Засгийн газар чадамжгүй юм бишүү?

Ч.Сайханбилэгийн Засгийн газар чадамжгүй юу. Энэ асуултын хариултыг хамтдаа гаргая. Засгийн газрыг АН болон “Шударга ёс” эвсэл, ИЗНН хамтран байгуулалцсан. Тэд тохиролцож, сайд нар, дэд сайд нарын албан тушаалыг өөрсдийн боловсруулсан квотын дагуу хуваарилж авцгаасан. Энэ тохирооны дагуу өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар ажиллаж ирсэн болохыг хүн бүр мэдэж байгаа байх. Энэ дунд МАН-ынхантай бас засаг байгуулалцаад үзчихсэн шүү.

Харин өнөөдөр байдал өөрөөр эргэсэн. Учир нь “Шударга ёс” эвсэл, энэ эвслийн байгуулсан бүлэг гэж УИХ-д байхгүй. Бүлгийн гишүүд нь өөрсдийн улс төрийн сонголтоо хийцгээн өөр намын хаяа түшсэн. Засаг байгуулалцсан эвсэл нь тарж бутарсан учир Засгийн газар ч мөн чадамжгүй болж үлдэж байна.

Яагаад гэвэл Засгийн газрыг хамтарч байгуулсан. Ингэхдээ “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан. Гэтэл нөгөөх хамтарсан эвсэл нь хаана байна вэ? Аль хэдийнэ тарж бутраад хэдэн сул гишүүдтэй л хоцорлоо. Иймд байхад Засгийн газар хэрхэн чадамжтай ажиллах вэ. АН-ынхан парламентад олонхи байсан бол дангаараа засаг байгуулаад явах боломжтой. Харамсалтай нь тэд олонхи бус олон л суудал авсан. Иймд хэн нэгэнтэй хамтрах сонголт л тэдэнд байсан юм. Харин одоо хамтарсан нөхөд нь байхгүй учир АН үлдсэн нам болох ИЗНН-тай засгийг байгуулж болох юм. Түүнээс биш одоогийн хувилбараар Ч.Сайханбилэгийн Засгийн газар лав эрх зүйн чадамжтай биш.

Гэтэл ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт огт өөр тайлбар хээв нэг хийгээд сууж байх юм. Түүний хэлснээр эрх зүйн чадамжтай л гэнэ. АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа учир Засгийн газар хэвийн ажиллана гэсэн. Гэтэл бодит байдал дээр эвсэл нь тарчихсан. Гэрээ хүчин төгөлдөр байлаа гэхэд гэрээгээр хүлээсэн үүргээ эвслийнхэн нь биелүүлэхгүй байхад гэрээний дагуу явна гэж байх уу. Эвслээс гишүүд өөр нам руу орсон. Тухайлбал, МҮАН-ын М.Сономпил, Н.Батцэрэг нар АН-ыг сонгосон. Г.Уянга, Л.Цог нар Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг байгуулсан, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН руу орсон. Ийм байхад “Шударга ёс” эвсэл эвслээрээ байгаа гэж хэлэхэд арай л худал сонсогдоод байна, С.Баярцогт дарга аа. Ийм тайлбар хийж, Засгийн газар чадамжтай ажиллана гэж хэлж болохгүй байхаа. Засгийн газар чадамжгүй юм бишүү, Ерөнхий сайд аа.

zaluu.com

Санал болгох мэдээ

Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, E-Mongolia Academy УТҮГ, Чингэлтэй дүүргийн …