Б.Номин-Эрдэнэ: “Этник момент” тоглолтоор бүх л эрхтнээрээ дуулж үзүүлнэ

Шуранхай хамтлаг гэдгээрээ олноо танигдсан, Улсын филармонийн гоцлол дуучин Б.Номин-Эрдэнэтэй гуравдугаар сарын 7,8 ны өдрүүдэд болох “Этник момент” тоглолтынх нь талаар ярилцлаа.

-Уран бүтээл нь арвин уу?  Сүүлийн үеийн сонин сайхан юу байна?

-Хамгийн сүүлд Окитой хамтран Төрийн шагналт,Соёлын гавъяат зүтгэлтэн, З.Түмэнжаргалын үг, хөгжмийн зохиолч Б.Шаравын ая “Дуулмаар Урианхай нутаг” хэмээх сайхан бүтээлийг дууллаа.  Хэдхэн хоногийн өмнө баруун  Монгол ардын дуу “Журай гэлдгэнэ” гэх дуундаа клип хийлгэсэн. Мөн гуравдугаар сарын 7,8 нд өөрийн хоёрдох бие даасан  тоглолтоо М плазад хийхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна.

-“Этник момент” тоглолтын онцлог нь юу вэ, нэр нь хүртэл содон байна л даа?

“Этник момент” тоглолтын гол онцлогийн тухайд гэвэл дан амьд хөгжмөөс бүрдсэн амьд тоглолт гэдгээрээ онцлоготой. Өмнөх тоглолт маань шоу тал руугаа байсан бол энэ удаад Монгол хүний язгуур, уламжлалт ахуйг шингээсэн,  хоолойны тоглолт болно. Хоолойны гэхээр уншигчид гайхаж магадгүй л дээ. Энэ нь өөрөөс гарах дуу авиа, өнгийг сэтгэл хөдлөлийн олон элементээр дамжуулж илэрхийлэхийг хэлж байгаа юм. Жишээ нь уурлахдаа, баярлахдаа, инээхдээ, айхдаа,  гаргадаг  богино хэмжээний уулга алдалт, дуу авиаг хөгжмийн хэмнэлд оруулж бүх л эрхтнээрээ дамжуулан дуугаргаж дуулах учраас тоглолтоо “Этник момент” гэж нэрлэсэн. Монгол хүний үйл хөдлөл, үг яриа, зан байдлыг  тус тоглолтоороо харуулахыг зорьж байна.

-Бүх л эрхтнүүдийн оролцоотойгоор дуулна гэлээ. Энэ нь яг яаж дуулна гэсэн үг вэ?

Дуу  дуулахад тархины цусан хангамж маш ихээр нэмэгддэг. Өөрөөр хэлбэл дух, хамар, нүүрний бүх хөндий яснууд цуурайтаж дуугардаг. Бусад эрхтнүүдийн хувьд уушиг, зүрх, таван цулын эрхтэн, нарийн бүдүүн гэдэс хүртэл автоматаар ажиллаж байдаг. Үүнийг л бүх эрхтнээрээ дуулах гэж хэлээд байгаа юм л даа. Товчхондоо, дуулахад бүх эрхтнүүд байгалийнхаа инерцээр биш автоматаар хөдөлж, тэлж байдаг гэсэн үг.

Хүүхэд байхдаа дуучин болно гэж шийдсэн үү?

– Би багадаа жүжигчин болохыг мөрөөддөг байлаа. Тиймдээ ч аймгийнхаа хүүхдийн “Тэмүүжин” театрт явдаг байсан.  Тэгээд нэг өдөр би ямар киноны гол дүрд тоглох  нуруу, царайтай ч биш гэж бодсон. Гэтэл манай Ганчимэг багш болон ээжийн найзууд “Танай ээж чинь хүүхэд байхдаа дуулдаг байсан юм чинь чамд уртын дуу дуулах нөөц бололцоо байгаа” гээд Баянхонгор аймгийн ХДТ-т ажилладаг Д.Хоролоо эгчээр анх уртын дуу заалгуулж хожим нь тэр сурсан дуугаа СУИС-д орохдоо шалгуулж тэнцсэн.

-Авъяас гэдэг байгалиасаа заяагддаг төрмөл зүйл үү эсвэл хөдөлмөрийн үр дүнд төрүүлдэг юм болов уу?

– Авъяасыг хүн төрүүлдэг гэж бодож байна. Би өөрийгөө төрмөл байгалийн авъяастай гэж хэлэхгүй бүх юм тухайн хүний уйгагүй хичээл зүтгэл, чин сэтгэл дээрээс нь  аливааг нягталж харах өнцөг, тэрийгээ бусдад зөв хүргэх, зөв харилцаатай байж зөв менежментээр  түүнийгээ гаргаж ирдэг юм болов уу. Жишээ нь Япон, Хятадаас энэ дуучин болж яахнав дээ, яагаад ч энэ дуучин болох хүн биш гэж бодмоор оюутнууд манай Дэлгэр багш дээр ирдэг. Гэтэл бүтэн жил уйгагүй бэлдээд дуучин болчихоод явдаг. Миний хувьд ч тэр. Уртын дууны гоё, сайхан, мөн чанарыг нь ч мэддэгүй, бөхийн барилдаан болон баяраар явдаг бэлэгдлийн шинжтэй  дуу юм байна л гэсэн ойлголттой байсан. Уртын дуу сонсч өсөөгүй болоод ч тэрүү анх дуулах гэсэн нэг л болдоггүй байлаа. Тэгэхээр миний хувьд цэвэр хөдөлмөрөөр бий болгосон зүйл.  Дуулаад байхаар аяандаа өөрөө суудаг юм билээ.

-Тухайн дуучин ямар түвшинд хүрээд өөрийгөө дуучин гэж хэлэх хэмжээнд очих вэ?

-Хэрвээ энэ мэргэжлийг сонгосон л  гэж бодож байгаа бол итгэл үнэмшил бүх зүйлээ өөртөө бий болгох хэрэгтэй юм болов уу. Нэгэнт  энэ мэргэжлийг сонгосон л юм бол  мэргэжилдээ эзэн нь болж батлахын тулд өдөр бүр уйгагүй хөдөлмөрлөдөг тэр үедээ л дуучин гэж хэлэх хэрэгтэй байх. Уртын дууг хүн болгон дуулж чадахгүй. Дуулж сурахын тулд судлах юм ч их байдаг.

-Урлагийн бүсгүйчүүд, ээж болсноор дууг чин сэтгэлээсээ мэдэрч дуулдаг болсон гэж ярьдаг л даа. Таны хувьд ээж болоод юу өөрчлөгдөв?

-Миний хувьд тийм биш, илүү ачаалалтай болж үүнийгээ зохицуулж, дааж сурна уу гэхээс биш ээж болоод ухаантай дуулдаг эсвэл аливааг өөрөөр хардаг болсон зүйл миний хувьд байхгүй. Ээж болоод мэдээж илүү ачаалалтай болсон үүнийгээ хуваарилж чаддаг болсон. Түүнээс биш миний дуулалтад өөрчлөгдсөн зүйл байхгүй.

Лам нар уртын дууг  зохиодог байсан гэсэн сонин юм шүү?

-Тийм ээ. Уртын дууг жирийн хүн зохиодоггүй байжээ.  Зарим уртын дууг авшигтай гэж ярьдаг. Сайн дуулах юм бол том номуудтай тэнцдэг ч гэж үздэг.  Уншлагтай том лам нар зохиож байсан нь үнэн  тэр ч үүднээс  уншлага шиг өнгө аястай, зөөлхөн байдаг. Харин зарим дууны хувьд аж ахуйгаас төрсөн нь мэдрэгддэг. Тухайлбал “Өнчин цагаан ботго”, “Хөөрхөн халиун” зэрэг дуунууд ахуйн шинжтэй. Мөн хүмүүийн зохиогчийг нь мэддэг дуунууд гэхэд Данзанравжаа “Оломгүй далай”, “Өвгөн шувуу”, “Урьхан хонгор салхи”-ийг зохиосон байдаг. Манай аймагт Эрдэнэцогтын хийд гэж байдаг. Тэр хийдийн хаалгыг хойш нь харуулаад барьсан байдаг учир хэлмэгдүүлэлтийн үед нураагүй бүтнээрээ үлдсэн гэдэг. Яг үүн шиг дууны үгийг нь бага зэрэг өөрчлөөд аваад үлдсэн дуунууд ч хүртэл бий. Хөдөөний зарим айлд  уртын дууг дуулахад хуучны учир мэддэг хүмүүс зул өргөөд, арц, хүз уугиулж ихэд хүндэтгэлтэй хүлээж авдаг.

-Залуучуудын хувьд уртын дууны мөн чанар, утга учрыг мэддэггүй, сонсдог нь ч ховор. Үүнийг идэвхжүүлэхийн тулд юу хийх ёстой  гэж бодож байна вэ?

-Үүнд ганцхан залуучуудын буруу байгаа юм биш. Нөгөө талаас уртын дуучид маань өөрсдөө ажлаа муу хийж  байна гэж би боддог. Би дуулсан газрууддаа уртын дуу гэж ийм юм байдаг юм уу гэсэн сэдэл, мэдрэжийг өгөхийг хичээдэг. Энэ мэдрэмжийг авсан  хүн аяндаа сонирхож ирдэг. Мөн холбогдох боловсрол соёлын газар нь ч үүн дээр анхаарч ухамсарт нь суулгаад өгвөл уртын дууг сонирхох залуучууд  олон болно.

-Гадныхан уртын дууг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Гадаадад тоглолтоор явж ирэх болгондоо үнэхээр сайхан мэдрэмж, урам зориг аваад ирдэг. Миний  дуулахыг сонссон хүмүүс байгаль дуулаад байгаа юм шиг санагдлаа гэдэг бол зарим нь асгартал уйлдаг, инээдэг, баярладаг, бүр зарим нь ямар нэг юм хайгаад байдаг.  Хаанаас, яаж ингэж дуугараад байнаа гээд л . Тэр болгоноос л урам авсаар байдаг. Тухайлбал Герман, Америкт  очоод дуулахаар хүмүүс нь  их уйлдаг. Үүнийг би “Үнэхээр лус савдаг байдаг юм байна. Ганцхан Монголчуудад төдийгүй гадныханд ч хувь хүний язгуур шинжийг нь санагдуулсан эсвэл өөрт нь их ойр мэдрэмжийг өгдөг юм байна”  гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн шүү.

-Хүнээс гарах хамгийн дээд сэтгэл хөдлөл нулимас болов уу, зүрх сэтгэлийн нарийн  утсыг нь хөндтөл дуулна гэдэг  гайхамшигтай юм шүү?

– Баярлалаа. Уртын дуу үнэхээр гоё. Гадаадад тэр олон өндөр байшингуудын дунд дуулахаар, зарим газар нь  цуурайтаад эргээд над дээр ойгоод маш хүчтэй мэдрэмжийг өгдөг. Зарим үзэгчид намайг ийм  намхан мөртлөө ямар хүчтэй дуулдаг юм бэ зарим нь уртын дууны аялгуу ямар гоё гүн тайвшрал, мэдрэмж өгдөг юм бэ гэнэ.  Уртын дуу ямар хүчтэй агуу болохыг дээрх мэдрэмжүүд илтгэж байгаа   болов уу.

-Урлагийн хүний ар талын бат найдвар нь  гэр бүлийн хүн нь болов уу,  нөхөр тань хэр ойлгодог вэ?

-Тэгэлгүй яахав, би төсөөлж байсан тэр ханхүүтэйгээ учирсан. “Этник момент” тоглолтыг хийх сэдэл санаа, эрч хүчийг  нөхөр маань л  надад өгсөн.  Бүх зүйл дээр ойлгодог, хамтардаг, дэмждэг бүх чадлаараа тусалдаг.   Мөн хүүхдээ сайн асардаг. Өмнө нь нэг толгой л бүхнийг шийддэг байсан бол одоо хоёр толгой зэрэг ажиллахаар ачаалал их багасдаг юм байна. Танай сайтаар дамжуулаад нөхөртөө маш их баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна.

-Аватар кинонд өөрийн тань хоолой бичигдсэн гэсэн. Энэ үнэн үү?

-Тиймээ үнэн.  Аватар киног анх үзээд ямар сонин над шиг дуугардаг юм бэ гэж бодсон л доо. Тэгээд хэд хэд үзээд өөрийн хоолой болохыг мэдсэн. 2009 онд Sony BMG Music Entertainment-ийн Абдул дэлхийд гараагүй содон авиа хайж Монголд ирсэн юм билээ.Тэр үед Ардын жүжигчин Нэргүй эгчид санал тавьсан ч  түүнтэй тохиролцож чадаагүйн улмаас хамтарч ажиллаагүй юм билээ. Тэгээд  тэр бичлэгэнд орох уу гэдэг саналыг  надад тавьснаар, би тэр хоолойг бичүүлсэн. Абдул монголд ирэхээсээ өмнө хятадаар явсан гэж хэлж байсан. Тэгж явахдаа манайд ирж бичлэг хийсэн цаанаасаа ирнэ гэж төлөвлөсөн байсан уу эсвэл хятадын нэг муж гэж бодсон юмуу Хятадаас гэж орсон байдаг юм билээ. Би  үүнийг өнгөрсөн жил л мэдсэн. Абдул  тэр бичлэгээ Аваторынханд зарсан гэсэн үг л дээ. Анх надад Абдул “Монголд том брэндийн дэлгүүр нээгдэх гэж байгаа тэрний өнгө төрхийг тодорхойлсон хөгжмийн бичлэг юм” гэж л хэлж байсан.

-Чин сэтгэлээсээ   ярилцcанд  баярлалаа. Тоглолтонд нь амжилт хүсье.

-Баярлалаа.  Хийж байгаа зүйлдээ үнэнч байх юм бол амьдрал чамд алгаа дэлгэдэг юм байна гэдгийг ойлгоод л тоглолтондоо бэлдээд байж байна даа. Тоглолтыг маань ирж үзээд  нэгэн үдэш сайхан мэдрэмжийг аваарай гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа.

Ш.Адъяамаа

Эх сурвалж.Breakingnews.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …