Баянголын амыг урагш нь зөөсөн “Болд төмөр Ерөө гол”-ын босс Б.Дэлгэрсайханд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийг үүсгэн байгуулагч   “Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайханд  Эрүүгийн  цагдаагийн газрын эдийн засгийн  албанаас  эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар УМБГ-т шилжүүлсэн байна.

Тодруулбал түүнийг БНХАУ руу төмрийн хүдэр тээвэрлэн гаргахдаа вагоны даацын хэмжээг багасгаж гаальд мэдүүлсэн мөн онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгах болсон аж.

Энэ   талаар  албаны  эх сур­валжийн   мэдээлж буй­гаар Б.Дэлгэрсайхныг баяр наад­мын өмнө саатуулан шалгаж байсан боловч тун удалгүй сулласан аж.

Уг нь 110 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй эл орд манай улсын хүдрийн хамгийн том ордод тооцогддог гэдгийг ал­ба­ныхан онцолж байсан.

Харин МАН-ыг ид мандан бадарч байх үед Б.Дэлгэрсайхан “Болд төмөр Ерөө гол” компанийнхаа нэр дээр “Дорнын төмөр зам” хэмээх компани байгуулсныг бид тухайн үед өмнөх дугаартаа мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, өөрсдийн барьсан төмөр замаар эл компани Ерөө суман дахь модоор бүрхсэн бүхэл бүтэн нэг уулын амыг дэлбэлж, буталж урд хөрш рүү зөөсөн байгаа юм.

Товчхондоо Б.Дэлгэр­сайхан Сэлэнгийн нэг уулыг төмөр замаар Хятад руу зөөгөөд тэдэнд худалдсан гэсэн үг. Түүнчлэн “Дорнын төмөр зам” компани нь Сайншандаас “Тавантолгой” руу татах 200 гаруй км төмөр замын суурь бүтцийг концессийн гэрээний дагуу барих ашиглах шилжүүлэх төслийг 20 жилийн нөх­цөлтэйгээр аваад өөрийн хө­рөнгөөр эхлүүлсэн ч ажил нь зогссон тухай бид мэдээлж байсан.

Ямартай ч энэ зайтай эрийн арыг даадаг эрхмүү­дээр экс Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр зэ­рэг хүмүүсийн нэр эртнээс дуул­даж байсан билээ.

Харин учир мэдэх хү­мүүсийн ярьж буйгаар Б.Дэлгэрсайхныг шалгах бол­сон нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой байж магадгүй хэмээн хар­дах болсон байна.

Учир нь Н.Багабандиас илүүтэйгээр “Болд төмөр Ерөө гол” компанийн Монголын талын нууц ноёнтон нь Н.Энхбаяр байх магадлал өндөртэй аж. Тодруулбал Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед тус компани хувьдаа төмөр зам барих тендерийн эрхийг ямар ч саадгүйгээр авчээ.

Гэхдээ өмнөх Засгийн газраас энэхүү их хэмжээний төмөр зам барих тендерийн эрхийг ямар ч саадгүйгээр авах­даа Б.Дэлгэрсайхан өөрийн эзэмшлийн ком­па­нийн төмрийн хүдрийг урд хөрш рүү зөөх ашгийг давхар харсан сэргэлэн бизнесмэн бололтой.

Хамгийн сонирхолтой нь түүний төмрийн хүдрийг зөөдөг галт тэрэгний зүтгүүр манай улсын төмөр замд ч байхгүй.

Албаныхны хэлж буй­гаар хүч, чадлаа дагаад үнэ өр­төг нь ч асар их буюу ганц л зүтгүүр нь 4.2 сая ам.дол­­ларын үнэтэй аж. Тэг­вэл Б.Дэлгэрсайханд ийм зүтгүүр 20 гаруй байдаг юм билээ. Тус компани хүд­рээ өөрийн эзэмшлийн тө­мөр замаар тээвэрлэдэг ч ашиглаад хоёр жил болж буй ч үүнийг нь улсын комисс одоог хүртэл хүлээж аваагүй байхад тээвэрлэлт явуулсаар л байгаа юм.

Түүнчлэн Баянголын уур­хай­гаагаас Дулаанханы зөрлөг хүртэл 98 км зам тавьсан. Нэг км  зам та­вихад гурван сая доллар зарцуул­сан гээд байгаа. Бvх л систем, технологи нь хятад стандартаар баригдсан гэдэг юм билээ. Энэ замаар жилд 10 сая тонн төмрийн хүдэр зөөх хүчин чадалтай юм билээ.

Ямар ч байсан Монголын төмөр замд байхгүй асар өндөр өртөгтөй зүтгүүрээр Монгол улсын  газрын хэв­лийн үнэт эрдэс болсон төм­рийн хүдрийг урд хөрш рүү экспортлож хөрөнгөлөг эрхмүүдийн нэг болсон  “Болд төмөр Ерөө гол”-ын босс Б.Дэлгэрсайхныг хууль хяналтынхан овоо хараандаа авч шалгаад эхэллээ.

Хэрвээ түүний гэм бу­руутай нь тогтоогдвол араас нь улстөрийн нөлөө бү­хий эрхмүүд ч хамсаатан нь болж хэрэгт татагдах  магадлалтай ажээ.

эх сурвалж: images (1)

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …