Владимир Лаговскийн “Тайны мир Анубиса” сэтгүүлд гарсан нийтлэлийг хүргэж байна.
Британийн “The Daily Mail” сонин нэгэн хачирхалтай туршилтын талаар мэдээлжээ. Уг туршилтын үр дүнг сонины зүгээс жинхэнэ сенсааци хэмээн зарласан байна. Гэхдээ анх сонсоход хэн ч үүнд үнэмшмээргүй мэт.
АНУ, Япон, Оросын эрдэмтдийн баг Якутад арслан зааныг хувилах зорилгоор малтлага хийжээ. Энэ үеэрээ тэд шинжлэх ухаанд тайлагдаагүй, мөнхийн цэвдэгт хөлдсөн бактери илрүүлсэн байна. Уг бактериа халааж, үржүүлэн, лабораторийн оготнод тарьтал өнөөх оготно залуужаад зогсохгүй бэлгийн чадвар нь эрс сайжирсан гэнэ.
Энэ талаар туршилт явуулсан Тюмений шинжлэх ухааны төвийн мэргэжилтнүүд “Зарим хөгшин оготнуудын биеийн чалх сайжирсан. Харин хүнээр яривал 70 хүрч байгаа эмэгчин амьтад үр төлөө гаргаж эхэлсэн” гэжээ. Тэгэхээр энэхүү гайхалтай бактерийг “нэн эртний виагра” гэж нэрлэж болох бус уу.
ОХУ-ын Геологи, эрдэс баялгийн шинжлэх ухааны доктор Анатолий Брушков “Энэхүү бактери хүнийг залуужуулж, сексийн идэвхтэй үеийг нь уртасгаж чадна гэж бид найдаж байна. Оготно, шавжинд хийсэн туршилтууд ийм найдвар төрүүлж буй юм” гэжээ.
100 хүртлээ чалхтай байх боломжтой
Түүнчлэн Брушковын мэдэгдсэнээр дээрх малтлагыг Якутын Алдан голын сав газраар хийсэн гэнэ. Харин шинэ төрлийн бактери зөвхөн арслан заанд төдийгүй үсэрхэг хирс, сэлмэн шүдэт бар, агуйн арслангийн үлдэгдлээс ч олдсон байна.
Биологийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн Андрей Субботин “Ойролцоогоор 20 мянган жилийн өмнө эрс хүйтэрсний улмаас энэ бактери тэр чигтээ царцжээ. Хариуд нь бактери бие организмаа хөлдөж үхэхээс сэргийлж, криопротектор хэмээх бодис ялгаруулж байсан” гэв.
Энэ бактерийг 3-5 сая жилийн өмнө бий болсон гэж эрдэмтэд таамаглаж байна. Гэсэн хэдий ч уг бичил биет дулаанд эрс хурдан өсч, үрждэг аж. Тиймээс туршилтын оготнод бактерийг тарьж үзвэл яасан юм бэ гэсэн санаа төрсөн гэнэ. Эндээс л жинхэнэ сенсаци үүсчээ.
Ялангуяа хөгшин, сул дорой амьтдыг амархан сэргээж байсан талаар ОХУ-ын биологийн шинжлэх ухааны доктор Людмила Каленова мэдээлсэн байна.
Лабораторийн оготны дундаж насыг 20 хувиар нэмэгдүүлж, үхэн үхтэл нь бэлгийн идэвхтэй амьдралд оруулсан арслан зааны үеийн энэхүү бактерийг хүнд хийвэл яах бол. Эрдэмтдийн тооцоолсноор хүний бэлгийн амьдралыг 100 нас хүртэл нь идэвхтэй байлгах боломжтой гэнэ.
Энэ талаар Оросын шинжлэх ухааны академи судалж байгаа аж.
Э.Мөнхзаяа