Москвагийн метроны тухай сонирхолтой баримтууд

13178589_638433386304212_7496187109043407390_n2016 оны 5 дугаар сарын 15-нд Москва хотод анхны метроны шугам ашиглалтад орсны 81 жилийн ой болжээ. Анх энд ирээд метронд ороход маш чанга дуу чимээ угтан авч гайшруулж байлаа. Бүр вагон дотор нь суугаад хурдтай явах үед үүсэж буй савалгаа, чичирхийллээс нь бяцхан айдас төрж байв. Одоо бол энэ бүхэнд хэдийнээ дасчээ. Өдөр тутам байнга үйлчлүүлдэг Москвагийн метрогийн түүхт ойд зориулан зарим мэдээлэл хүргэхээр шийдлээ.
Орос оронд Зөвлөлт засаг тогтсоны дараа орчин үеийн бусад том хотуудын нэгэн адил нийслэл Москва хотод метротой болох зорилго агуулж байв. Ингээд 1935 оны 5 дугаар сарын 15-нд “Сокольники” станцаас “Парк культуры” хүртэл метроны анхны шугамыг нээжээ. Тухайн үед метрог Зөвлөлтийн улс төрийн товчооны гишүүн Л.М.Кагановичийн нэрэмжит болгож байжээ. Гэвч 1955 онд В.И.Лениний нэрэмжит болгон өөрчилсөн юм. Дашрамд дурьдахад энэхүү “Парк культуры” гэдэг станцтай манай академи, гэр ойр байрладаг тул өдөр тутам үйлчлүүлдэг юм.
Өнөөдөр “Московский метрополитен” нь 333,5 км-ийн урттай 12 хос шугамтай, 200 гаруй станцтай ба түүний 44 нь соёлын үнэт өв, хосгүй байгууламжид тооцогддог ажээ. Эдгээр станцууд дотоод засал чимэглэл тус бүр нь хоорондоо огт давцхалгүй тун өвөрмөц загвар, дизайнаар хийгдсэн байдаг. 2020 он гэхэд төмөр замын уртыг 160 км-ээр нэмэгдүүлж, дахин 75 шинэ станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Станцыг удирдлага, зохицуулалт, билет борлуулалт, бүртгэл, хяналт зэрэг ажиллагаанууд бүгд электрон хэлбэрт шилжсэн байдаг.
Одоогийн байдлаар Москва хотод албан ёсоор 12 сая хүн амьдарч байгаа. Гэхдээ албан бусаар 20 саяд аль хэдийнээ хүрсэн гэж яригддаг. Энэ олон хүний 56 хувь буюу өдөрт хамгийн багадаа 7,1 сая хүн, хамгийн ихдээ 9,5 сая/2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тогтоосон рекорд юм байна/ хүн зорчдог ажээ. 2013 онд тус метрогоор давхардсан тоогоор 2 тэрбум 490 сая 700 мянган хүн үйлчлүүлсэн гэдэг тоо байна.
Москвагийн метроны тухай олон сонин баримтууд бий. Тухайлбал:
– “Парк Победы” станц нь газрын гадрагаас доош хамгийн гүнд буюу 84 метрт байрладаг.
– Газрын гадрагад хамгийн ойрхон станц бол “Печатники” гэх ба энэ ердөө 5 метрийн гүнд байдаг ажээ.
– Хамгийн урт зогсоолын тавцантай станцаар “Воробьёвы горы”-ын станцын тавцан 282 метр урттайгаар шалгарч байна.
– Метроны 333 гаруй км урт төмөр зам нь Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн төв Өндөрхаан хот хүрэх дайны зайтай тэнцэнэ.
– 1941 оны 10 дугаар сард фашистын германы дайралтын үед зөвлөлтийн удирдлага метрог дэлбэлэх зориулгоор тусгай төлөвлөгөө гарган минэжүүлэх ажлыг гүйцэтгүүлж байв. Гэвч удалгүй Москвагийн орчимд германчуудыг бут цохисон тул энэ бүхнийг орхижээ.
– 1920 онд Германы “Siemens-Bauunion” гэдэг компани зөвлөлтийн эрх баригчдад хандаж, Москва хотод метро барьж өгөх хүсэлт гаргаж байсан хэдий ч татгалзсан хариу авч байв.
– 1990 он хүртэл метроны станцууд дотор хогийн савнууд байрладаг байв. Гэхдээ эдгээр савнуудыг терроризмийн аюул заналхийлэлтэй холбоотойгоор хурааж авчээ.
– 1958 он хүртэл метронд билет шалгагч кондукторууд ажиллаж байсан ба удалгүй автомат билет шалгагч суурилуулсан байна.
– Зарим метроны станцад ундны цэвэр усны ориглууртай ба үүнийг хэн ч мэддэггүй гэнэ. Эдгээрийг зорчигчдоос нуудаг ажээ.
– Монголд гэрлэн дохиогоор зам хөндлөн гардаг ухаалаг ноход байгаа дуулдсан бол Москва хотын зарим тэнмэл ноход метро ашиглан хотын нэг захаас нөгөөд хүрч чаддаг гэж байна шүү.
– Хотын төв рүү чиглэн явж байгаа вагонд эрэгтэй хоолойгоор зарлал явдаг бол хотын төвөөс зах руу явж буй вагонд эмэгтэй хоолойгоор зарлал явдаг гэнэ. Мөн метроны тойрог замд цагийн зүүний дагуу явж байгаа вагонд эрэгтэй хоолой, харин цагийн зүүний эсрэг явж байгаа вагонд эмэгтэй хүний хоолойгоор зарлал явдаг ажээ.
– Зарим метроны дотоод засал, чимэглэлийг хийхэд балар эртний чулуужсан үлдэгдэл ашигласан байдаг. Тухайлбал чулуужсан нялцгай биетэн, далайн сараана, далайн зараа зэргийг ханан дээр байрлуулсаныг харж болох ажээ.13087483_638433309637553_6655567927407061076_n 13179200_638433306304220_8323591270066701502_n 13230236_638433286304222_3409805424728748268_n 13240030_638433289637555_7119727874347963523_n

Р.Энхболд

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …