Монгол цэрэг өнөөдөр дэлхийн цэрэг болсон /түүх/

бямбаа

Миний бие 2004-2005 онд АНУ-ын Хуурай замын цэргийн Дайны коллежид суралцан амжилттай төгсөж ирээд ЗХЖШ-ын ЭСАГ-ын орлогч дарга, Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилогдов.

Ингэснээр АНУ-ын Дайны коллежийг төгссөн 3 дахь монгол офицер (2001 онд хурандаа Ч.Сосорбарам (одоо бригадын генерал), 2003 онд хурандаа Д.Баярсайхан (одоо бригадын генерал) нар) болсон бөгөөд цэргийн мэргэжлийн хамгийн дээд шатны сургуульд хамрагдаж дээд офицерын цолны шаардлагыг хангасан юм. ОХУ-ынхаар бол Жанжин штабын академи төгссөнтэй адил гэж ойлгож болно. Энэ цаг үед манай цэргийн багууд “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд, Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багууд Афганистаны “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд тус тус 6 сараар ээлжлэн үүрэг гүйцэтгэж байсан үе бөгөөд НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцож амжаагүй байв.

бямбаа1Нөгөө талаар ЗХЖШ-ын ЭСАГ-ын анхны дарга агсан хошууч генерал Г.Рагчаа НҮБ-ын дэргэдэх Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөхөөр томилогдон өөрийн орны цэргийн багийг НҮБ-ын мандаттай ЭСА-нд оролцуулах боломжийг хайсаар байсан үе юм. Ингээд 2005 оны намар НҮБ-ын Сьерра Леон дахь энхийг сахиулах ажиллагаа дуусгавар болох нь тодорхой болж тус улс дахь НҮБ-ын Тусгай шүүхийн хамгаалалтын үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх 250 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хамгаалалтын хүчин шаардлагатай болж цэрэг хандавлагч орнуудад хүсэлт илгээж эхэлсэн бөгөөд НҮБ-ын 24,500 цэрэг 2015 оны 12 сарын 25-нд гарсаны дараа дангаар үлдэн үүрэг гүйцэтгэх сонирхолтой улс гараагүй бөгөөд 1999 оноос хойш царай алдан хүлээсэн Монгол Улсад боломж олдсон сайхан мөч таарсан гэж болно. Энд бас хошууч генерал Г.Рагчаа даргын маань нөлөө, уйгагүй зүтгэл байсаныг хэлэх нь зүйтэй. Африк тивийн баруун эргийн Сьерра Леон хэмээх улс тухайн үед ямар нөхцөл байдалтай байсаныг дурьдъяа. Фодай Санко гэгчийн удирдсан Хувьсгалын нэгдсэн фронтын дайчид хөрш Либери улсад нь цэргийн эргэлт хийх бэлтгэлээ базааж байгаад 1991 оны 3 дугаар сард Сиерра Леоны Кайлахун мужид цөмрөн орсноор 11 жил үргэлжилсэн иргэний дайн эхэлсэн бөгөөд энэ иргэний дайны улмаас хүн төрөлхтөний сүүлийн үеийн түүхэнд тохиолдсон хамгийн зэрлэг балмад, хэрцгий яргалалыг үйлдсэн иргэний дайн үргэлжилж 2000 онд дайн дуусахад нийт алагдсан хүний тоо 400 мянга, орон гэрээ орхин дайжсан хүний тоо 2 сая гаруй, бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдийн тоо хэдэн арван мянга, санаатайгаар гар хөлийг тайрч эрэмдэг болгосон хүний тоо 4000 гаруй байсны дээр олон мянган хүүхдийг зэвсэг бариулан байлдааны ажиллагаанд оролцуулж байсныг тогтоосон байдаг. бямбаа2Иргэний дайны уршгаар залуучуудын дийлэнх хувь нь анхан шатны боловсрол эзэмшээгүй, эх, нялхсын эндэгдэл 80%, дундаж наслалт 40.2 жил болсон байв. 1999 онд НҮБ-аас Сиерра Леон улсад энхийг сахиулах /UNAMSIL/ ажиллагааг эхлүүлэх тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэр гарч эхний 6000 цэргийг оруулсан ба нийт 72 мянган зэвсэгт дайчдын зэвсгийг хурааж, энгийн амьдралд шилжүүлсний эцэст 2002 оны 1 сарын 18-ны өдөр Сьерра Леоны ерөнхийлөгч Каббах тус улсад иргэний дайн дууссаныг албан ёсоор зарлажээ. 1999-2005 онд НҮБ-аас явуулсан энхийг сахиулах ажиллагааны үр дүнд тус улс дайны дараах хямралын үеээ амжилттай давж гарсны дээр төр, засаглалын хүчний байгууллагууд болох Үндэсний аюулгүй байдлын алба, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчнийг байгуулан улс орныг тодорхой хэмжээгээр хянаж удирдах чадавхийг бүрдүүлсэн байдаг. Дээр дурьдагдсан Сиерра Леоны тусгай шүүх нь Сиерра Леон Улсын Засгийн газар, НҮБ хооронд гэрээнд гарын үсэг зурсанаар байгуулагдаж 2003 оноос үйл ажиллагаа нь эхэлсэн ба тус улсад 1996 оноос хойших зэвсэгт мөргөлдөөний үед энгийн иргэдийн эсрэг үйлдэгдсэн иргэний дайны гэмт хэргүүдийг удирдан зохион байгуулсан, санаачилсан гол буруутай этгээдүүдийг шүүж, тэдэнд хариуцлага хүлээлгэх зорилготой, аль ч улсын засгийн газар, байгууллагаас үл хамаарах бие даасан олон улсын байгууллага байв.

бямбаа3Тухайлбал тус улсын иргэний дайны гол буруут гурван гол зэвсэгт бүлэглэл болох Хувьсгалын нэгдсэн фронтыг шүүх ажиллагааг 2004 оны 5 сард, Зэвсэгт Хүчний хувьсгалын зөвлөлийн удирдагчдыг шүүх ажиллагааг 2005 оны 3 сард, Иргэний хамгаалалтын хүчнийг шүүх ажиллагааг 2005 оны 6 сард тус тус эхлүүлээд байв. Ийм цагийн байдалтай улсад үүрэг гүйцэтгэх саналыг манай улс хүлээн авч НҮБ-д хариу өгөх шийдвэрээ гаргахын өмнө 2005 оны 9 дүгээр сард туршуулын үүрэг гүйцэтгэж газар орон дээр нь очиж нөхцөл байдлыг тодруулуулахаар Батлан хамгаалахын сайдын тушаал гарч хошууч генерал Г.Рагчаа агсан бид 2-ыг томилон явуулсан юм. Г.Рагчаа дарга маань АНУ-ын Нью Иорк хотоос би Монголоосоо нисэн Бельги Улсын Брюссел хотын нисэх онгоцны буудалд уулзан цааш Либери Улсын Монрови хотод хүрэлцэн ирлээ. Тэнд НҮБ-ын Либери Улс дахь энхийг сахиулах /UNMIL/ ажиллагааны удирдлагатай уулзсан бөгөөд Сьерра Леон дахь НҮБ-ын Энхийг сахиулах /UNAMSIL/ ажиллагаа 2015 оны 12 сарын 25-нд хаагдсаны дараа Сьерра Леоны Тусгай шүүхийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэх цэргийн хамгаалалтын хүчнийг Либери дэх штабаас удирдахаар шийдвэр гарсаныг мэдэв. Бид хоёр цааш НҮБ-ын онгоцоор Сьерра Леон Улсад хүрэлцэн ирж Сьерра Леон дахь НҮБ-ын төлөөлөгчид, Тусгай шүүхийн удирдлагатай уулзан Тусгай шүүх, Нарлаг баазын хамгаалалтын нөхцөл байдалтай нэг бүрчлэн танилцаад буцаж Либери Улсад ирээд /UNMIL/ ажиллагааны удирдлагатай дахин уулзаж тодотгол хийснээр бидний туршуулын үүрэг дуусаж Монголдоо буцан ирлээ. Бид тайлангаа БХЯ, ЗХЖШ-т танилцуулан улмаар Монгол Улсын ҮАБЗ, Засгийн газарт асуудлыг хэлэлцүүлэн НҮБ-ын Сьерра Леон дахь энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсын 250 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийг оролцуулахаар шийдвэрлүүллээ. НҮБ-ын мандаттай анхны ажиллагаа, дээр нь бидэнд олдсон анхны бөгөөд ховорхон боломж байсан учир татгалзах арга байгаагүй юм. НҮБ-д хариуг Байнгын төлөөлөгчийн газраараа дамжуулан хүргүүлээд цэргийн багаа бүрдүүлэх ажлыг эхлүүллээ. Энэ удаа би өөрийгөө цэргийн багийн захирагчаар явна гэж бодоогүй явсан бөгөөд ЭСАГ-ын орлогч даргын хувьд газрын дарга хошууч генерал Я.Чойжамцад багийн захирагчаар явах боломжтой, шалгуур хангасан 4-5 хүний нэрийг гарган өгч, цэргийн багийг зэвсэгт хүчний 150, 013, 016 дугаар анги дээр түшиглэн бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байв. Гэтэл хэн ямар санал оруулсаныг мэдэхгүй цэргийн баг Таван толгойд гарахын өмнөхөн ЭСАГ-ын дарга хошууч генерал Я.Чойжамц намайг өрөөндөө дуудан ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Тогоо чамайг багийн захирагчаар явуул гэсэн гэж байна. Ингээд санал ч асуулгүйгээр шууд ЗХЖШ-ын дарга дээр дагуулан орж танилцууллаа. ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Тогоо надад хандан “чи Иракийн эрх чөлөө ажиллагааны анхны ээлжийг удирдсан туршлага байгаа. Сьерра Леоны энхийг сахиулах ажиллагааны анхны ээлжийн багийг чамаар удирдуулах саналтай байна. Энэ ажиллагааны үр дүнгээс бидний цаашдын энхийг сахиулах ажиллагаа ихээхэн хамаарах учир чамд бид итгэл найдвар өгч байна” гэв. Би тэр үед хурандаа цол авахаасаа өмнө амжиж цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэх сонирхолтой явсан үе л дээ. Нэгэнт дарга нар надад итгэл хүлээлгэж байгаа бол би татгалзах нь утга учиргүй мэт санагдсан тул шууд зөвшөөрч, тэр даруй ар гэртээ мэдэгдэн бэлтгэлдээ гарч байв. Энэ удаа би өөрийн орлогчоор БХЯ-ны ахлах мэргэжилтэн дэд хурандаа Ч.Баттулга (одоо хурандаа)-ыг сонгосон бөгөөд надад маш сайн хамтрагч болж байсан билээ. Ингээд ажиллагааны өмнөх бэлтгэлээ базаахын хажуугаар НҮБ-аас тавигддаг шаардлагын дагуу зэвсэглэл, техник, тоног төхөөрөмжөө бэлтгэх нүсэр их ажлыг богино хугацаанд амжуулан НҮБ-аас ирсэн шалгалтанд амжилттай шалгуулсан билээ. Цэргийн багаа ажиллагааны газар оронд очихын өмнө би өөрийн багийн удирдлагын 9 хүнийг дагуулан иргэний нислэгээр 2005 оны 12 дугаар сарын 24-нд ниссэн бөгөөд Сьерра Леонд очсоны дараа цэргийн багаа хүлээн авах бэлтгэлээ хангаад техникээ 2006 оны 1 дүгээр сарын 5-нд, бие бүрэлдэхүүнээ 1 дүгээр сарын 7-нд хүлээн авч Тусгай шүүхийн хамгаалалтын үүргийг 2006 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс гүйцэтгэж эхэлсэн түүхтэй. Монгол Улсын цэргийн багийн анхны ээлж төр засаг, цэргийн дээд удирдлагынхаа өмнө хүлээсэн эрхэм хүндтэй бөгөөд нэн хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын цэнхэр дуулгатны ёс зүйн зарчмыг хатуу мөрдлөг болгон итгэл төгс үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд үүрэг гүйцэтгэх 6 сарын хугацаандаа Сиерра Леоны Тусгай Шүүхийг хамгаалах харуул, хамгаалалт, эргүүлийн үүрэг хосолсон хамгаалалтын үүргээ итгэл төгс гүйцэтгэж, олон улсын цэргийн гэмт хэрэгтэн Либери улсын ерөнхийлөгч асан Чарльз Тайлорийг тусгай шүүхэд баривчлан хүргэж ирэх үеийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий “KILLBRIDE” ажиллагаа, бямбаа4Чарльз Тайлорийг Гаагийн олон улсын шүүхэд шилжүүлэх үеийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий “LANDSDOWNE” ажиллагааг тус тус амжилттай хэрэгжүүлж Монгол цэргийн мэргэжлийн ур чадварыг батлан харуулсан билээ. Монгол улсын анхны ээлжийн цэргийн баг нь Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэр төрийг өндөрт өргөн хамтран үүрэг гүйцэтгэгч НҮБ-ын болон олон улсын байгууллагын ажилтан, албан хаагчид, гадаадын мөрдөс нэгт нөхдийнхөө дунд нэгэнт хүндтэй байр суурийг эзлэн, өөрийн улсын дараа дараагийн цэнхэр дуулгатнуудынхаа замыг амжилттай нээж өгсөн юм. Биднийг үүрэг гүйцэтгэх хугацааны төгсгөлд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Копи Аннан өөрийн биеэр айлчилан монгол цэргүүдийн үүрэг гүйцэтгэлтийн үр дүнг өндрөөр үнэлж, НҮБ-ын цэнхэр дуулгатны нэр хүндийг өсгөснийг тэмдэглэн хэлсэн билээ. Ийнхүү хэний ч мэдэхгүй монгол цэрэг өөрсдийн ур чадвараа харуулж чадсанаар НҮБ-д итгэл хүлээн цаашид Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Хойд Судан, Өмнөд Судан Улс дахь энхийг сахиулах ажиллагаанд тэргүүн эгнээнд сонгогдон үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна. Монгол Улс НҮБ-ын жирийн нэгэн гишүүн орон байсан бол цэнхэр дуулгатан цэргүүдийнхээ ачаар идэвхитэй гишүүн болж НҮБ-д Монгол Улсын эзлэх байр суурь өсөн нэмэгдэхэд монгол цэрэг үнэтэй хувь нэмэр оруулж чадсан юм. Монгол цэрэг өнөөдөр дэлхийн цэрэг болсоон.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …