Монгол Вундеркиндүүд хүчирхэг гүрнүүдийн өмнө хөл тавьж чадлаа

dddddd. ОХУ-ын Санкт Петербург хотноо болж буй Газарзүйн дэлхийн аварга шалгаруулах “The National Geographic World Championship” тэмцээнд эх орноо төлөөлөн анх удаа оролцсон Г.Төрболд, У.Баярбат, Л.Амарболд нар Их Британи, БНХАУ, Болгар, Чех зэрэг хүчирхэг гүрний оролцогчдыг ардаа орхиж 11-р байрт шалгарлаа.

National Geographic Монгол төсөл, National Geographic Kids Монгол сэтгүүлээс санаачлан, ШУА-ийн Газарзүйн Хүрээлэн, МУИС-ийн Газарзүй, Геологийн сургуультай хамтран, БШУЯ, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, МУИС-ийн Мэдээлэл Технологийн сургууль, PC Mall, NTV телевиз, Аэрофлот компаний дэмжлэгтэйгээр “Монгол Вундеркинд-2013” олимпиадыг амжилттай зохион байгуулж үндэсний ялагчидаа тодруулсан билээ. Үндэсний ялагч болсон хүүхдүүд Газарзүйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн нэг баг болон оролцсон юм.
Тэд өчигдөр болж өнгөрсөн тэмцээнээр Санкт-Петербург дэх дурсгалт газрууд руу хамгийн богино хугацаанд явган аялж, хамгийн их мэдээлэл цуглуулж, мэдээллийн хамгийн чухал хэсгийг сонгон таван минутанд багтаж танилцуулга хийх даалгаврыг маш амжилттай гүйцэтгэн олон улсын багш, сурагчдыг үнэхээр гайхшруулж чадлаа.
Түүх соёлын дурсгалт 13 газрыг хугацаанд багтан, зөвхөн газрын зураг ашиглан явган явж, зургийг нь авч, мэдээллээр баяжуулан танилцуулга бэлтгэх үнэхээр хүнд боловч сонирхолтой даваа байлаа. Монголчууд асуудлыг өргөн хүрээнд цэгцтэй илэрхийлж чаддагаараа, мөн Англи хэлний мэдлэгээрээ илт давуу байв. Унаган Англи хэлтэй орны сурагчид бичсэн зүйлээ уншиж танилцуулсан бол манай сурагчид шууд ярьсан байна. Уралдааны үеэр гадаадын олон хүн “Монголд хүүхэд бүр ийм мундаг уу, ийм царайлаг уу, Англи хэл танай хоёр дахь хэл үү” хэмээн асууж байжээ. “The National Geographic World Championship” тэмцээний мэдээллийг Санкт-Петербург хотоос “National Geographic Kids Монгол” сэтгүүлийн ерөнхий редактор Э.Цолмон манайд мэдээллээ.

АНУ, Канад, Энэтхэг улсын сурагчид Орос Улсын Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн төв байранд лхагва гарагт зохиогдох эцсийн тэмцээнд шалгаран үлдлээ. Эцсийн шалгаруулалтыг АНУ-ын нэр хүндтэй “Jeopardy!” хэмээх асуулт хариултын тэмцээний хөтлөгч Алекс Требек хөтлөн теле-тоглоом хэлбэрээр явуулна. 18 орны сурагчид 28, 29-ний өдрүүдэд урьдчилсан шалгаруулалтанд оролцсон ба АНУ, Канад, Энэтхэгийн баг нийт оноогоороо тэргүүлсэн юм. Эцсийн шалгаруулалт 7-р сарын 31-ний Лхагва гарагийн өглөөний 10:30 минутаас эхэлнэ.

Үндэсний Газарзүйн Нийгэмлэг 1989 оноос хойш жил бүр National Geographic Bee газарзүйн олимпиадыг зохион байгуулж эхэлсэн. Харин 1993 оноос Газарзүйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жил тутам нэг удаа зохиож эхэлжээ. Энэ оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Google ивээн тэтгэж байна.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …