Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд сүүдрийн эдийн засагт нуугдаж байсан ДНБ-ийн 90 хувьтай тэнцэхүйц, 34.4 их наядын их хөрөнгө, ажил үйлчилгээ илэрсэн нь Монголын эдийн засаг тэр чигтээ хууль бус байсныг харуулав.
Улсын жилийнх нь төсвөөс тав дахин их хөрөнгө гудсан доор нуугдсан байсан нь Монголын бизнес эрхлэгчид тэр хэрээр л хууль хяналт, гааль, татварынхны барьцаанд, тэдний “үнээ, гахай” нь болж явсны нотолгоо болж байна. Ямар сайндаа л татварын хурган дарга нарын данснаас тэрбум, тэрбумаар тоологдох хөрөнгө ил болж, хөрөнгөжсөн хурандаа нарын том арми хуулийн салбараас төрөх билээ дээ.
Сүүдрийн эдийн засагт ДНБ-ийн 90 хувьтай тэнцэх хөрөнгө нуугдаж байгаа нөхцөлд Монголын шорон бизнес эрхлэгчдээр дүүрэх нь ч аргагүй. Монголын төр гудсанд нуугдсан их хөрөнгийг илрүүлснээрээ нэг талаар бизнес эрхлэгчдэд эрх чөлөө олгож, хууль хяналь, гааль,татварынхны барьцаанаас суллаж, нөгөө талаар татварын бааз сууриа өргөжүүлэх, эдийн засгаа тэлэх явдал байв. Зорилгоо ч уг хууль хэд дахин давуулан биелүүлсэн гэж хэлж болно.
Хуулийг батлах үед 8-9 их наяд хөрөнгө ил болох байх гэсэн тооцоог Худалдаа аж үйлдвэрийн танхим болох Татварын албанаас гаргаж байсан юм. Гэвч ийм их хөрөнгө далд нуугдаж, ингэснээрээ хууль, хяналт болон татвар, гаалийнхны “түрийвч” болж явсан гэж хэн ч төсөөлөөгүй байх.
Хуулийг хэлэлцэж байх тухайн үед МАН-ын бүлэг “АН-ынхан өөрсдийнхөө идсэн уусан өршөөх нь” хэмээн илтээр эсэргүүцэж байсан юм. Ямар сайндаа л чуулганы хуралдаанд арга ядсан АН-ынхан “Бизнесийнхэн чинь хуулийнханы дунд үнэхээр дэгээ нь болчихсон. Бүр “гахай” болгох уу, “үнээ” болгох уу гэж ярьдаг болж. Нэг удаа цөм авахыг нь “гахай” гэж ярьдаг. Сар жилээр байнга сааж, үр хүүхдээ гадаадад сургах төлбөр авах, гадаадад амраах мөнгө зулгаадаг хүмүүсээ “үнээ” гэж ярьдаг юм байна. Баялаг бүтээгчдээ нэг удаа дэмжээч” хэмээн учирлаж байсан билээ. Энэхүү хуулийг баталж гаргаснаараа татвараа цаг тухайд нь төлөөд явж байсан бизнес эрхлэгчдэд шударга бус хууль болсон мэт санагдаж байж болзошгүй. Гэвч нийт эдийн засаг дахь эрх ашгаа бодвол ингэхээс өөр арга байгаагүйг илэрсэн энэ их мөнгөн дүнгээс харж болно. Өөрөөр хэлбэл, бусдын “түрийвч” болж явсан бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд санхүүгийн эрх чөлөө олголсноор хэн нэгэн төрийн албан хаагчийн халаасанд хууль бусаар ордог байсан мөнгө иргэдэд хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг, зам болж очих юм шүү дээ.
үргэлжлэлийг эндээс уншина уу