Монгол улс гурван сая гаруйхан хүн амтай. Түүндээ таарсан засаг захиргааны нэгжээр төрийн үйлчилгээг үзүүлдэг. Гэхдээ төрийн албаа хашиж чадахгүй хэмжээнд хүртлээ доройтоогүй л баймаар. Энэ төрд биеийн хүчээрээ хоолоо олж иддэг нөхдүүд нэг их зүйл хийхгүй л санагдах юм. Салбар бүрт нь мэргэжлийн хүнээр удирдуулах санал иргэдэд байдаг.
Жишээ нь эмнэлгийн мэргэжлийн хүнээр эрүүл мэнд спортын яамыг “удирдуулвал” гэж иргэд хүсдэг. Харин дуучин, жүжигчин, бөх зэрэг биеийнхээ үйл хөдлөл бүрээр олонд танигдаж явдаг хүмүүс энэ төрд яг хэрэгтэй юу. Төрд гарсан энэ олон бөх болон дуучид юуг цэгцлэх гэж “улайрна” вэ? Бид бөхдөө хайртай ард түмэн. Бидний бөхийн гайхамшигийг дэлхий хүртэл үнэлдэг хэдий ч төрийн үйлнээ бөх хэдий хэрэгтэй юу. Спортын хөгжилд элэг нэгтэй байлаа ч энэ төрд тийм олон бөх хэрэгтэй юу.
Б.Бат-Эрдэнэ, Д.Кёкүшюзанбатбаяр, Д.Сумъяабазар, Х.Баттулга, Н.Түвшинбаяр, Д.Дагвадорж, А.Сүхбат гэх мэт ийм олон / долоо/ бөх төрийг зална гэдэгт итгэлтэй байна уу?
Мөн энэ жилийн сонгуулиар төрийн их хэргийг мэдэхгүй “төрөл бүрийн” мэргэжлийн хүн нэг үгээр цахим ертөнцөд олон дагагчтай л бол “болдог” гэсэн ойлголттойгоор төрийн их үйлнээ зүтгэж байна. Мэдээж ард түмэн нүдтэй, хараатай. Бөх хүн бөхөөрөө үнэлэгдэж, дуучин хүн дуугаа дуулж ард түмнээ уярааж, жүжигчин хүн ажлаараа үнэлэгдэж ард түмнээ байлдан дагуулдаг ажил мэргэжлээрээ л байвал олон нийт хайртай байх юм бишүү.
Хэрэв ажил мэргэжлээр гадуурхлаа гэж байгаа бол Соёл урлагийн их сургуулийг, Биеийн тамирын сургуультай нэгтгэн нэмж улс төрийн хичээл зааж төгсөгчдөө төрд ч, ард түмэнд ч бэлтгэе. Хэзээ анхны төгсөлт нь болох вэ тэр үед соёл урлагтаа тэнцэхгүй, спортдоо “гавихгүй” бол улс төрд нь “үлдээж” үзвэл яасан юм. Ийм л юм яригдахаас өөр гаргалгаа алга байна. Олонд танигдсанаараа бус хийсэн бүтээснээрээ, мэргэжил боловсролоороо л төрийг залъя л даа.
Б.Саран