Цалин, амралт, тэтгэвэр тэтгэмжийг хэрхэн бодох вэ?

449e0b50a0d4ab467021aecde82abc5eoriginalАжилтнуудад цалин олгох хуваарь:

  1. Тухайн сарын 1-15-ны хоорондох цалинг тухайн сарын 5-ны өдөр урьдчилан олгодог.
  2. Тухайн сарын 16-31-ний хоорондох цалинг тухайн сарын 22-ны өдөр тооцож олгоно.

Жич: Тухайн сарын 1-18-ны хоорондох ирцийг гүйцэтгэлээр тооцож, 19-31-ний өдрүүдийг бүтэн ажилласнаар тооцож сүүл цалин олгодог. Хэрвээ ажилтан 19-31-ний өдрүүдэд өвчтэй, чөлөөтэй гэх мэт шалтгаанаар ажиллаагүй тохиолдолд дараа сарын цалингаас хасаж тооцно.

Ажилтны цалин бодох аргачлал:

  • УРЬДЧИЛГАА ЦАЛИН: Урьдчилгаа цалинг бодохдоо ирц нь бүрэн бол үндсэн цалингийн 50%-ийг тооцоод, 10.000, 5.000 төгрөгийг тэгшитгэж олгоно.
  • БОДОГДСОН ЦАЛИН=Сарын үндсэн цалин / Ажлын фонд цаг x Ажилтны ажилласан цаг
  • ОЛГОВОЛ ЗОХИХ ЦАЛИН=Бодогдсон цалин + Нэмэгдэл, Хөнгөлөлтүүд
    Ажилтны нэг цагийн ажлын хөлс=Сарын үндсэн цалин / сарын ажиллах ёстой хоног
    Илүү цагийн нэмэгдэлийг тооцохдоо ажилтны тухайн сар дахь нэг цагийн хөлсийг энгийн илүү цагт 2дахин нэмэгдүүлж, томилолтоор ажилласан илүү цагт 1,5 дахин нэмэгдүүлж олгоно.
  • САРЫН ЦАЛИН=ОЛГОВОЛ ЗОХИХ ЦАЛИН-НДШ-ХХОАТ-БУСАД СУУТГАЛ
    НДШ-г 10%-р төлнө. Хэрвээ таны тухайн сарын олговол зохих цалин 1.080.000 төгрөгнөөс дээш байвал 1.080.000 төгрөгөөр хязгаарлагдаж 1.080.000*10%=108000 төгрөгийг төлөх болно.
    ХХОАТ-тухайн сарын олговол зохих цалингаас НДШ-г хасаад үлдэгдэл дүнгээс 10% тооцно. Холбогдох хуулийн дагуу хувь хүнээс 7000 төгрөгийг ХХОАТ-с чөлөөлнө.
  • САРЫН СҮҮЛ ЦАЛИН=ТУХАЙН САРЫН ЦАЛИН-УРЬДЧИЛГАА ЦАЛИН
    Жишээ нь: 400.000 төгрөгийн үндсэн цалинтай, 40.000 төгрөгийн нэмэгдэл цалинтай, үндсэн цалингийн 50%-ийг урьдчилгаа болгон авсан, тухайн сарын ажилвал зохих хоног 21 буюу 168 цаг, ажилсан хоног нь 20 буюу 160 цаг гэвэл ажилтан “А”-гийн цалинг бодъёо:

    1. Бодогдсон цалин =400.000/168*160=380.952
    2. Олговол зохих цалин=380.952+40.000=420.952
    3. НДШимтгэл =420.952*10%=42.095
    4. ХХОАТ=(420.952-42.095)*10%-7000=30.886
    5. Тухайн сарын гарт олгох цалин =420.952-42.095-30.886-200.000=147.971

ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ

  1. Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
  2. Дээр заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хангасан даатгуулагч эх хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
  3. Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацаа:

  1. Тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болон төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100%-р тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно.
  2. Тэтгэмжийн даатгалд сайн дураар даатгуулсан эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70%-р тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 120 хоногт ноогдох ажлын өдрөөр тооцно.

ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖ

  1. Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.
  2. Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно.
  3. НД-н тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авч байсан иргэн нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.

Оршуулгын тэтгэмжийн хэтжээг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ТУХАЙ

  1. Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.
  2. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
  3. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй шимтгэл төлсөн нийт хугацаандаа ноогдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.

Өндөр насны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл:

  1. Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45%-р тогтооно.
  2. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1,5%-р бодож нэмэгдэл олгоно.
  3. Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1%-р бодож нэмэгдүүлнэ.
  4. Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75%-с, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50%-с тус тус багагүй байна.

Өндөр насны тэтгэвэр олгох хугацаа: Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно.

ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВЭР

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалан өвчний улмаас даатгуулагч нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

ТАТ-ийн хэмжээ: ТАТ-ийг нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлснөөс дор дурдсан хувь хэмжээгээр олгоно:

  1. Хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 3 ба түүнээс дээш бол 100%
  2. Хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 2 бол 75%
  3. Хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 1 бол 50%.

ТАТ олгох хугацаа: ТАТ-ийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхэд 16 нас (сургуульд суралцаж байгаа бол 19 нас) хүртэл, тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд нь, тэтгэврийн насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сар дуустал тус тус олгоно.

АМРАЛТЫН МӨНГӨ БОДОХ АРГАЧЛАЛ

Амралтын мөнгийг бодохдоо:

  1. Амралтын олговор бодогдох дүн сүүлийн 6 сарын олговол зохих цалингийн нийлбэр байна.
  2. Ажилласан хоног нь сүүлийн 6 сарын стандарт хоногийн нийлбэр байна.
  3. Амралт эдлэх хоног нь жилдээ ажлын 15 хоног байна. Ажилласан жилээс хамаараад дараах нэмэгдэл хоног амрах эрх эдэлнэ.
    • 6-10 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 3
    • 11-15 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 5
    • 16-20 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 7
    • 21-25 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 9
    • 26-31 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 11
    • 32-оос дээш жил шимтгэл төлж ажилласан бол 14

НЭГ ХОНОГТ НООГДОХ АМРАЛТЫН МӨНГӨ=Сүүлийн 6 сарын нийт олговол зохих цалин / сүүлийн 6 сарын нийт ажилвал зохих хоног

ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН МӨНГӨ=Нэг хоногт ноогдох амралтын мөнгө * (15 хоног + Ажилласан жилийн нэмэгдэл хоног)

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ БОДОХ

Уг тэтгэмжийг даатгуулагч 3 сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн тохиолдолд авах эрхтэй. Шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзаж түүний сүүлийн бүтэн 3 сарын хөдөлмөрийн хөлснөөс доорх хувиар бодно (Сарын цалингийн дээд хязгаар 1.080.000):

Шимтгэл төлж
ажилласан хугацаа
Тэтгэмж
бодох хувь
5 хүртэл жил 50%
5-аас 14жил 55%
15-аас дээш жил 75%

Хөдөлмөрийн чадвараа түр алдсны тэтгэмжийн (актны мөнгө) хэмжээг бодохдоо:
НЭГ ӨДРИЙН ДУНДАЖ ЦАЛИН=Өмнөх 3 сарын цалин / Өмнөх 3 сард ажилвал зохих өдөр
ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ=1 өдрийн дундаж цалин * тэтгэмж бодох хувь * өвчтэй байсан ажлын өдөр

Ажлын эхний 5 өдрийн актны мөнгийг байгууллага, 6-с дээш өдрийн актны мөнгийг нийгмийн даатгалын байгууллагаас авна.

шогт.мн

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …