Нэгэн султан дөрвөн эхнэртэй байжээ. Тэрбээр дөрөв дэх буюу хамгийн залуу, үзэсгэлэнтэй эхнэртээ илүү хайртай байв. Султан түүндээ тансаг хувцас, үнэт эдлэл бэлэглэж, үргэлж бөөцийлж эрхлүүлдэг байлаа.
Тэр бас гурав дахь эхнэртээ ч хайртай байжээ. Үзэсгэлэн төгөлдөр тэр эхнэрийнхээ гоо сайхныг бүгдэд гайхуулахын тулд гадаадын орнуудаар дагуулан явдаг ч нэг л өдөр түүнийг орхиод өөр нэгэн дээр оччих вий гэж эмээдэг байв.
Султан түүнчлэн хоёр дахь эхнэртээ ч хайртай байжээ. Зальтай, аливаа асуудлыг шийдвэрлэхдээ гарамгай энэ эхнэр нь түүний хамгийн их итгэдэг хүн байсан бөгөөд ухаалаг, тэвчээртэйг нь гайхаж биширмээр аж. Султанд ямар нэгэн асуудал үүсвэл тэр хоёр дахь эхнэртээ л итгэдэг. Тэр нь ч нөхрөө хүнд байдлаас гарахад нь тусалж, хэцүү цаг үед үргэлж хамт байна.
Анхны эхнэр нь хамгийн ахмад бөгөөд нас барсан ахаас нь түүнд залгамжилж иржээ. Энэ эмэгтэй нөхөртөө маш үнэнч бөгөөд султан, түүний улсын баялгийг хадгалж, өсгөхийн тулд бүхнийг хийдэг байв. Гэсэн хэдий ч султан анхны эхнэртээ хайргүй, өөрийг нь маш их хайрлаж байсан ч огт ойртдоггүй байжээ.
Нэг л өдөр султан хүндээр өвджээ. Энэ үед тэр туулж өнгөрүүлсэн тансаг амьдралаа нүдэндээ харж, “Надад дөрвөн эхнэр байна. Харин намайг үхэхэд нэг нь л үлдэнэ” гэж боджээ. Ингээд дөрөв дэх эхнэрээсээ асууж гэнэ.
-Би чамдаа бусдаас илүү хайртай. Би чамд хамгийн сайн сайхан гэсэн бүхнээ өгч, маш ихээр нандигнан хайрласан. Харин одоо намайг үхэхэд чи намайг дагаад үхэгсдийн оронд очиход бэлэн үү?
-Тэр талаар санах ч хэрэггүй!-гэж дөрөв дэх эхнэр нь хэлээд цааш алга болов. Түүний хэлсэн үг яг л хутга мэт зүрхийг нь сийчиж орхижээ. Гунигласан эр гурав дахь эхнэрээсээ асуув.
-Би бүхий л амьдралынхаа туршид чамаар бахархаж ирсэн. Харин одоо намайг үхэхэд намайг дагаж харанхуйгийн хаанчлалд очиход бэлэн үү?
-Үгүй!- гэж гурав дахь эхнэр нь хариулав. –Амьдрал ийм сайхан байна. Тийм болохоор чамайг үхэхэд би дахиад нөхөрт гарна гэж бодож байгаа!
Султан бүр ихээр гуниглав. Түүний зүрх өмнө нь ингэж хүчтэй өвдөж байхыг үзээгүй. Энэ үед тэрбээр хоёр дахь эхнэрээсээ асуув.
-Би үргэлж л чамаас тусламж авч, чи ч надад байнга тусалж, хамгийн сайн зөвлөх минь байлаа. Харин одоо намайг үхэхэд чи надтай хамт үргэлж бүүдгэр байдаг, сүнсний эзэд нь өршөөл эрдэг газар руу явахад бэлэн үү?
-Харамсалтай нь би чамд энэ удаад тусалж чадахгүй нь ээ гэж хоёр дахь эхнэр нь хариулав. -Чиний төлөө хийж чадах хамгийн том зүйл бол чамайг нэр төртэйгөөр оршуулах л үлджээ.
Түүний хариулт султаныг мянгантаа аянганд ниргүүлж, цахилгаанд цохиулсан мэт болгов. Энэ мөчид тэрбээр хэн нэгний үг хэлэхийг сонслоо.
-Би чамтай хамт явах газар чинь төгсгөлөө хүртэл явъя! Султан дуу гарсан зүг эргэж харвал турж цонхийсон, зовж шаналсан, бараг танигдахааргүй болсон анхны эхнэр нь байлаа. Гайхсан султан түүнд:
-Би чамдаа л анхаарал халамж тавьдаг байж дээ гэжээ.
Бид ч бас дөрвөн эхнэртэй. Дөрөв дэх эхнэр бол бидний бие юм. Бид сайхан харагдахын тулд түүнд хэчнээн хүч, цаг хугацаа зарцуулсан ч үхэх үед тэр биднийг орхидог.
Бидний гурав дахь эхнэр бол карьер, нийгмийн байдал, мөнгө, эд баялаг. Биднийг үхэхэд тэд өөр хүнд шилждэг. Хоёр дахь эхнэр бол гэр бүл, төрөл төрөгсөд. Тэд бидэнд энд хэчнээн их тусалсан ч бидний төлөө хийж чадах хамгийн сүүлчийн том зүйл бол эцсийн замд нь үдэж өгөх юм.
Харин бидний анхны эхнэр бол бидний сэтгэл. Бид амжилт, эрх мэдэл, баялаг, таашаалын төлөө улайран зүтгэсээр үүнийгээ анзааралгүй орхидог. Гэсэн хэдий ч сэтгэл бол биднийг хаа ч явсан үргэлж дагаж явдаг зүйл юм. Түүнийгээ анхаарч, халамжилж, хайрлаж, үргэлж хөгжүүлж чадвал бид дэлхийдээ болон өөртөө томоохон бэлэг барьж байна гэсэн үг.
Эх сурвалж: Politik.mn