П.Цагаан: Дарханчууд хөгжлийн гайхамшгийг бүтээж чадна гэдэгт итгэдэг

12443628_1076494709069288_123796200_oДарханчууд маань төрөлх хотынхоо хөгжилд хүч өгөхөөр “Дарханы хөгжил” Олон Улсын эдийн засгийн форумыг зохион байгуулахаар ханцуй шамлан ажиллаж байна. Энэ сэдвийн хүрээнд болон Дархан хотын хөгжлийн тухай тус форумын хүндэт зочдын нэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Пунцагийн Цагаантай ярилцлаа.

 –  Дархан хотынхоо хөгжлийн тухай тантай уулзаж ярилцах боломж олдсон нь таатай байна.

 -Баярлалаа.

 – Дархан-Уул аймагт анх удаа “Дарханы хөгжил” Олон улсын эдийн засгийн форумыг аймгийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулах гэж байна. Ач холбогдол, хүрэх үр дүнг хэрхэн төсөөлж байна вэ?

 – Дархан-Уул аймгийн шинэ удирдлага- залуу дарга нар ийм чуулга уулзалт санаачилсныг бүрэн дэмжиж, сайшааж байна. Юуны өмнө баяр хүргэе.

Энэ ялдамд Форум зохион байгуулагчдад хоёр санал даймаар байна. Нэгдүгээрт, судалгаанд суурилсан байх хэрэгтэй. Хоёрдугаарт, Дархан-Уул аймгийн иргэдийн санаа бодлыг тусгаж, иргэдийнхээ оролцоог илүү хангах юм бол үр дүнтэй арга хэмжээ болно. Ингэвэл, аймаг, орон нутгийн хөгжилд бодитой хөшүүрэг байж чадна гэдэгт итгэж байна.

 – Тус форумд та оролцож илтгэл танилцуулна. Илтгэлдээ ямар асуудлыг онцолж байгаа вэ?

 – Би маш завгүй ажиллаж байгаа. АСЕМ-ын хурлын байр, зочдын буух буудлыг хариуцаж байна. Мөн энэ сарын сүүлийн хоёр өдөр болох Монгол эдийн засгийн чуулганы бэлтгэлд оролцож байгаа. Гэсэн хэдий ч Дархан-Уул аймагт зохион байгуулагдах Форумд оролцож, санаа бодлоо илэрхийлье гэж бодож байгаа. Мөн үеэр тавих илтгэлдээ Гадаадын хөрөнгө оруулалтын орчны асуудлыг онцолж ярина. Монголд, түүний дотор Дархан-Уул аймаг Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд юу анхаарах хэрэгтэй талаар ярина. Монгол Улс өнгөрсөн хугацаанд ямар алдаа оноо, ямар амжилт, ололттой байсанд тулгуурлаж ярина.

 – Гурван улсын /Монгол, БНХАУ, ОХУ/ эдийн засгийн хэлэлцээрийн үр дүнд манай улс руу чиглэсэн хөрөнгө оруулах нэмэгдэх тухай, хөрөнгө оруулалтыг татах боломжуудын талаар хүн бүр өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна. Таны хувьд…

 – Ний нуугүй хэлэхэд Монголын эрх ашгийг бодож хэн ч хөрөнгө оруулахгүй. Гагцхүү тухайн улс, эсвэл хөрөнгө оруулагчийн эрх ашигт нийцсэн, харилцан ашигтай, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөр санал болгож байж л хөрөнгө оруулалт татна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, хүчин чармайлтын үр дүнд гурван улсын дээд хэмжээний уулзалтын механизм бий болсон. Бид гурван улсыг оролцуулсан хөрөнгө оруулалт, дэд бүтцийн төслийг судалдаг, боловсруулдаг, санал болгодог 3 талт механизм бий болгож, Төвийг нь Улаанбаатар хотод байгуулахаар яриа хэлэлцээ хийж байгаа.

 – Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд Дархан-Уул аймгийн эзлэх хувь ямар байна вэ? Дарханы эдийн засгийн орчинг хэрхэн харж байна вэ?

 – Дархан-Уул аймаг бол боломжоо дутуу ашиглаж байгаа, заримыг нь огт ашиглаж амжаагүй байгаа хөгжлийн нэг түшиц газар, нөөц үүц гэж боддог. Хөгжих их боломж, ирээдүй ч их байна. Үүнийгээ зөв бодлого, удирдлагаар хангаад ашиглах, хөгжих хэрэгтэй.

 – Тэгэхээр Дархан хотыг хөгжүүлэхийн тулд  нэн тэргүүнд ямар ажлыг хийж, юунд анхаарах нь чухал байна вэ?

 Дархан хот бол дэд бүтцийн хувьд бусад хотуудтай харьцуулахад хамгийн таатай, хөгжих хамгийн ирээдүйтэй, хамгийн их боломжтой хот. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн бүтээлч, авьяаслаг, хөдөлмөрч хүмүүсээс бүрдсэн энэ хотын хүмүүст, энэ аймагт хөгжлийн ирээдүй, маш том давуу тал байна. Энэ бүхнийгээ, дэд бүтэц, газарзүйн байрлал, хүн амын бүтцийн онцлогоо ашиглаад бага улстөржиж, их ажил хийх хэрэгтэй.

 Ямар нэг байдлаар нам, аймаг, хүйсээр ялгаварлан гадуурхалт явагдсан газрын хөгжил удааширдаг, бүр цаашлаад хөгжлийг гацаадаг. Тийм учраас аймгаа нэг том айл гэж бодож хамтарч ажиллах хэрэгтэй. Иргэдийнхээ дуу хоолойг аливаа шийдвэр гаргахдаа, ажил хийхдээ заавал сонсдог, саналыг нь тусгадаг үлгэр жишээ аймаг болох бүрэн боломжтой. Ингэж чадах юм бол Дархан-Уул аймаг хамгийн хурдацтай хөгжсөн аймаг, шинэ хот хөгжүүлэх ирээдүй харагдаж байна.

2015 онд Дархан-Уул аймаг “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аймгийн эдийн засаг, нийгэм, соёл, бүтээн байгуулалтын ажилд хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих жил” болгож, иргэдээ сонсох аян өрнүүлж, цуврал уулзалт хийж байсныг би санаж байна. Энэ ажлаа цааш улам боловсронгуй болгоод тогтмолжуулаад явах юм бол бусад ямар ч аймагт байхгүй газарзүйн байрлал, дэд бүтцийн давуу тал, хүн амын чадамжтай аймаг.

Энэ бүхнээ ашиглах, Дарханы мөрөөдлийг тодорхойлж, түүндээ хүрэх урт хугацааны хөгжлийн бодлоготой болох хэрэгтэй, түүнийгээ тогтвортой мөрдөөд явчихад ямар сайхан ирээдүй Дарханчуудыг хүлээж байгааг би төсөөлж байна.

 Дарханчууд хөгжлийн гайхамшгийг бүтээж чадна гэдэгт итгэдэг.

 – Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 Ярилцсан: Х.Соёл-Эрдэнэ

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …