2015 оны эхээр авсан Сант Марал сангийн судалгаагаар улс төр, нийгэм, эдийн засгийн хамгийн тулгамдсан 3 асуудалд ажилгүйдэл (32.2 %), амжиргаа (17.8 %), үнийн өсөлт (15.5 %) орсон байна. Эдгээр 3 тулгамдсан асуудлууд бүгд Монголчууд бидний авч байгаа цалин, олж байгаа орлого амьдралд хүрэлцэхгүй болж байгааг харуулжээ. Энэ бүхний буруутан хэн бэ гэсэн асуултанд улс төрд байгаа, биднийг удирдаж байгаа хүмүүс гэж нийт судалгаанд оролцсон хүмүүсийн 74.5 хувь нь үзжээ. Үүнээс харахад улс төрчдөд итгэх итгэл түүхэндээ байгаагүйгээрээ бага болсон байгааг харж болно. Ингэхэд Монголчууд бидний мөрөөдөл, Монгол үндэстний тэмүүлэл юу вэ, бид хаашаа явж байна вэ? 10, 20 жилийн дараа ямаршуухан улс болж хөгжих тухай тэр болгон санаа зовж тэрний төлөө дуугарч зүтгэж байгаа улс төрч ховор болжээ.
Монгол мөрөөдлийн тухай анх нийтлэлч Д. Сайнбаяр сонирхолтой өгүүлэл бичсэн байдаг. Бидний урд хөрш биднийг учраа олохгүй сандал ширээтэй зууралдах зуур Хятад мөрөөдөл гэж юу болох өөрийн үндэстнийхээ хүсэл эрмэлзлээ эрдэмтэн судлаач нараа цуглуулан тодорхойлж чаджээ. Хятадын удирдагч Си Зинпиний тодорхойлсноор “Хятад мөрөөдөл” (Chinese Dream) гэж Хятадын ард түмний сэргэн мандалтын тухай ойлголт бөгөөд 2020 он гэхэд чинээлэг дундаж давхаргыг хот хөдөө ялгалгүйгээр бий болгож дотоодын нийт бүтээгдэхүүнээ 2 дахин нэмэгдүүлж 10,000 ам долларт хүргэн 2050 гэхэд шинжлэх ухаан, технологи, бизнес, эдийн засгийн хувьд дэлхийд тэргүүлэгч хөгжсөн улс болно гэж тодорхойлсон байх юм.
Америк мөрөөдөл гэдгийг ерөнхийд нь жилд 50,000 ам доллараас дээш орлоготой, өөрийн гэсэн байшинтай, унах унаатай чинээлэг сайхан амьдрах гэж ойлгож болно. Гэхдээ албан ёсоор Америкийн зохиолч, түүхч Жэймс Т. Адамс 1931 онд “америк мөрөөдөл” гэдэг нь хүн бүр өөрийн чадвар мэдлэгээрээ сайхан амьдарч болдог нийгмийн тухай ойлголт юм гэж тодорхойлжээ. АНУ-ын тусгаар тогтнолын тунхаг бичигт америк мөрөөдөл гэдгийг Америкийн ард түмний хүсэл эрмэлзэл, үзэл санааны цөм болсон арчилал, эрх чөлөө, тэгш боломжийн тухай ойлголт юм гэж тодорхойлсон байдаг. Тиймдээ ч өнөөдөр Америкийн иргэн бүр өөрийгөө хөгжүүлэн хөдөлмөрлөж чадвал баялаг бүтээж сайхан амьдрах боломжтой гэж итгэдэг. Монголчууд бид ер нь юунд итгэж ямар мөрөөдөл тээж явдаг хүмүүс юм бол? Энэ асуултанд хариулахын тулд үндсэн хуулиа олж харлаа. 1992 оны 1 дүгээр сарын 13 нд баталсан ардчилсан анхны үндсэн хуульд зааснаар Монгол улсын иргэн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хувийн эд хөрөнгөтэй байх зэрэг 18 зүйлийн эрхийг бичсэн байх боловч үзэл сурталын шинжтэй үндэсний хүсэл эрмэлзэл, үнэт зүйл болгон ашиглахад хангалтгүй, соц нийгэмд бидэнд олдоогүй эрхүүдээ цувруулан бичсэн мэт санагдлаа.
Монгол хүний, Монгол үндэстний мөрөөдлийг тодорхойлж төрийн бодлоготойгоо уялдуулан Монголчууд бид эв нэгдэлтэй байж, улс орныхоо хөгжлийн ирээдүйг бодох цаг хэдийнэ болжээ. Бид хөгжилд яарах хэрэгтэй болоод байна. Саяхан бидэнтэй адил зиндаанд явсан Вьетнам улс л гэхэд зөвхөн гэр ахуйн тавилга үйлдэрлэлээрээ 2010 онд 4 тэрбум доллар олж Америкийн зах зээлд байрь сууриа хэдийнэ олж авчээ. Intel, Foxconn, Compal зэрэг дэлхийн компьютер, технологийн томчууд салбараа нээж олон сая хүнийг ажлын байраар хангах болжээ. 2020 он хүртэлх эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж мэдлэгт суурилсан, тогтвортой өсөлтийг бий болгоно гэж ярьж явна.
Биднийг алтан дээр суусан гуйлгачин гэж хэлдэг нь ортой ч юм шиг. Монгол улсын уул уурхайн баялгийг багадаа 3 триллион долларын үнэ цэнэтэй гэж олон улсын байгууллагууд бичжээ. Бид ийм их баялаг нөөцтэй, 3-хан сая хүнтэй атлаа яагаад ядуу амьдарч байна вэ? Бидний Монгол мөрөөдөл хаачив, яагаад улс төрчдөд, төрдөө итгэхгүй болов? Өнгөрсөн 25 жилд ардчилалын үр шимийг бид зөндөө хүртсэн ах нарынхаа өлсөж тэмцэж явсныг түүхийг мартах ёсгүй гэхдээ үзэл бодлоо илэрхийлж эвлэлдэн нэгдэж эрх чөлөөтэй амьдарч чадаж байгаа ч эдийн засгийн эрх чөлөө, эх орондоо хангалуун амьдрах эрх чөлөөгөө ихэнхи ард түмэн маань эдэлж чадахгүй байгаа нь харамсалтай. Энэхүү эдийн засгийн эрх чөлөөг бүтээж чадах төрийн зөв бодлогыг боловсруулж хэрэгжүүлж чадах түмнийхээ төлөө зүтгэх, итгэж болох хүмүүсийг төрд гаргах цаг нь хэдийнэ болжээ. Бидэнд сайхан ирээдүй байна. Оюу толгой, Таван толгойн баялгаа толгойдоо хийж аван дэлхийд өрсөлдөх Монгол улсыг бүтээе! ДНБ-ийг 2020 он гэхэд 10,000 ам долларт хүргэж хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, шинжлэх ухаан технологийн чиглэлүүдийг хөгжүүлж Монгол хүндээ итгэж хөрөнгө оруулья! Харвард, Массачусэттсийн технологийн дээд сургуульд олон мянган залуучууддаа сургая, техник, технологи, нөү-хауг Монголдоо татая, дэлхийгээс маш яаралтай суралцъя! Мэдлэгт суурилсан, өндөр боловсролтой, баялаг бүтээгч чинээлэг, эдийн засгийн эрх чөлөөтэй нийгмийг бий болгоё!
Дундаж цалинг 2000 ам долларт хүргэж Монгол хүний үнэ цэнийг дэлхийн түвшинд хүргэе! Монгол хүн Монголын баялаг гэдгийг ухаарч хүн төвтэй, мэдлэгт суурилсан, баялгийг шударга хуваарилж чадах нийгмийг бүтээж шинэ Монгол мөрөөдөл, шинэ Монгол үндэстнийхээ хүсэл, эрмэлзлийг тодорхойлъё! Бидэнд итгэж болох ирээдүй байна.
Шинэ хөгжлийн бодлогоо хамтран боловсруулж ард түмэндээ эдийн засгийн эрх чөлөөг олгох замаар баялгийн зөв хуваарилалтыг (shared prosperity) бий болгоё! Монгол мөрөөдлөө үндэсний хүсэл эрмэлзэл, хөгжлийн бодлоготойгоо холбож итгэж болох Монголын ирээдүйг бүтээе! Та саналаа бичээрэй!
Хүндэтгэсэн:
Б. Отгонбат Харвард