Монголын үүрэн холбооны оператор “Мобиком”, “Юнител”, “Скайтел” групп ирэх хоёрдугаар улирлаас 4G LTE үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Энэ талаар Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэнтэй ярилцлаа.
-Үүрэн холбооны дөрөв дэх технологи болох 4G LTE үйлчилгээг нэвтрүүлэхээр “Мобиком”, “Юнител”, “Скайтел” зэрэг компаниуд Харилцаа холбооны зохицуулах хорооноос эрхээ авчээ. Та энэ тухай болоод энэхүү үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэхгүй юу?
-Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдаанаар Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны 4G LTE үйлчилгээ нэвтрүүлэхээр тусгай зөвшөөрлийн хүсэлтийг Мобиком корпораци, Юнител групп, Скайтел компани ирүүлсэн.Үүний дагуу энэ гурван компанид радио давтамжийн тусгай зөвшөөрлийг 2016 оны хоёрдугаар сарын 5-ны хурлаар олголоо. Эдгээр компаниуд маань зөвшөөрлөө авснаар Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны 4G үйлчилгээг нэвтрүүлэх өргөн боломжтой болж байгаа. Өмнө нь манай улсад яриа мессэжний 2G технологи нэвтэрч, улмаар “ДАТА” гэж нэрлээд байгаа интернэт өгөгдөл дамжуулах 3G үйлчилгээ нэмэгдсэн. 2009 онд гурав дахь үеийн тусгай зөвшөөрлийг компаниудад олгож байсан. Үүнээс хойш найман жилийн дараа дөрөв дэх үеийн технологийн зөвшөөрлийг олгож байна. Энэ хугацаанд нийт хэрэглэгчдийн яриа мессэжний үйлчилгээ ялангуяа сүүлийн хоёр жилийн хугацаанд өгөгдөл буюу дата хэрэглээ рүү шилжсэнээр интернэт ашиглалт, төрөл бүрийн дуу хөгжим, дүрст видео контентуудын хэрэглээ эрс өссөн. Энэхүү хэрэглээг гурав дахь үеийн сүлжээ хүчин чадлын хувьд хангаж дийлэхгүй нөхцөл үүсч байна. Үүнийг дэлхий даяар бүх улсууд мэдрээд дараа үеийн технологи руу өндөр хөгжилтэй орнууд шилжчихлээ. 4G LTE сүлжээ нь хурд, багтаамж хүчин чадлын хувьд өмнөх технологиудаас маш олон зүйлээр давуу талтай учраас хэрэглэгчийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангана гэж үзэж байгаа. Хоёр дахь үеийн технологид CDMA, GSM технологи хоорондоо харилцан холбогдох боломжгүй байсан. Гурав дахь үед энэ асуудал шийдэгдсэн. Дөрөв дэх үед илүү боловсронгуй болоод хөгжиж байна.
-4G LTE сүлжээ яг хэзээнээс дэлхий дахинд нэвтэрч эхэлсэн юм бол. Хичнээн орон энэ технологийг хэрэглэдэг вэ?
-Олон улсын байгууллагуудын судалгаагаар 2015 оны байдлаар 80-100 орон 4G LTE сүлжээг нэвтрүүлсэн байна. Монгол Улс ч мөн адил нэвтрүүлэх гээд явж байна.
-Манайхаас гадна 3G сүлжээ хэрэглэж байгаа орон хэр их байдаг вэ. Манайх л хоцрогдоод байна уу?
-3G сүлжээ үйлчилгээний хувьд дөнгөж 2014 онд зөвшөөрлөө аваад нэвтрүүлж буй улс орон ч байна. Нэг их хөгжлөөс хоцрогдсон зүйл байхгүй. Багтаамж, хэрэглэгчийн хэрэглээг хангах тал дээр технологийн талаасаа хоцрогдож буй юм. Нөгөөтэйгүүр бүр дараа үеийн 5G технологийг Япон, Солонгос, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнууд 2020 оноос нэвтрүүлэхээр тоног төхөөрөмж, үйлдвэрлэл, субьектийн шинжилгээ судалгааг хийж байна. Энэ нь дэлхий дахинд технологи ямар хурдацтай хөгжиж байгааг харуулж байгаа юм л даа. Дэлхийн улс орнуудыг хамруулсан Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ITU/ гэж бий. Энэ байгууллага нь судлагдаж буй, шинээр гарч буй техник технологийг нэгтгэж, олон улсын түвшинд нэгдсэн стандартыг боловсруулах ажлыг хийдэг. Тус байгууллагаас нэгдсэн стандарт гаргасны дараагаар бусад улс орнууд тухайн шинэ технологийг нэвтрүүлэх ёстой. Гэтэл зарим хэрэглэгчид буруу ойлгоод манайх хоцрогдож байна гэж ярих нь бий.
-Одоо хэрэглэж буй 3G үйлчилгээгээр дата, контентийг бүрэн авч чаддаг уу. 4G үйлчилгээг нэвтрүүлснээр ямар шинэ үйлчилгээ гарч, нэмэлтээр ямар дата, контент ашиглах боломжтой болж байгаа вэ?
-Ихэнх хэрэглэгчийн чиг хандлага дуу хөгжим, дүрст видео руу шилжчихлээ. 3G үйлчилгээний хувьд үүнийг бүрэн хангах боломжгүй. Яагаад гэвэл өмнөх үеийн технологид яриа, текстэн өгөгдөл дамжуулах нь л хамгийн чухал байсан. Харин дата үйлчилгээ нь дагалдах үйлчилгээ байсан. Тэгвэл 4G үйлчилгээ дээрх бүх төрлийн үйлчилгээг бүрэн хангах хурд, багтаамжийг бий болгосон.
-Ямар хурдтай, хүчин чадалтай дата ашиглах боломжтой болж байна?
-4G LTE үйлчилгээ нь одоогийн 3G үйлчилгээнээс дор хаяж таваас долоо дахин илүү хурдаар өгөгдлийг дамжуулах боломжтой.
-Энэ үйлчилгээ нэвтэрснээр суурин утасны ярианы төлбөр, мессэжний төлбөр, дата ашигласны төлбөр хямдрах боломжтой юу?
-Манай салбарын хувьд бусад орнуудтай харьцуулахад нэг хэрэглэгчээс олох дундаж орлого харьцангуй бага байдаг. Өндөр хөгжилтэй орнууд нэг хэрэглэгчээс сард 50-100 ам.доллар олдог. Манайхтай адил дундаж хөгжилтэй орнууд 25-50 ам.доллар авдаг бол Монгол Улсын хувьд 5-6 ам.доллар хүрэхгүй байгаа. Энэ нь цаашдаа энэ салбарт үйлчилгээ эрхэлдэг байгууллага шинэ техник, технологид хөрөнгө оруулалт хийх бололцоо улам муудаж байна гэсэн үг. Үйлчилгээний үнэ тарифыг улс орны эдийн засгийн байдал, хэрэглэгчийн өрхийн орлого зэрэгтэй уялдуулж гаргахгүй бол болохгүй. 4G LTE үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд маш их хөрөнгө оруулалт шаардлагатай учраас 3G үйлчилгээнээс хямд байна гэж байхгүй. Харин ч үнэтэй байна. Хэдэн төгрөгийн багц худалдан авч хэрэглэх вэ гэдэг нь тухайн өрхийн орлогоос л шалтгаална. Олон улсын байгууллагуудын судалгаагаар бусад улс орнууд нийт өрхийн орлогын таван хувийг харилцаа холбоонд зарцуулдаг. Манай орны хувьд энэ тоо зарим тохиолдолд таван хувьд хүрдэггүй.
-Зөвхөн харилцаа холбооны салбараас гадна барилга инженерчлэлийн салбарт шинэ боломж, ажлын байр бий болгоно гэж байна. Энэ талаар?
-Харилцаа холбооны салбар хоёр дахь, гурав дахь үеийн технологиудад дангаараа хөгжиж ирсэн бол сүүлийн үеийн технологийн дата, хурд өндөрссөнтэй холбоотойгоор илүү олон салбарыг хамарсан үйлчилгээ бий болгох боломжтой. Хүний амьдралын өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой шинэ үйлчилгээ ч бий болж байна. Цахилгаан, дулаан, усны тоолуур төхөөрөмж тавиад түүнийг сар бүр мэргэжилтэн ирж төлбөр боддог. Энэ төрлийн мэдээллийг цаашдаа үүрэн холбооны сүлжээ технологийг ашиглаж, цуглуулаад нэгдсэн баазыг бий болгож улмаар улс орны хэмжээнд байгууллага, өрхийн хэрэглээ ямар байгаа зэрэг өгөгдлүүдийг гаргах боломжтой. “Big data” буюу их хэмжээний өгөгдөл гэж ярих болсон. Энэ үед ямар нэг байгууллага шинэ төрлийн овор багатай технологи ашиглах боломжтой болно. Машинаас машин руу гэдэг байсан бол “internet of things” буюу хүний оролцоотой ахуйн өдөр тутмын хэрэглээний төхөөрөмжүүдийг автоматаар удирдах боломжийг бий болгох суурь бүрэлдэж байна. Бүх зүйлийг удирддаг ер бусын амьдрал руу шилжих гэж байна.
-3G үйлчилгээг WIFI ашиглан хүлээж авдаг байсан бол 4G-г бусад технологиор хүлээж авах боломжтой гэсэн үг үү?
-Хэрэглээг өөр түвшинд аваачна гэсэн үг. Энэ нь юу вэ гэхээр өдөр тутам хүний амьдралд хэрэглэгддэг электрон бараануудыг энэ технологийг ашиглахаар суурилуулсан төхөөрөмжөөр нь дамжуулж удирдаж болно гэсэн үг. Тухайлбал, ухаалаг машин туршилтад ороод эхэлсэн байна. Магадгүй 2019 онд зах зээлд нэвтрэх байх.
-Манайд 4G сүлжээг хэрэглэгчид яг хэзээнээс ашиглах боломжтой болох вэ?
-4G LTЕ үйлчилгээг дөрвөн компани 2013 оноос туршиж эхэлсэн. 2014, 2015 оны “ICT EXPO” дээр туршилтаа танилцуулсан. Эдгээр компаниудын хувьд нэгдүгээр улиралд туршилт хийгээд, хоёрдугаар улирлаас хэрэглэгчдэд хүргэх байх. Тоног төхөөрөмж үйлдвэрлэл, нийлүүлэх ажилд ойролцоогоор 90 хоног зарцуулна.