УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Улсаас нэмэгдэл татаас авдаг хэрнээ үнээ нэмсэн нь буруу
Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ долоо хоногийн даваа гарагаас цахилгааны шинэ тариф мөрдүүлэхээр болсон. Энэ шийдвэрийг иргэд эсэргүүцэж, манай сонинд өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Тэдний үзэж буйгаар хэрэглэгчдийг үр ашигтай цахилгааны хэрэглээнд шилжүүлэх зорилгоор ялгаатай тариф тогтоосон гэж байгаа ч 150 кВт хүртэл хэрэглээтэй, цахилгаан бага зарцуулдаг айл өрхүүд хуруу дарам цөөн гэнэ. Түүнчлэн чоно борооноор гэгчээр олон хүн амарсан, агаар салхинд гарсан хойно гэнэт ийм шийдвэр гаргалаа гэж үзэх нэгэн ч байна.
Шинэ тарифыг төв, зүүн, өмнөд, Алтай-Улиастайн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон үйлдвэр, аж ахуйн нэгж болон бусад байгууллага мөрдөх аж. Тухайлбал энгийн тоолууртай айл өрхүүдийн сарын нийт хэрэглээ нь 150 кВт.цаг хүртэл бол 79 төгрөг, түүнээс дээш бол 96.6 төгрөгөөр, хоёр тарифт тоолууртай айл өрхүүд 06-21 цаг хүртэл 84 төгрөг, 21-06 цаг хүртэл орой, шөнийн хэрэглээндээ 60 төгрөгийн тарифтайгаар цахилгааны төлбөрөө төлөхөөр болжээ. Үүнд НӨАТ ороогүй байна. Харин үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд өөр тариф мөрдөгдөнө.
Цахилгаан, эрчим хүчний салбарынхан өнгөрсөн жил 66.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Тиймээс үнийг нь нэмэхгүй бол алдагдал цаашид улам гаарах гэнэ. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны хэвлэлийн мэдээллийн ажилтан Б.Сундуйжав “Манай станцууд нэг кВт цахилгааныг 101 төгрөгөөр үйлдвэрлээд 86 төгрөгөөр худалддаг.
Мөн нэг Гкал дулааныг 25 мянган төгрөгөөр үйлдвэрлээд 12 мянга 600 төгрөгөөр зардаг. Станцуудад тоног төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээ зайлшгүй хийх шаардлагатай байна. Мөн ажилчдаа боломжийн цалин хөлсөөр хангах ёстой” гэж мэдэгджээ.
Шинэ тарифаар мөрдөгдөх цахилгааны төлбөрийг бид ирэх сард төлнө. Тэр үед хэдий хэмжээний нэмэгдэл гарах нь ил болно. Юутай ч бид цахилгааны үнийг нэмсэн нь хэр оновчтой талаар УИХ-ын гишүүд, зарим агентлагийн дарга нарын байр суурийг сонирхлоо. Тэдний ихэнх нь цахилгааны үнийг нэмэх нь буруу гэсэн байр суурьтай байсан юм.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Зөөлөвчлөх бодлого давхар явуулах ёстой
Миний бодлоор суурь үнэ өөрчлөгдсөнөөр бусад бараа бүтээгдэхүүний үнэ ханшид ч өөрчлөлт орно шүү дээ. Тиймээс зөөлөвчлөх бодлого давхар явуулах ёстой байсан юм. Жишээлбэл цалин, тэтгэвэр нэмсний дараахан үнэ тарифыг нь өсгөх ёстой.
УИХ-ын гишүүн Н.Батцогт: Цахилгааны үнийг нэмэх нь зөв
Цахилгааны асуудалд төр дандаа алдагдал хүлээж байгаа. Манай улс гаднаас өндөр үнэтэй цахилгаан импортолж ард иргэддээ хямдруулж өгөөд, зөрүүг нь төрөөс төлдөг. Миний сонссоноор энэ жилийн алдагдал 70 тэрбум төгрөг гарсан гэсэн. Энэ өр цаашид улам нэмэгдэх хандлагатай болсон. Тийм ч учраас цахилгааны үнийг нэмэх нь зөв.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Алдагдлаа тодорхой хэмжээгээр нөхөх гэсэн оролдлого
Үнэ тогтвортой байх нь хамгийн чухал. Цахилгааны үнийг нэмэх нь алдагдлаа тодорхой хэмжээгээр нөхөх гэсэн оролдлого шүү дээ. Миний хувьд энэ салбар улсаас татаас, нэмэгдэл авч байгаа учраас цахилгааны үнийг нэмэх нь буруу гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Цахилгааны үнийг нэмсэн нь гал унтраах төдий шийдвэр
Монгол Улс өөрийгөө цахилгаан эрчим хүчээр хангахад маш хүнд болчихоод байгаа. Тиймээс томоохон цахилгаан станц барих шаардлагатай байгаа юм. Хэрвээ бид цахилгаан станцуудынхаа хэвийн үйл ажиллагааг хангахгүй бол Улаанбаатар хот хөлдөхөд хүрнэ. Иргэдийнхээ амьжиргааны түвшнийг тооцож үзвэл цахилгааны үнийг нэмэхэд төвөгтэй. Үүнээс үндэслээд бүх газарт хэмнэлт чухал болоод байна. Ядаж л өдөр 00, орцныхоо гэрлийг асаадаггүй, зурагтаа улаан гэрэлтэй нь үлдээхгүй, компьютерээ өдөртөө салгах гэх мэт хэмнэлтүүдэд иргэд суралцмаар байгаа юм. Тэгэхгүй бол цахилгаанд хэтэрхий гамгүй хандаж байна гэдгийг ойлгох хэрэгтэй.
Ер нь цахилгааны үнийг нэмэх нь цорын ганц шийдэл биш. Гэхдээ одоохондоо энэ бол гал унтраах л шийдвэр шүү дээ. Тодорхой кВт заагаад, үүн дотроо нэмэхгүй байна гэдэг бол иргэдийг цахилгаанаа гамтай хэрэглэхэд сургаж байгаа нэг хэлбэр гэж ойлгож болно. Тиймээс аль болох нэмэгдээгүй кВт-даа тааруулан хэмнэлтэй хэрэглэж сурах хэрэгтэй гэсэн үг.
Манай гэрийн цахилгааны хэрэглээ бага. Харин зуслан дээр цахилгаан их хэрэглэдэг. Улаанбаатарт утаа нэмэхгүй гээд зуслангийн байшингаа цахилгаанаар халаадаг. Өвөл ч зусландаа амьдардаг. Тиймээс үнэ нэмэгдсэнээр манайх цахилгааны үнээ дийлэхгүйд хүрч байна. Миний мэддэг олон айл цахилгаан халаагуур хэрэглэдэг. Тийм ч учраас цахилгааны үнэд уян хатан бодлого барих шаардлагатай гэдгийг хэлмээр байна.
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр: Дунд нь төр оролцох нь буруу
Хүчээр шийдэж байгаа зүйл заавал задардаг жамтай. Цахилгааны үнийг хил хязгаар тогтоохгүйгээр бүрмөсөн чөлөөлж, зах зээлийнх нь горимд оруулах ёстой. Үйлдвэрлэж байгаа нь ямар үнээр зарахыг хүсч байна, хэрэглэгч ямар үнээр авмаар байна вэ гэдгээ ярилцаж тохиролцох ёстой болохоос дунд нь төр ороод гүйгээд байх нь буруу. Төр зохицуулах юмаа л зохицуулна биз. Юм болгон руу орох хэрэггүй гэж бодож байна.
Улаанбаатар хотын гаалийн газрын дарга Б.Хишигбат: Алдагдлаасаа гарахын тулд нэмж байгаа бол зөв
Улс алдагдлаасаа гарахын тулд цахилгааныхаа үнийг нэмж байгаа бол зөв. Хэрэглэгчид ч өөрсдийн хэрэглэсэн цахилгааныг бодит, зөв үнээр төлөх ёстой. Харин санаагаараа зохиогоод, мөнгө олох гэж байгаа бол буруу”.