МАН, МАХН удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч орох, цаашлаад нэгдэх эсэх тухай асуудал ид яригдаж байна. Зарим ажиглагчдын хэлж байгаагаар энэ хоёр нам нэр нь өөр болохоос угаасаа нэг “угшил”-тай, үзэл баримтлалын хувьд нэг үндэстэй. Уул нь энэ хоёр нам МАХН нэртэйгээр монголын төрд сайн муу хэлэгдэн засгийн эрхийг олон жил удирдан залж явсан. Гэтэл 2010 оны намар тухайн үедээ МАХН-ын дарга асан Сү.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх тэргүүтэй намын удирдлагууд, намын анхан шатны байгууллагуудын санал үндэслэж байгаа нэрийдлээр, намын нэрийг солих өөрсдийн хүсэл эрмэлзлээ намын гишүүдийн дунд бараг л “хүчээр тулган”, тухайн үедээ МАХН-ын бага хурлаар асуудлыг оруулан, өдөр шөнөгүй хуралдан, бага хурлын гишүүдийг “унтуулж” байгаад намынхаа нэр солих асуудлыг шийдвэрлэсэн байдаг.
Тэр үед намын нэр солих асуудлын эсрэг байсан МАХН-ын бага хурлын зарим гишүүд, УИХ-ын гишүүдийн саналыг үл хайрхан МАХН-ын нэрийг МАН болгон өөрчилсөн. Ингэхдээ намын удирдлагууд баяр ёслолын арга хэмжээг өргөн дэлгэр явуулж, МАН, намын анхныхаа нэрийг ёсчиллоо гэж сүр дуулиантай мэдэгдэж байсансан.
Намын удирдлагууд мэдэгдэлдээ: “… намын нэр сольсноос болж УИХ-ын сонгуульд МАН ялагдах юм бол бид хар толгойгоороо хариуцлага хүлээнэ” гэж хэлж байсан удаатай.
Гэтэл эл шийдвэрээс хойш тун удалгүй МАХН гэдэг тэдний өмнөх нэрийг эл намын хуучин кадруудын нэг МУ-ын гуравдах Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дээд шүүхэд бүртгүүлэн “өөрийн” болгосон. Цаашид асуудал хэрхэн өрнөснийг эрхэм уншигч та бүхэн сайн санаж байгаа байх.
Миний хэлэх гэсэн гол зүйл бол МАХН хэмээх улс төрийн арвин туршлагатай улс төрийн хүчнийг хийрхэлд автсан, болчимгүй залуу удирдлагууд нь эрх мэдлээ дөвийлгөх, намын удирдлагыг бүхэлд нь өөрийн мэдэлд оруулах зорилгоор нэрийг нь сольсноор эл намыг дэмжигч мянга мянган жирийн гишүүдийг өөр хооронд хагалан бутаргаж, улмаар УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ялагдах эх үүсвэрийг нь тавьсан. Өнгөрсөн УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явагдсан. Өөрөөр хэлбэл тойрогт нэр дэвшихийн зэрэгцээгээр намын жагсаалтаар нэр дэвшин сонгогдсон гэсэн үг. МАН-аас нэр дэвшигчид УИХ-д цөөнх болсны зарим нь буюу намын удирдлагууд жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Тэдэн дунд намын нэрийг сольж, сонгуульд ялагдах гол үндсийг бүрдүүлсэн МАН-ын дарга Сү.Батболд, У.Хүрэлсүх нар байсан. Харин У.Хүрэлсүх гишүүн өмнө нь буюу 2010 онд хэлж байсан амандаа хүрч, өөрийн хүсэлтийн дагуу тодорхой шалтгаанаар УИХ-ын гишүүний эрхээсээ татгалзаж, түүний оронд намын жагсаалтын дараагийн нэр дэвшигч гишүүн болсон.
Энэ бүх үйл явдлын хойно ч намын нэр солиход тухайн үед намын даргаар ажиллаж байсан Сү.Батболд “ичээндээ орсон амьтан шиг” таг чимээгүй байна. Уг нь түүнд ингэх эрх байхгүйсэн. Үгүй ядаж, намын эрх ашгийн төлөө цөөнх болсон ч гэлээ дуугарч байх ёстой кадруудын нэг байх ёстойсон. Аливаа улс төрийн намын бодлогыг тодорхойлоход намын удирдлага чухал үүрэгтэйн зэрэгцээ намын бодлогоос болж хожим нь гарах үр дагаварыг ч намын удирдлага хариуцдаг улс төрийн хариуцлга, соёл бий.
Үүний дагуу авч үзвэл МАН-ын дарга асан Сү.Батболдод УИХ-ын гишүүний зөөлөн суудалд суух ёс суртахууны болон улс төрийн эрх баймааргүйсэн. Та УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх шиг иргэний зориг гэхээсээ илүүтэй улс төрийн соёл гарган намын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүний суудлаасаа татгалзах ёстой.
Тэртэй тэргүй та монголын топ баячуудын нэг, та улс төрөөр хангалттай хөрөнгө хуримтлуулсан. Одоо таныг улс төрийн хариуцлага хүлээн, УИХ-ын гишүүнээсээ татгалзаасай гэж МАН-ын олонмянган гишүүд хүсэн хүлээж байна.
МАН-ын дарга асан Сү.Батболд та хэлсэндээ хүрдэг эр хүн шиг, тулхтай улс төрч шиг байх эрх, бас үүрэг бий.
Ц.Мөнх