Хуульч, лектор Ц.Амарсанаатай ярилцаж, түүний үзэл бодол, байр суурийг сонслоо
-Залуусын төлөөлөл болсон, мөн тэдэнд үлгэр дууриалал болж, эерэг сайхан зүйлс рүү уриалан дууддаг тэр дундаа хуульч, илтгэгч хүний нүдээр өнөөгийн нийгэм, хүмүүсийн амьдрал ямар харагдаж байна?
-Хүний амьдрал, нийгэмд сайн ба муу зүйлс хоршин оршиж байж сая утга учиртай болдог. Гагцхүү сайн сайхан зүйлсээ муугаас нь илүү байлгаж, амьдрахын төлөө л хүмүүс тэмцдэг. Өнөөдрийн нийгэмд эсрэг, сөрөг зүйлс олон л байна.
Нэгэнт нийгмийн амьдрал ярьж байгаа тул хүн амын амьдралын түвшинг ярихгүй байхын аргагүй. Ялангуяа нийслэлд аж төрж буй хүүхэд, залуучуудын ирээдүйн амьдрал ихээхэн хүнд байна. Энэ нь ч нийгмийг бухимдуулж байна.
-Үүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл гэвэл юуг нэрлэх вэ?
-Олон шалтгаан дурдаж болох байх л даа. Гэхдээ миний бодлоор төрийн удирдах, дээд албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа хамгийн гол нөлөөлөх хүчин зүйл гэж бодож байна. Тэд нийгмийг хөдөлгөх гол хүч болох иргэд, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг төдийлөн дэмжихгүй байна уу гэж хардаг.
Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн, хүмүүнлэг зэрэг төрийн бүхий л үйлчилгээг бүх насны иргэдэд ижил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн эрүүл аюулгүй, орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх зэрэг асуудлыг дорвитой шийдвэрлэж чадахгүй байна гэж боддог…
– Хэрхэн, яаж ажиллаж, амьдрах нь тухайн хүнээс өөрөөс шалтгаална гэсэн гэсэн байр сууринаас хандах нь бий. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Эсрэг байр суурьтай байна. Өөрийн хүчээр хөдөлмөрлөж, хийж бүтээгээд тодорхой амжилтад хүрсэн залуус олон бий гэдэгтээ санал нийлнэ. Гэтэл хэдий хичээгээд санасандаа хүрч чадахгүй олон хүн бий.
Тэднийг “залхуу” гэж хэлж болохгүй.
Ялангуяа өнөөгийн залууст сурч боловсрох, хөдөлмөрлөх эрмэлзлэл байвч тодорхой учир шалтгаан, нөхцөл байдлаас болж, бусадтай ижил боломжоор хангагдаж чадахгүй байна. Тиймээс иргэдээ ажлын байраар хангаж чадахгүй байгаагийн иргэдийн өөрсдийнх нь арчаагүй, боловсролгүй, мулгуу байдлаасаа болж байна гэж бурууг тэдэнд нялцааж болохгүй.
Нэг талаас дөнгөж сургуулиа төгссөн залуу боловсон хүчнийг дэмжих хэрэгтэй байна. Тэдэнд ажил олгогчид хэт өндөр шалгуур тавьж, туршлага заана. Эсвэл дадлагажуулж байна гээд цалингүй эсвэл маш бага хөлсөөр ажиллуулж байна. Тэдний өсөн дэвжих боломжийг хааж, цаг наргүй ажиллуулж байгаа нь зүйд нийцэхгүй.
Нөгөө талаас шинэ, залуу чадварлаг боловсон хүчнүүдэд хангалттай боломж нээл өгдөггүй, чадварыг нь дутуу үнэлдэг, тушаал дэвшүүлэхээс татгалздаг зэрэг хандлагууд байсаар байна. “Танилын нүүр халуун” гэгчээр чадварлаг гэхээсээ илүү хамаатан садан, танил хүрээнийхний ажилд авах, цаашлаад удирдах албан тушаалд томилох нь энгийн үзэгдэл.
Энэ хэрээр эдийн засгийн эргэлтэд сөргөөр нөлөөлж, хүмүүсийн аж төрөх, худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байна.
– Энэ байдлыг яаж өөрчлөх вэ? Таны санал?
– Шат дараатай алхмууд хэрэгтэй. Аль асуудлыг эхэлж шийдэх вэ гэдгээ сайтар бодолцож үзэх нь зүйтэй. Тухайлбал, нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах, орон нутагт ажиллаж, амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.
Ингэхийн тулд тогтвортой ажлын байр бий болгох, ажлын байрыг тогтмол өсөн нэмэх, өрсөлдөхүйц цалин урамшууллын систем үйлчлэх ёстой.
-Таны яриа түлхүү хөдөлмөрийн зах зээл рүү чиглэж байна? Энэ үнэхээр чухал сэдэв мөн үү?
-Нэн чухал. Тэр тусмаа шинжлэх ухааны үндэстэй нарийвчилсан судалгаа хөдөлмөрийн зах зээлд хэрэгтэй байна. Одоо аливаа шийдвэр, тогтоолууд тодорхой ашиг сонирхолд автсан байх нь түгээмэл байна. Энэ үнэхээр харамсмаар.
Төр эхлээд иргэдээ ажлын байраар хангаад өг, дараа нь залхуу, хойрго иргэдтэй эсэхээ хар гэж хэлмээр байна.
-Хэн нэгний хувийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гэлээ. Та тодорхой жишээ дурдаж чадах уу?
-Би нэг зүйлийг ойлгоосой гэж хүсч байна. Баяр наадам бидэнд ихэдсэн үү гэхээс биш огтхон ч багадаж, дутсангүй. Өнөөдөр бидэнд баяр наадам гэхээсээ илүүтэй эхлээд улс орны эдийн засгаа хөл дээр нь босгож, иргэдийнхээ амьдралын түвшинг сайжруулах шаардлага нэн тэргүүнд тулгарч байна.
Нэгд, өнөөдөр гэр хороололд иргэдийн хэд орчим хувь нь амьдарч, тэдний амьдралын түвшин, орчин нөхцөл нь ямар байгаа билээ дээ. Үүнийгээ дагаад хамгийн түрүүнд эрүүл мэндийн асуудал хөндөгдөнө.
Хоёрт, амьжиргааны түвшин эрс муудаж, баян хоосны ялгаа нүдний өмнө илт байна. Өдрийн хоолоо арай ядан аргацааж буй нэг хэсэг байхад ганц удаагийн оройн зоогондоо зуу зуун мянга, саяар нь зарцуулж буй хэсэг ч байна.
Гуравт, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн салбар хамгийн хүнд байдалд байна. Төрөх эмнэлэг, гэмтэл, түлэнхийн эмнэлгүүд салбар дундаа хамгийн хүрэлцээ муутай байна. Эмнэлэг, эмнэлгийн тоног төхөөрөмж, боловсон хүчний хүрэлцээ, хүрээмж муу байгаагаас өтгөс буурлуудаас эхлээд амьдралын амтыг амталж явах насандаа хүүхэд, залуус хүртэл хорвоогийн мөнх бусыг үзэж байгаа нь дэндүү харамсмаар.
Дөрөвт, хотод дэг журам тогтоох зорилготой хууль тогтоомж, тогтоол шийдвэрүүд иргэдийг бухимдуулж байна. Татвар, торгууль ногдуулахаас өөр дорвитой бодлого хэрэгжүүлж чадахгүй л байна.
Энэ мэтчилэн яриад байвал тулгамдсан асуудлууд ар араасаа хөвөрнө. Төлөвлөлт, судалгаа, үндэслэлтэй, олон нийтийн санаа бодлыг тусгасан шийдвэр гаргах нь юу юунаас илүү чухал байна.
…Сонгууль тун дөхөж байна. Сонгууль өгнө гэдэг иргэн бүрийн хариуцлага нөгөө талаараа бидний бас нэгэн боломж юм…
Тиймээс та бүхэн сонгуулиа өгөхдөө илүү анхааралтай байж, эрүүлээр сэтгэдэг, ард түмний төлөө ажиллах сэтгэл зүрхтэй, оюунлаг хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Бид ямар орчинд амьдарч, ямар ажил хийх, хаана эмчлүүлж, хэрхэн боловсрол эзэмших нь бидний сонгох сонголттой шууд холбоотой юм шүү гэдгийг ойлгоорой.
-Ярилцахад таатай байлаа. Баярлалаа
Эх сурвалж: vip76.mn