Гурав хоногийн настай бүлгийн дарга хийгээд МАН, МАХН-ы гомдогсод

b09b35e31b67ed914e63a82793c2dbc0

Энэ долоо хоногийн улс төр халуун гэхээсээ илүүтэй хөгжилтэй, хоржоонтой өрнөж байна. Хажуунаас нь харагсадын хувьд хөгжилтэй, нэгэндээ гомдож нааш цааш гүйгсэдийн тухайд хоржоонтой гэсэн үг л дээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Дарга болчихлоо” гээд хөл нь газар хүрэхгүй гүйж явсан О.Баасанхүү өчигдөр даргалах бүлэг ч үгүй хоцров. Гурав хоногийн настай бүлгийн дарга гэдгээрээ УИХ-ын “хамгийн, хамгийн”-д бүртгэгдэх учраас түүхэнд үлдэнэ гэж сэтгэлээ тайтгаруулж болох талтай.

“Шударга ёс” эвслийн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар өчигдөр намаасаа гарч МАН руу гүйх болсноо мэдэгдлээ. Бүлгийн дарга О.Баасанхүү “Би өвлийн хүйтэнд зуслангийн байшинд нь очоод МАХН-д элсэхийг гуйж байсан юм. Д.Тэрбишдагва гишүүн итгэл алдахгүй байх” гэж хэвлэлээр чин сэтгэлийн үгээ дайгаад ч тусыг эс олов. Үнэндээ Д.Тэрбишдагва гишүүн “оймсонд хавчуулагдсан” гэгддэг О.Баасанхүүгийн гуйлтыг тоохгүй. Угаасаа ч О.Баасанхүүгийн улс төрийн карьер “Бүлгийн дарга” болсноор дуусч байгааг хэн бүхэн харж байна. Харин ядарч явахад нь түшиж байсныг нь мартаад Солонгост байхаасаа үл тоож эхэлсэн Н.Энхбаярт тунирхсан хэрэг. Тунирхсандаа алд дэлэм захидал илгээгээд хариу эс ирсэнд голдоо ортол гомдож, төрхөмдөө буцахаар шийдсэн нь энэ.

МАН-ын залуус түүнийг “Хайртай гээд гүйж оччихоод саллаа гээд төрхөм рүүгээ гүйдэг ойвроггүй эхнэр” гэж зүйрлэсэн учраас төрхөмдөө буцсан гэж тодотгож байгаа юм. МАН-ынхан түүнийг “Гэр рүүгээ буц. Төрхөм рүүгээ гүйсэн эм нэргүй байдаг юм” гээд хөөдөг шиг хандаж байгаагаа ам уралдан сошиалаар илэрхийлж байна. Ч.Улааны хувьд Д.Тэрбишдагва шиг сүрхий гомдоогүй, намын жагсаалт үгүй болж, жижиг намаас нэр дэвшихэд сонгогдох магадлал үгүй болсон учраас улс төрийн “орогнол” хайж яваа гэх юм билээ. Энэ мөн л МАН-ынхны таамаг гэдгийг онцлох нь зөв болов уу.

О.Баасанхүү шинэ даргатай “Шударга ёс” эвсэл хоёр гишүүнээ үдэж амжаагүй байтал өмнөхөн нь гарч одсон Л.Цог “Тусгаар тогтнол, эв нэгдэл” намд элсэх нь тодорхой боллоо. Г.Уянга гишүүн СЕХ-ноос батламжаа авчихаад хамгийн түрүүнд Л.Цог гишүүн рүү очиж баяраа хуваалцаад байсан нь ийм учиртай байж. Ингээд МАХН Н.Энхбаяр УИХ-ын түвшинд түшиггүй болж үлдлээ. Орхиод явсан нөхөд нь хуучин нам руугаа гүйж байгаа нь Н.Энхбаярыг гомдоож орхилоо. Одоо тэрбээр УИХ-ын сонгуульд олон суудал авахаасаа илүү өөрийг нь гомдоогсод болох МАН-ын саналыг хуваахын төлөө ажиллана.

Н.Энхбаяр ясны өширхүү гэдгийг МАН-ынхан андахгүй л дээ. Ер нь Н.Энхбаяр ганцаараа ч гомдоод яваа юм биш. 90 жилийн түүхтэй МАН тэр чигээрээ Н.Энхбаяр гэдэг хувь улстөрчид далаараа тавиулсандаа одоо ч эвлэрч чадахгүй яваа. Эвсэж сонгуульд орно гэж долоо хоногийн турш шилний цаанаас чихэр харуулчихаад эцсийн мөчид утсаа салгаад алга болчихсон Н.Энхбаярт гомдсон МАН-ынхан “Нэг орхиод явсан хүнд дахиж итгэж болохгүй гэдгийг ойлголоо” гэж харууслаа илэрхийлсэн. МАН-ынхан гомдогсод хариугаа авахын тулд гэр рүүгээ гүйсэн гэх Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг дургүй ч гэсэн намдаа авах нь тодорхой. Харин тойрог өгөх нь юу л бол. Нэг хаясан хүн хоёр дахиа хаядаг гэдгийг МАН-ынхан ясандаа тултал ойлгосон доо. МАН, МАХН-ынхан ингэж нэгэндээ туниж, гомдож, салж, нийлж байх зуурт Ардчилсан нам ардчиллын төлөөх бүх намыг өөртөө нэгтгэж чадлаа.

Энэ бол Ардчилсан намын дарга З.Энхболдын энэ сонгуулийн том тактик болж чадлаа. 16 жилийн өмнө ардчиллын төлөөх таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулж чадсан. Түүнээс хойш Ардчилсан нам ардчиллын төлөөх намуудтай эвсэж байсан ч ингэж өөртөө нэгтгэж чадаагүй. Харин энэ удаад МҮАН, ИЗНН, ХҮН, Эх орон намууд сонгуульд оролцохгүйгээр Ардчилсан намыг дэмжихээ илэрхийллээ. Ингэсгээр ардчилсан үзэлтэй жижиг намуудын оноо тэр чигээрээ Ардчилсан намд ирнэ гэсэн үг. Ингэж З.Энхболд 16 жилийн дараа ардчиллын төлөөх таван намыг нэгтгэснээрээ Ардчилсан нам гомдогсодын МАН, МАХН-ыг хол орхиж байгаа бололтой.

Zaluu.com

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …