Сүүлийн арван жилд номын салбарт нэгэн том дэвшил гарсан нь номын бизнес эрхлэгчид, зохиолч бүтээлчид уншигчидтайгаа биечлэн уулзаж, гарын үсэгтэй хямдралтай үнээр худалдан борлуулах боломж бүрдүүлдэг “Номын баярыг жил бүр зохион байгуулах болсон явдал юм. “Номын соёлт ертөнц” ТББ-ын хамт олон энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулж ирсэн нь ном зохиогчидын хамгийн дуртай баяр болсон хэмээн зохиогчид ярьж байсан. Энэ жилийн баярын онцлог нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөртэй бөгөөд илүү өргөн цар хүрээтэй болж байгаа юм байна. Номд хайртай, номыг дээдэлдэг, ном сонирхогч хүмүүсийн хүсэн хүлээдэг энэхүү баярын тайлбанй хойморт байнгын хүндэт оролцогчид болох ахмад зохиолч Пунцагийн Бадарч, Г.Мэнд-Оёо, Б.Ойдов нарын бүтээл дэлгэгдсэн байна. Тэдний асраас гарын үсэгтэй ном авах уншигчид тасрахгүй байсан.
Харин талбайн баруун жигүүрт зохиогч Б.Шүүдэрцэцэг, Б.Сарангэрэл “Батхаан”, “Сорхугтани” нар бүтээлээ тавьсан байлаа.
Жил бүрийн намар хавар зохион байгуулагдаж номд хорхойссон хүмүүсийн цангааг тайлдаг уг арга хэмжээний хүрээнд өнгө алагласан тод өнгийн зурагтай, эрээн мяраан хавтастай хүүхдэд зориулсан ном, товхимол, шашин, зурхай, шинжлэх ухаан, эдийн засаг, гадаад хэл, уран зохиолын шинэ боть, түүвэр, амтархан унших тууж, роман, Монголын төдийгүй дэлхийн сонгодог бүтээлүүдийг талбайн баруун зүүн асарт дэлгэсэн бол хамгийн урд талын асаруудад хувийн сургуулиуд танилцуулгаа хийж харагдав. Жил ирэх тусам оролцогч, уншигч, зохиолчдоор хүрээгээ тэлж буй “Номын баяр”-т гадаад додоодын ном сонирхогчид хүрэлцэн ирж 16 орны оюутан залуусын урлагийн номер үзэж сонирхож байсан. Энэхүү номын баярт оролцогчид шилдэг ном зохиолыг 5-50% хямдралтай худалдан авах таатай боломж, нөхцөл бүрдэж байгаа аж.
Энэхүү номын баярын арга хэмжээг зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд ийн ярьсан юм.
“Номын баярын арга хэмжээг 2007 оноос /жилд хоёр удаа/ зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр 19 дахь удаагийн номын баярыг тэмдэглэж байна. Номын баярт 100 хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, уран бүтээлчид оролцож байна.
“Номын баяр”-ыг ном бүтээгчид, ном сонирхогчид маань хаврын баяр, намрын баяр гэж нэрлэдэг.
Бид энэ удаагийн баярт зориулан олон сайхан хөтөлбөрүүдийг бэлтгээд байна. Хамгийн сонирхолтой нь 16 орны хүүхдүүдийн тоглолт /урлаг, соёлын онцлогоо таниулах, өөрсдийн хэл дээр бичигдсэн номыг танилцуулах/ болон Элчин Сайдын Яамнуудын үзэсгэлэнгүүд байх болно. Мөн ном бүтээгчид өөрсдийн ном бүтээлээ 10-50 хувь хүртэл хувиар хямдруулж зарж байгаа. Түүнчлэн номын зохиолчидтойгоо уулзаж, зургаа авахуулах боломжтойгоос гадна ном ярьж кофе ууж, суух орчныг бүрдүүлсэн.
Маргааш амралтын өдөр. Өнөөдөр ажлын сүүлийн өдөр. Энэ хоёр өдөр Нийслэл хотын иргэдийг номоор амьсгалаасай гэж хүсч байна. Тиймээс ч “Номын баяр”-ын урианы дагуу “Номд дурлаж, мэдлэгт шүтэх, найрсаг хотын иргэд”-ийг номын баярт урьж байна.
Номын баяр нь 20:00 цаг хүртэл ажиллах тул ажлаа тараад номын баярт оролцож болно шүү” гэсэн юм.