П.Тогтохбаяр: Алтанбулагийн чөлөөт бүс олон улсын худалдааны гол зангилаа болно

Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаяртай ярилцлаа.

538078_4186917359373_874100567_n-Алтанбулаг чөлөөт бү­сийн захирагчийн ажлыг хариуцаад жил гаран болж байна. Ажлаа хүлээж авснаас хойш юуг анхаарч ажиллав?
-Чөлөөт бүсийн тухай хууль 2015 оны хоёрдугаар сард УИХ-аар батлагдсан. Би гуравдугаар сард томилогдсоноос хойш жил гаруй хугацаанд ажиллаж байна. Хуулиа дагаад эрх зүйн хүрээнд маш олон гэрээ, журамд өөрчлөлтүүд хий­сэн. Хуулийн хүрээнд мэргэж­лийн байгууллагуудтай гэрээ байгуулж, тодорхой аж­луудыг жигдрүүлсэн. Тухайлбал бүртгэл, хамгаалалт, мэргэжлийн хяналттай холбогдох гэх мэт асуудлуудыг шийдсэн. Чөлөөт бүсийн үйл ажиллагаа нь өөрөө гаалийн тусгайлсан горимоор зохицуулагддаг ба горимын хэрэгжилтийн дагуу явагдаж байна.

-Энэ чөлөөт бүст ажил үйлчилгээ явуулах сонирхолтой хүн хэр их байгаа вэ
-Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах сонирхолтой дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагууд тодорхой хэмжээнд байгаа боловч чөлөөт бүсийн талаарх ойлголт бага байна. Энэ нь мэдээж хөрөнгө оруулагч нарт өгөх мэдээлэл, зар сурталчилгаа бага байгаатай холбоотой юм.
Одоо Монгол улс, ОХУ, БНХАУ гурван улсын харилцаа шинэ төвшинд гарч ирж байна. БНХАУ-ын төрийн тэргүүн Си Зиньпин “Нэг бүс, нэг зам”  буюу торгоны замын эдийн засгийн бүс, ОХУ мөн адил “Евро Азийн эдийн засгийн бүс”, Монгол улс “Талын зам төсөл” зэрэг томоохон төслийг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа явдал нь гурван улсын эдийн засгийн коридор юм. Энэ нь гурван улсын зам, дэд бүтэц, худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт зэрэг асуудлыг шийдвэрлэх гарц нээгдэж цаашид  Чөлөөт бүсийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх хандлагатай байна. Тиймээс манай чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах сонирхолтой олон аж ахуйн нэгж хөрөнгө оруулах сонирхолоо илэрхийлээд байна. БНХАУ-ын хөрөнгө оруулагч нар Алтанбулагийн чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж бараа, бүтээгдэхүүнээ ОХУ-ын зах зээлд гаргах, ОХУ-ын хөрөнгө оруулагч нар эргээд өөрсдийн түүхий эд, бараа, бүтээгдэхүүнээ БНХАУ-ын зах зээлд чөлөөт бүсээр дамжуулан гаргах өндөр сонирхолтой болсон.

-Манай улсын нутаг дэвсгэр дээр том зах зээлтэй улс орнууд хоорондоо наймаа хийх нь гэж ойлголоо. Энэ нь манайд ямар ашигтай юм бэ?
-Чөлөөт бүс манай оронд ямар ашигтай вэ гэхээр, хамгийн эхэнд гадаадын хөрөнгө оруу­лалтыг татаж нутгийнхаа хөгжлийг тэнцвэржүүлэх, ши­нэ технологи нэвтрүүлэх, аж­лын байр бий болгох үндсэн гол зорилготой. Цаашдаа Алтан­булагийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа төгс жигдэрч ажилласнаар гадаадын олон аж ахуй нэгж, байгууллагатай манай улсын аж ахуйн нэгж хамтарсан компани байгуулах, шинэ технологи нэвтрүүлсэн үйлдвэрлэлүүд бий болох юм. Ингэснээр дотоодын зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнэ буурч, гадагшаа урсах валютыг дотооддоо үлдээх зэрэг маш олон давуу талтай. Мөн олон улсын худалдаа, бизнесийн маш том интеграцад орно.

-Гадаадын хөрөнгө оруулагчид Алтанбулагийн чөлөөт бүсийг сонирхож бай­гаа гэдэг нь шинэ гарсан хууль эрх зүйн орчноо сайн сурталчилсан гэсэн үг үү?
-2015 онд МХАҮТ, Гааль,  татварын ерөнхий га­зар, МХЕГ, ИХШХЕГ, ХХЕГ зэрэг байгууллагын тө­лөө­­лөл, Алтабулаг чөлөөт бү­сийн хөрөнгө оруулалтын зөв­лөлийн хамтарсан, 100 га­руй аж ахуйн нэгж оролцсон томоохон хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулсан юм. Энэхүү чуулганаар шинэ­чилэн батлагдсан хуулийг танилцуулж, хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжийн сонирхсон асуултуудад хариулт өгч, ту­хайн хуулийн давуу тал бүхий зүйл, заалт тус бүрээр тодорхой танилцуулж ажилласан. Мөн БНХАУ-ын Хөх хот болон ОХУ-ын Улаан-Үд хотуудад шинэчилэн батлагдсан хуулийн талаар дугуй ширээний ярилц­лага зохион байгуулж, гаднын хөрөнгө оруулагчидтай мэ­дээлэл өгч, санал солилцож ажилласан нь ихээр нөлөөлсөн гэж үзэж байна.

-Хөрөнгө оруулагчдыг татахын тулд хамгийн эхлээд дэд бүтцээ сайжруулсан байх шаардлагатай. Одоогийн байд­лаар дэд бүтцийн ажил нь ямар шатандаа явж байгаа вэ?
-Дэд бүтэц хамгийн чухал юм. Одоогоор цахилгаан, цэ­вэр усны асуудлуудыг шийд­чихсэн байгаа. Бохирын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Алтанбулаг чө­лөөт бүсийн дулааны станц, 13,7 км-ийн хүнд даацийн хатуу хучилттай зам, харилцаа холбооны кабелийн ажилуудыг улсын төсөвт хүндрэл учруу­лахгүйгээр концессоор барьж, ашиглах, шилжүүлэх нөх­цөл­­тэйгээр Засгийн газрын хурал­даанаар оруулж, шийд­вэрлүүлсэн болно. Одоо­гоор энэхүү ажлыг хийж гүй­цэтгэхээр Монгол улсын нэг, ОХУ-ын нэг компани сонирхож байна. Хэрэв эдгээр компани эцсийн шийдвэрт хүрч кон­цессийн гэрээ байгуулсан то­хиолдолд Алтанбулаг чөлөөт бүсийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдвэрлэгдэнэ.

-Дэд бүтцийн ажлаа дуус­­гачихвал хөрөнгө оруу­лагчдыг хүлээж авахад бэлэн гэж ойлгож болох уу?
-Тиймээ. Хамгийн гол нь хууль эрх зүйн орчин дутуу байсан үүнийг шийдсэнээр ажил төвөггүй явах боломжой болсон. Ирэх тавдугаар сард хоёр хөрш орны хөрөнгө оруулагч нарыг оролцуулан МҮХАҮТ-тай хамтран “Алтан­булаг 2016” форум хий­хээр төлөвлөж байна. Гол зорилго нь БНХАУ, ОХУ-ын хооронд явж буй бүх тээврийн компанийг Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэлт хийхийг уриалж байгаа юм. Энэ нь эдийн засгийн коридорыг Алтанбулагын чөлөөт бүсээс эхлүүлэн нээж, бодитой ажил хэрэг болгое гэсэн санаачлага юм. Уг форумд оролцох хү­сэл­тэй дотоодын тээврийн болон тээвэр зууч, ложистикийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд оролцоход нээлттэй бөгөөд хамтран ажиллахад таатай байх болно.

-Чөлөөт бүсийн газрын хэмжээ хэд вэ. Доторхи бүтээн байгуулалтын ерөнхий тө­лөв­лөгөө гарсан уу? 
-Ерөнхий төлөвлөгөө хийгдсэн. Нийт 500 га газар нутгаас худалдаа үйлчилгээ 65 га, ногоон байгууламж 8 га, үйлдвэрлэлийн бүс 40 га, агуулах худалдааны бүс 28 га, тээвэр үйлчилгээ 32 га, нөөц 260 га, инженерийн шугам сүлжээ 37 га тус тус төлөвлөгдсөн байгаа.

-Хөрөнгө оруулагчдад га­­зар эзэмшүүлэх хугацааг хуульд тодорхой заасан бай­гаа юу?
-Хуульд тодорхой хугацаа заагдаагүй, Газрын тухай хуу­лиар зохицуулагддаг. Газар эзэмших эрхийг олгохдоо төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдааны аль нэг хэлбэрийг сонгон, ашиглах эрхтэйгээр 15 жилийн хугацаатай олгоно. Шаардлагатай тохиолдолд 40 жилээр сунгана.

-Чөлөөт бүсээр дамжиж буй бүх бараа татвараас чөлөөлөгдөх билүү?
-Чөлөөт бүсэд гаалийн болон бусад албан татварын хөнгөлөлтүүд байхаар хуулинд тодорхой зааж өгсөн байгаа. Хилийн чанадаас орох бараанд гаалийн болон НӨАТ 0 хувьтай, чөлөөт бүсээс гадагшаа гаргахад татвар төлөхгүй нөхцөлтэй байдаг. Харин онцгой албан татвартай бараанаас бусад гурав хүртэлх сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг чөлөөт бүсээс татваргүй гаргана.
2016 онд ОХУ-ын шуу­дангийн агуулах, БНХАУ-ын аж ахуйн нэгжийн худал­дааны төв, дотоодын аж ахуйн нэгжийн хоёр томоохон зочид буудал, үндэсний үйлдвэрлэгч “Говь” ХК-ийн нэрийн дэлгүүр, “Монфреш” сүүний үйлдвэр, “Эрэл” ХК-ийн бай­шин угсралтын үйлдвэр, мод боловсруулах үйлдвэрүүд, нэг га ложистикийн талбай зэрэг бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Иймээс их амжилтын гараан дээр байгаа Алтан­булагийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийж, хамтарч ажиллахыг нийт аж ахуйн нэгж, байгууллагууддаа уриалж байна.

С.ШИЙЛЭГТӨМӨР 

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …