирлээ гэсэн гомдол байнга гарч байдаг. Энэ асуудлыг нутгийн малчид, орон нутгаас сонгогдсон гишүүд, фермерийн аж ахуйн нэгж гээд олон талын саналыг харгалзаад зохицуулсан байгаа. Түүнчлэн тариалангийн аж ахуй эрхэлж байгаа хүмүүс өмнө нь төрөөс хамааралтай. Төрөөс тонн тутамд нь тэдэн төгрөгийн урамшуулал өгнө. Яамнаас зээл авна. Зээлээ буцааж төлнө, төлөхгүй гээд байнгын маргаантай явж ирсэн бол одоо тариалангийн салбарыг энэ хуулиар зах зээлийн горимд оруулж өгч байгаа юм.
–Газар эзэмшүүлэх, ашиглуулах хугацааг 40 жил болгосон байсан. Энэ ньямар учиртай вэ?
-Төр газрынхаа үржил шим дээр ихээхэн анхаарч байгаа. Тариалангийн газар бол төрийн өмч. Тариалан эрхлэгчдэд төр газар ашиглах, эзэмших эрхийг өгөхдөө маш ойлгомжтой шалгуур тавьсан. Энэ нь хөрсний чанарыг дордуулаагүй байх шалгуур юм. Хэрвээ дордуулаагүй байвал үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд яв гээд 40 жилээр эзэмших, ашиглах эрхийг нь нээж өгч байгаа. Өмнө нь 15 жил байсан л даа. Ийм хугацаатай байхад нэг атар газрыг авч ашиглаж дордуулчихаад дараачийнхаа шинэ газрыг аваад явах хандлага нэлээн байдаг. Одоо энэ газрыг 40-өөс доошгүй жил эзэмшүүлж, ашиглуулъя гэхээр тухайн тариаланч “Би энэ газрыг ашиглаад өөрийнхөө үр хүүхдэд өвлүүлж болох нь ээ. Тэгэхээр би хөрсийг дордуулахгүй байх хэрэгтэй юм байна” гэж өөриймсөг сэтгэлээр хандах хөшүүргийг бий болгож байна. Нөгөө талаар хөрсөнд таван жил тутам тогтмол шинжилгээнүүдийг хийнэ. Хэрвээ хөрсийг дордуулсан байвал 2-5 жилийн хугацаатай үүрэг даалгавар өгч сайжруулна. Хугацаатай даалгаврын хүрээнд хөрсний чанарыг сайжруулаагүй байвал төр газраа буцаагаад авах зохицуулалтууд орсон байгаа. Тариалангийн зориулалтаар газар авчихаад үйл ажиллагаа явуулахгүй бол зохицуулалт хийж өгсөн. Хоёроос дээш жил тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй хэмжээгээр газрыг нь хасна. Мөн тариалангийн газрыг атаршуулсан тохиолдолд хүчингүй болгох гэх мэтээр тодорхой зааж өгсөн.
–Тариалан эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгүүдийн тухайд?
-Өмнө нь тариалангийн үйлдвэрлэлийг төрөөс дэмжихдээ тоонд илүүтэй тулгуурласан байсан. Тонн тутамд нь 70, 100 мянган төгрөг өгнө гэх мэт. Энэ нь эргээд чанарыг үл харгалзах байдлыг бий болгож байсан. Харин бид чанарт тулгуурлаж төрөөс үзүүлэх дэмжлэгийг илүү өргөн болгож байгаа. Тухайлбал, тариалангийн үйлдвэрлэлд төрөөс мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг үзүүлж болно гэж заасан. Үүн дээр эх үүсвэрүүдийг нь зааж өгч байгаа. Заавал улсын төсвөөс гэлгүйгээр орон нутгийн төсөв, тариалангийн салбарт олон улсын байгууллагаас олгосон зээл, буцалтгүй тусламж, гадаад дотоодын иргэн, хуулийн этгээдээс олгосон хандив, тусламж, хөрөнгө оруулалт байж болно. Үүнийгээ зарцуулахад ч учир бий. Тухайлбал, байгалийн хүчин зүйлээс ихээхэн хамааралтай, ганд өртөмтгий, тогтвортой хөгжилд хүрч чадаагүй байгаа өнөөгийн нөхцөлд бид усалгаатай тариаланг дэмжье гэж байгаа. Тиймээс услалтын систем шинээр байгуулах, өргөтгөх, сэргээн засварлах, усан сан, цөөрөм байгуулах, усалгаатай тариалангийн талбайн хайгуул судалгаа хийх юм бол төрөөс дэмжинэ. Мөн тариалангийн газрын хөрсний үржил шимийг сайжруулах, хамгаалах, нөхөн сэргээх, ойн зурвас байгуулах дээр ч дэмжлэг үзүүлнэ. Үр тариа, тэжээл, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнийн сортын үр суулгац үйлдвэрлэж үржүүлэхийг дэмжих юм. Үрийн аж ахуй дээр дэмжлэг үзүүлье гэж байгаа хэрэг. Техник технологийн шинэчлэлийг ялангуяа хөрсөнд ээлтэй тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхэд, засвар болон техник үйлчилгээний төв байгуулахад дэмжихээр болсон. Төмс хүнсний ногоо, жимс жимсгэнийн хадгалалт борлуулалтын тогтолцоог байгуулах, өвлийн хүлэмж байгуулах, үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулахад дэмжье гэсэн ийм өргөн хүрээтэйгээр дэмжлэгийг үзүүлж байгаа. Үүний цаад агуулга нь хөрсөө хамгаалах, цаашилбал тариалангийн бүтээгдэхүүнийн чанарт анхаарч дэмжих юм.
Мөн НӨАТ-аас, Гаалийн татвараас чөлөөлөх асуудлаар дэмжье гэж байгаа. УИХ-ын даргад өнөөдөр (өчигдөр) Импортоор оруулж байгаа дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ комбайн, трактор, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, усалгааны, ойн аж ахуйн техник тоног төхөөрөмж, бордоо ургамал хамгаалах бодисыг 2020 оныг дуустал НӨАТ-аас чөлөөлье гэсэн хуулийн төсөл өргөн бариад байна. 2012-2015 оныг дуустал дөрвөн жилийн хугацаанд трактор, комбайн, тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлж байсан. Ингэсний үр дүнд нийт газар тариалангийн тоног төхөөрөмжийн 60 хувийг шинэчилсэн. Мөн дэвшилтэт технологиор үр тарианы үйлдвэрлэлийнхээ 30 хувийг боловсруулсан. Ингэж чадсанаар уриншийн нэг удаагийн боловсруулалт 12-14 хоног, ургац хураалтын ажлыг 30-35 хоногт гүйцэтгэх техникийн боломжийг бүрдүүлсэн. Газрын хөрсний доройтлыг бууруулах талаар ч эрхзүйн томоохон дэмжлэг болсон. Цаашид дараагийн таван жилд НӨАТ-аас чөлөөлж татвар авах мөнгөний бодлогоор дэмжье гэсэн зорилгоор хуулийг өргөн барьсан байгаа. Өмнө нь бордооны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж НӨАТ-аас чөлөөлөгдөж байгаагүй. Мөн усалгааны тоног төхөөрөмжид их анхаарч байна. Бид ганд өртөмтгий байгаа нөхцөлд усалгаатай тариаланг бодлогоор дэмжиж өгч байгаа.
–Тариалангийн салбарыг зах зээлийн горимд оруулж байгаа гэсэн. Энэталаар тодруулбал?
-2015 оны ургацаас хурааж авсан улаанбуудайн тонн тутмыг хэдэн төгрөгөөр худалдан авах, худалдах уу гэдэг зохицуулалтыг тариалан эрхлэгчид болон гурилын үйлдвэрүүд өөрсдөө хийсэн. Бид зах зээлийнх нь горимоор ажиллуулахын тулд дэмжлэг үзүүлж байгаа. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дүрэмд өөрчлөлт оруулсан. Тухайлбал, улаанбуудайгаа тариалан эрхлэгч, гурилын үйлдвэрүүд хадгалж болно. Тэгээд бид баталгаатай агуулахад хадгалсан гэсэн баталгааг гаргаад өгөхөөр улаанбуудайгаа барьцаалаад зээл авах боломжийг нээж өгч байгаа. Мөн Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан намар хурааж авах ургацаа барьцаалан зээл авах боломж нээлттэй. Энэ удаагийн тариалалтад зориулаад 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг Хөгжлийн банкнаас гаргуулах шийдвэрийг УИХ, Засгийн газраар гаргуулаад байна. Ирэх гуравдугаар сард энэ ажлыг хийж эхэлнэ. Хөгжлийн банкнаас аль банкаар дамжуулах шийдвэрээ гаргана байх гэж бодож байна.
–Урамшууллын хувьд?
-Өнгөрсөн жилүүдэд улсын төсвөөс олон зуун тэрбум төгрөг гаргаж үр тарианы аж ахуйг дэмжсэн байдаг. Өнөөдөр эдийн засгийн байдал хүнд байна. Жилдээ их наяд төгрөгийн төсвийн орлого тасарч байгаа бодит нөхцөлтэй байна шүү дээ. Нэгэнт орлого орж ирэхгүй байхад буцаагаад урамшууллын мөнгийг олон тэрбумаар өгөх боломжгүй. Ноднин 25 тэрбум төгрөг тариалан эрхлэгчдэд өгсөн. Энэ жил 5.6 тэрбум төгрөг байна. Энэ мөнгөө тонн тутамд нь тараагаад явах уу. Эсвэл 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тариаланчдад хаврын тариалалтад зориулж олгохдоо хүүг нь хөнгөлж өгөх үү гэдгийг ойрын үед шийднэ. Энэ талаар тариалан эрхлэгчдээс санал авна. Тэр тусмаа жижиг тариалан эрхлэгчдээс санал авна гэж бодож байна. Тонн тутамд нь урамшуулал өгөх нь гурилын үйлдвэрүүдэд улаанбуудайгаа тушаасан тариалан эрхлэгчдийг урамшуулдаг зүйл. Гэтэл ган гачгаас үүдээд ургац алдчихсан иргэн, аж ахуйн нэгж ямар ч дэмжлэггүй байгаа. Тэгэхээр харин ч цаашид байгалийн хүчин зүйлээс болж ургац алдсан тохиолдолд төрөөс нөхөн олговор өгч дэмждэг байх санал тариалангийн хуульд оруулсан. Цаашид тонн тутамд биш харин олон талт бодлогоор татварын хөнгөлөлт, зээл, хүүгийн хөнгөлөлт зэргээр цогц хэлбэрээр дэмжлэг үзүүлдэг болж байгаа.
Мөнгөн урамшууллын дэмжлэг үзүүлэх тухайд жишээлбэл, доройтуулсан газрыг тариалангийн эрхлэлтэд оруулахаар өөрийн хөрөнгөөр сайжруулахаар арга хэмжээ авч байгаа аж ахуйн нэгжид үзүүлж болно гэсэн байгаа. Мөн техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн, хөрсний үржил шимийг хэвийн хадгалсан, ургацын үр шимийг тогтвортой дээшлүүлсэн, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан байдлыг харгалзан үзье гэж байгаа. Төр нэгэнт татвар төлөгчдийн мөнгөөр урамшуулал олгох гэж байгаа бол шаардлага тавьдаг байя гэсэн санаа. Түүнчлэн энэ жил ган болсонтой холбогдуулан тариалангийн үйлдвэрлэлийг даатгалд хамруулах нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг тусгайлан холбогдох хуулиар нь зохицуулна гэсэн заалтыг оруулж ирсэн.
–Органик хүнсний тухай хууль анхны хэлэлцүүлгээр орох гэж байна. Энэхуулийн ач холбогдол нь юу вэ?
-Бид өөрсдөө бүтээгдэхүүнээ байгалийн цэвэр, органик гээд байдаг болохоос биш олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй. Тэгэхээр бид энэ Органик хүнсний тухай хуулиараа дамжуулж бүтээгдэхүүнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажилтын сертипикаттай болгоно. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ олон улсын түвшинд баталгаажуулснаараа орлого олох боломжтой. Сайхан боломжууд бүрдэж байна шүү дээ. Японд гэхэд хүнсний нэрийн бараануудыг татварын нэн тааламжтай нөхцөлөөр гаргах боломж бүрдэж байна. Европын орнуудад ч олон нэр төрлийн барааг гаргах тааламжтай нөхцөл байдаг. Гэтэл тэдний шаардлагыг хангасан байх ёстой. Органик хүнсний тухай хуулиараа аж ахуйн нэгжүүд өөрсдийгөө баталгаажуулаад явах боломжтой. Хэрэглэгчдийн хувьд ч сонголттой болж байгаа. Үйлдвэрлэгчийн хувьд ч илүү зах зээлд хүрэх боломжтой болж байгаа.
–Тэгвэл Махны экспортын тухай хуулийн талаар?
-Махны экспорт нэмэгдэж байна. Монголын түүхэнд анх удаа салаа туурайтай малын буюу хонь, ямаа, үхрийн махыг түүхийгээр нь Хятадын зах зээл авахаар зөвшөөрлөө гаргалаа. Баруун таван аймгийн эрүүл бүсээс мах махан бүтээгдэхүүн гаргах боломжтой. Үүн дээр мөн ялгаагүй бид экспортод гаргасан махаа органик гэдгийг баталгаажуулж чадах юм бол үнэтэй болж болно. Монголын экспортлох махны нөөц ялангуяа хүн ам ихтэй Орос, Хятадын зах зээл дээр эзлэх жин бага. Тийм учраас бид махаа илүү органик, бэлчээрийн, чанартай гэдгээ олон улсад хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулсан нөхцөлд илүү өндөр үнээр борлуулна.
–Малын гаралтай гоц халдварт өвчнүүдээс шалтгаалаад манайхаас махавдаггүй байсан. Эрүүл бүсээ хэрхэн тогтоосон бэ?
-Өдийг хүртэл махны экспорт тун чамлалттай явж ирсэн. Жилд 2000 тонн мах, махан бүтээгдэхүүн гаргадаг байдалтай байгаа. Хэд хэдэн бэрхшээл байснаас хамгийн том нь малын гоц халдварт өвчин. Малын гоц халдварт өвчнөөс болж Монголоос бүхэлд нь мах авдаггүй байлаа. Үүнийг бид 2015 онд олон удаагийн гэрээ хэлэлцээрийн дүнд шийдэж чадсан.
Бүхэлд нь биш бүсчилж эрүүл бүс бий болгоод хүлээн зөвшөөрүүлэхээр зорьсон. Ингээд Орост арван аймгийг малын эрүүл бүс гэж хүлээн зөвшөөрүүлсэн. Хятадад баруун таван аймаг тодруулбал, Говь-Алтай, Баянхонгор, Увс, Завхан, Хөвсгөл аймгийг хүлээн зөвшөөрүүлсэн байгаа. Тэндээсээ бид мах махан бүтээгдэхүүн гаргах боломжтой болсон. Мөн гар аргаар төхөөрсөн биш үйлдвэрлэлийн аргаар төхөөрсөн малын махыг авна. Түүнчлэн мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Үүний дагуу ажилласны дүнд 2014 онд ОХУ-ын ганцхан муж руу хоёрхон үйлдвэр мах, махан бүтээгдэхүүн гаргаж байсан бол 2015 оны эцсээр 26 үйлдвэр найман муж руу мах, махан бүтээгдэхүүн гаргах боломжтой боллоо. Буриад руу амьд мал гаргах боломж бүрдээд байна. БНХАУ руу ямар ч мах, махан бүтээгдэхүүн гаргаагүй байсан бол одоо түүхий мах гаргах гурван үйлдвэр, банш бууз гаргах эрх нээгдлээ. Веьтнам руу боловсруулснаар дөрөв, түүхийгээр дөрвөн үйлдвэр хонь, ямааны мах авах эрхийг авлаа. Мах махан бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг нэмэх, олон улсын сертификат авахыг ХХААЯ дэмжиж ажилласны үр дүн гарч байна.
Бид жилийн турш хэрэглэдэг махныхаа хэрэгцээний дөнгөж найман хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан байдаг. Цаашид нийт хэрэглэгчдийнхээ хүнсний аюулгүй байдлыг бодсон ч махны үйлдвэрүүдийн тоо, хүчин чадлыг нэмэх зайлшгүй шаардлагатай. Дээрээс нь мах боловсруулах үйлдвэрүүд голдуу төвлөрсөн газруудад байна. Тэгэхээр хил орчмын газар нутагт байгаа малчдын мах махан бүтээгдэхүүнийг хил гаргаж орлогыг нэмэх үүднээс орон нутагт 12 махны үйлдвэр барихаар болсон. Үүнийг дагаад махны эрүүл бүсийг бий болгоё. Малын эрүүл бүсдээ бэлчээрийн малыг шахаж бордох, эрчимжсэн аж ахуйг бий болгох боломжуудыг бүрдүүлж өгөх юм. Хятадын хөнгөлөлттэй зээлээр 12 махны үйлдвэрийн зээлийг Засгийн газраас шийдвэр гаргуулаад байж байна.
–Баахан үйлдвэр бариад байдаг. Гэтэл муугаар бодоход дахиад өвчингарвал яах вэ?
-Малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд цаашид махны экспортоо хаалгахгүй байхын тулд энэ үйлдвэр дагасан 12 бүсээ тойруулаад байнгын хараа хяналттай, бүртгэлжүүлэлттэй байлгана. Мөн тэнд лабораторийг ажиллуулна. Мах импортлох гэж байгаа улс орнууд үе үе газар дээр нь ирээд үнэхээр олон улсын түвшинд ажиллаж чадаж байгаад хяналтаа тавьж байх юм бол бусад газар халдварт өвчин гарсан ч экспортод гаргаад байх боломжтой. Дээр нь зүүн бүс нутгуудад малын гоц халдварт өвчин гарч байна. Түүнтэй холбогдуулан Хятад, Оросоос ойрын хэдэн жилдээ танай зүүн бүсээс мах авах боломжгүй гэсэн хариулт өгсөн байгаа. Үүнээс болоод хязгаарлагдмал байна. Гэтэл яг Дорнод, Сүхбаатар аймгийн хил залгаа Өвөрмонгол гэхэд Монгол Улсаас жилдээ хоёр их наяд орчим төгрөгийн хэмжээний мах, махан бүтээгдэхүүнийг авъя гэсэн хүсэлтээ илэрхийлсэн. Гэтэл зүүн бүсийн үхэр, хонины үүлдэр омог боломжтой байтлаа мах махан бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байдалтай байгаад байна. Тэнд боломж бололцоо бий болгохын тулд малын эрүүл бүс тухайлбал, Хөдөө аж ахуйн чөлөөт бүсээр дамжуулан малаа эрүүл гэдгийг баталгаажуулаад мах махан бүтээгдэхүүнийг гаргах боломжийг бүрдүүлье гэж ажиллаж байгаа.
Ж.БАЯРСАЙХАН