“Google” компани жолоочгүй автомашин бүтээж, 24 ширхэг ийм автомашиныг турших үеэр мэдрэгч болон камерын тусламжтайгаар өөрөө явагч нэг автомашин нь автобустай мөргөлдсөн осол гаргажээ.
Энэ нь “Google” компанийн жолоочгүй автомашины төсөлд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Калифорни мужийн авто тээврийн хэлтсээс “Google компанийн жолоочгүй автомашин 3км/цагийн хурдтайгаар зам дээр байсан шуудайтай элсийг тойрч байх үедээ 25км/цагийн хурдтай явж байсан автобустай мөргөлдсөн” гэж хэлжээ.
Гэхдээ иймэрхүү жолоочгүй автомашин автоматаар ажиллаж байх үедээ буюу замын хөдөлгөөнд оролцож байхдаа олон удаа осол гаргаж байсан ч бүгд бусдын буруутай үйлдлээс болж байжээ. Хэрвээ дээрх осол “Google”-ийн жолоочгүй автомашины буруугаас үүдэлтэй гэдэг нь тогтоогдвол энэ нь “Google” компанийн буруугаас шалтгаалсан анхны осолд тооцогдох аж.
“Google” компанийн хэлснээр, дээрх осол хүн болон системийн хоорондох үл ойлголцлоос үүдэн гарсан. Өмнөх үетэй харьцуулахад хүмүүсийн ойлголт өөрчлөгдөж, жолоочгүй автомашинд зам тавьж өгөх нь элбэг болсон ч автобус болон бусад том оврын тээврийн хэрэгслүүд хүндрэл учруулсаар байгаагаас болжээ.
Ө.Намуун