АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа гэгээнтэн “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн өргөтгөл болох хүүхдийн хавдрын эмнэлгийн шавийг нь тавьжээ.
Тус эмнэлэгт хүүхдийн цусны эмгэг, хавдар судлалын эмнэлэг байх аж. Эмнэлэг дотроо нярайн эрчимт эмчилгээний, мэс заслын, хавдартай хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх тасагтай байхаас гадна эцэг эхчүүдийн байрлах өрөөтэй байх гэнэ. Тус төв эхний ээлжинд 150 хүүхдийг хүлээн авч эмчлэх бол 2-3 жилийн дараа гэхэд бүрэн хүчин чадлаа ажиллаж хавдраар өвчилсөн бүх хүүхдийг хүлээн авч, оношилж, эмчлэх аж.
Дашрамд дурьдахад, ЭХЭМТ-д цусны хорт хавдартай 700 гаруй хүүхэд эмчийн хаяналтад байгаа ажээ. Хамгийн харамсалтай нь жил бүр хавдартай хүүхдийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд сүүлийн тоо баримтаас харахад 2009 онд цусны хавдрын 18 шинэ тохиолдол бүртгэгдэж, 2010 онд 24, 2011 онд 33 болж нэмэгдсэн байна.
Нийт дөрвөн тэрбум, нэг сая төгрөгийн өртөгтэй, зургаан давхар эмнэлгийн барилгыг “Тэргүүн чансаа” компани гүйцэтгэж байгаа юм. Хүүхдийн хавдрын эмнэлгийн эхний ээлж 50 ортойгоор ирэх 9-р сарын 21-ний өдөр ашиглалтанд орох юм.
Л.Бадрах