УИХ-ын сонгуулийн Баянгол дүүргийн 68 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Жамбалын Ганбаатарын нэр хүндэд илт халдсан гүтгэлгийн чанартай мэдээллийг иргэн Н.Жавзандулам, Т.Мөнхбат болон өмгөөлөгч нар өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж олон нийтэд түгээжээ.
Ж.Ганбаатарыг 2016 оны зургадугаар сарын 8-ны өдөр “Оргил 6 буудал” худалдааны төвийн нээлтээ хийхдээ хямдралтай худалдаа явуулж, бэлэг сэлт тарааж, урлагийн тоглолт зохион байгуулсан нь Сонгуулийн тухай хуулийн 3.1.10, 70.1.1, 70.1.3 хууль зөрчсөн гэж мэдэгджээ.
Нэр дэвшигч Ж.Ганбаатарын сонгуулийн штабын ажилтан Д.Зоригтоос энэ талаар тодруулахад “Сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэлснээс хойш манай нэр дэвшигчийн рейтинг өндөр байгаа нь 2016 оны зургадугаар сарын 18-наас өмнө намуудаас хийсэн судалгаануудаас харагдаж байсан. Үүнтэй холбоотойгоор гүтгэлэг дайралт, элдэв гомдол газар авлаа. Одоогийн байдлаар Ж.Ганбаатарын нэр дээр таван удаагийн ялих шалихгүй зүйлээр шалтагласан гомдлыг цагдаад өгөөд байна. Ганцхан жишээ дурдахад Баянгол дүүргийн логог сурталчилгааны сэтгүүл дээрээ тавьсан байна гэж гомдол гаргасан.
Учир нь Баянгол дүүргийн логон дээр бурхны зураг байгаа учраас шашны эд зүйл ашиглаж сонгогчдын саналыг татах гэж байна гэсэн гомдол гаргаж байх жишээтэй. Баянгол дүүргээс нэр дэвшиж байгаа хүн өөр ямар лого ашиглах ёстой вэ гэдэг асуулт гарч ирж байна. Ингэж гомдол гаргаж байгаа хүний үзэл бодлоор бол Алтангэрэл гэдэг нэртэй нэр дэвшигчийг судрын нэр байна гээд нэрээ бичихийг нь хориглох нь. Ер нь цагдаа хуулийн байгууллага эдгээр гомдлуудыг нь авч хэлэлцээд хэрэгсэхгүй болгохоор арга ядсандаа нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, шууд гүтгэж эхэлж байна гэж бид үзэж байна.
Өнөөдөр хэвлэлээр явсан асуудалд тайлбар өгье. Зургаан буудалд “Оргил” худалдааны төвийн салбар нээгдсэн нь үнэн. Гэхдээ ямар нэгэн байдлаар сонгуультай холбоотой, сонгогчдын санал татах үйл ажиллагаа энд хийгдээгүй. Цэвэр бизнесийн үйл ажиллагаа явагдсан юм билээ. Би гуравхан үндэслэл хэлье. Нэгд, Оргил худалдааны төв гэдэг бол ерөнхий нэршил юм байна.
Зургаан буудал дахь худалдааны төв нь “Моннидэр” ХХК-ийн өмч. Ж.Ганбаатар “Моннидэр” ХХК-иас 40 хувийг эзэмшдэг. 2014 оноос хойш энэхүү компани дахь Ж.Ганбаатарын эзэмшиж буй хувьцааны хувь хэмжээ өөрчлөгдөөгүй байдаг. Энэ компанийн гүйцэтгэх захирал нь хуулийн дагуу компаниа удирдаад явдаг. Ж.Ганбаатар компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй. Оролцох эрх, үүрэг ч байхгүй. Хоёрт, энэхүү худалдааны төвийн нээлтэн дээр Ж.Ганбаатар очоогүй. Харин Сүхбаатар дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга, Нийслэлийн захирагчийн ажлын албаны Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны засаг дарга зэрэг төрийн байгууллагын төлөөлөгчид нээлтийн арга хэмжээнд оролцсон байна лээ.
Гуравт, “Моннидэр” ХХК нь шинэ дэлгүүр нээх болгондоо тухайн орчиндоо амьдарч байгаа хэрэглэгчдээ татах зорилгоор маркетингийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг юм байна. Сонгууль болж байна гээд бизнесийн ажил үйлчилгээ хумигдаж, зогсох ёсгүй гэсэн үүднээс тухайн компанийн гүйцэтгэх захирал, маркетингийн албаныхан дэлгүүрийнхээ нээлтийг цэвэр бизнесийн зорилгоор хийсэн гэдэг нь ойлгомжтой байгаа. Энэ асуудлаар цагдаа хуулийн байгууллагаас албан ёсны мэдээлэл хийх байх.
Нэр дэвшигчийн хувьд хууль зөрчсөн аливаа үйлдэл хийгээгүй бөгөөд энэ мэт асуудлуудад тэвчээртэй хандаж байгаа. Гэтэл хэвлэлийн бага хурал хийж нэр төрд нь халдах, сонгогчдыг төөрөгдүүлэх гэсэн үйл ажиллагаа хийгдэж байгаа учраас бид арга буюу энэхүү мэдээллийг өгч байна.
Ер нь сонгогчид маань нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Дэлгүүрийн нээлт 6 дугаар сарын 8-нд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд болсон байна. Харин Ж.Ганбаатарын сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа 6 дугаар сарын 11-нээс Баянгол дүүргийн 5, 6, 7, 9, 21 дүгээр хороонд явагдаж эхэлсэн. Гэтэл энэ хоёр үйл явдлыг хооронд нь холбож ярьж, иргэд сонгогчдыг төөрөгдүүлэх гэсэн, нэр дэвшигчийг шууд гүтгэсэн үйл ажиллагаа явагдаж байгаа нь ойлгомжтой байна. Тийм учраас хэвлэлийн бага хурал зохион байгуулсан нэр бүхий иргэдийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байна. Цаад захиалагч нь чухам хэн бэ гэдгийг, яагаад ийм гүтгэлэг тараах болсон бэ гэдгийг хууль хяналтын байгууллагаас олж тогтооно гэдэг итгэж байна” гэж мэдэгдлээ.
Тэрбээр цааш нь, “Нэр дэвшигч Ж.Ганбаатар маань шударга сайхан өрсөлдөж, сонгуульдаа ёс зүйтэй оролцохыг анхнаасаа уриалж байсан. Гэтэл гүтгэлэг дайралт хэрээс хэтэрлээ. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийн байгууллагууд маань энэ мэт гүтгэлгийг нийтэлж, түгээхгүй байхыг хүсье. Өнөөдрийн хэвлэлийн бага хурлын мэдээлэл бол цэвэр гүтгэлэг, хууль бус дайралт гэдгийг бид албан ёсоор мэдэгдлээ. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууддаа бид албан ёсоор санууллаа.
Ингээд байхад гүтгэлгийн чанартай мэдээ мэдээллийг олон нийтэд түгээвэл Сонгуулийн тухай хуулийн 70.1.6 болон бусад хэсэгт заасны дагуу Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар болон Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд гомдол гаргахаас өөр аргагүй байдалд орно гэдгийг мэдэгдэж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчид маань үүнийг ойлгож хуулиа биелүүлж ажиллана гэдэгт итгэж байна аа” гэв.
Сэтгүүлч: Д.Атар
Эх сурвалж: gogo.mn