УИХ-ын гишүүн Б.Ундармаатай ярилцлаа.
-Сонгинорхайрхан дүүргээс Их хурлын гишүүний мандатыг өвөртөлж ирсэн. Өмнө нь тус дүүргээс Нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож байсан хүний хувьд иргэдийнхээ өмнө тулгамдсан хүндрэлтэй асуудлыг илүүтэй мэдэх байх гэж хараад байгаа?
-Сонгинохайрханчуудынхаа итгэл, сэтгэлийг өвөртлөн Их хуралд орж ирлээ. Үүн дундаа Монголын ард түмэн эмэгтэйчүүдэд итгэл хүлээлгэн 13 эмэгтэй хүнийг төрд илгээсэн нь эмэгтэйчүүдийн оролцоо төрд ямар хэрэгтэйг харуулсан сонголт болж чадлаа. 13 эмэгтэй гишүүн Их хуралд орж ирснээр нийт гишүүдийнхээ 17.1 хувийг бүрдүүлж байгаа юм. Дахин нэг эмэгтэй гишүүн орж ирсэн бол хуульд заасан 20 хувьдаа хүрэх байлаа.
Би чинь Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойргоос гишүүн болсон. Дан ганц Сонгинохайрхан дүүрэг гэлтгүй орон даяар иргэдийн амьдрал ахуй тийм ч сайн биш байгаа. Ялангуяа иргэдийн ажилгүйдлийн түвшин өндөр байгаа нь эдийн засаг, нийгмийн амьдралд таатай биш нь тодорхой. Манай тойрогт гэхэд сургууль, цэцэрлэг, худгаас эхлээд тулгамдсан, заавал шийдэх асуудлууд бий. Өмнө нь гэхэд худаг барьчихаад үйл ажиллагааг нь эхлүүлж, тэнд ажиллах хүний ажлын байрыг нь бий болгоогүйн улмаас усны асуудал одоо ч тулгамдсан хэвээр байна. Төсөв мөнгө байхгүй гэх зэргээр олон шалтгаан тоочиж улаан тоосгон худгийн байшингаас өөр зүйл байхгүй байгаа. Эдийн засаг хүнд байгаа хэдий ч аливаа ажлыг бага гэлгүйгээр хийж эхлэх нь зөв л дөө. Саяхан УИХ дахь эмэгтэй гишүүдтэй НҮБ-ын суурин төлөөлөгч уулзаж, санал солилцлоо. Бидний ярьж буй нийгмийн асуудал, иргэдийн амьжиргааг дээшлүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, айх аюулгүй амар тайван орчинд амьдрах боломжийг бий болгох, хөрс, ус, агаарын бохирдол гэх мэт аюулын харанга дэлдсэн энэ бүхэн дээр бид хамтран ажиллана. НҮБ-ын цаашид хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөнд туссан байгаа юм билээ.
-Дүүргүүдэд яг ямар асуудл.ууд хамгийн ихээр тулгамдаж байна вэ?
-Хүүхэд гэдэг бол бидний үргэлжлэл, Монголын ирээдүй шүү дээ. Өмнө нь тойргоороо явж байхад сурагчид гурван ээлжээр хичээллэж байна гэдэг байсан бол одоо дөрвөн ээлжээр хичээллэдэг болсон байна. Цэцэрлэг огт хүрэлцээгүйн дээр эмнэлгийн үйлчилгээг хангалттай авч чадахгүй байгаа нь сэтгэл эмзэглүүлэх нэг шалтгаан болж байгаа юм. Түүнчлэн эмч нарын ачаалал асар их байгаа нь үүнд нөлөөлөх бас нэг шалтгаан болж байна л даа. Өнгөрөгч хавар гэхэд янз бүрийн халдварт өвчнүүд их гарлаа. Цаашид эмнэлгийн салбартаа цогц арга хэмжээ авахгүй бол болохгүй болжээ. Бид МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож ажиллана.
МАН-ын мөрийн хөтөлбөр бол Монгол Улсын хэмжээнд амьдарч буй нийт иргэдийн хүсэн хүлээж байгаа зүйл. Манай нам анх мөрийн хөтөлбөрөө ард түмнээ сонсох замаар гаргасан юм. МАН-ын мөрийн хөтөлбөр чинь Монголын ард түмний амьдрал байхгүй юу.
-МАН энэ сонгуульд нийгмийн халамжийн чиглэлийн зүйлсийг мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Эдийн засаг хүнд байгаа энэ үед мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг амар биш. Эдийн засагч хүний хувьд эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?
-Шинээр томилогдсон зарим сайдуудтай уулзаж байхад эдийн засгийн нөхцөл байдлыг бодитоор судалж, тодорхойлоод бүлгийн хуралдаанд танилцуулахаар болсон. Үнэнийг хэлэхэд өглөөний долоон цагаас шөнийн 00 цаг хүртэл ажиллаж байгаа. Бид ямар эдийн засаг хүлээж авсан бэ гэдгээ тодорхойлоод зөв мэдээллийн дагуу ажиллах ёстой. Одоогоор бидэнд хийж, бүтээе гэсэн хүсэл байвч бодит байдал ямар байгааг хамгийн түрүүнд ард түмэндээ хэлэх учиртай.
Ямарваа нэгэн зүйлийг босгоход хэцүү байдаг хэрнээ нураах нь маш амархан. Бид эдийн засгаа хөл дээр нь бат зогсоохын тулд иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах болно. Бизнес эрхлэгчдээс эхлээд иргэдийн нуруунд дарамт болоод буй дарамт, хүү, торгуулийг багасгах тал дээр анхаарна. Эдийн засгийн талаарх бодит мэдээллийг авчихаад энэ тал дээр дэлгэрэнгүй ярих нь зөв байх аа.
-МАН анх ипотекийн зээлийн хүүг санаачлан эхлүүлсэн гээд байсан даа. АН-ын үед хэрэгжсэн энэ ажил МАН-ын Засгийн газрын үед зогсох нь гэдэг яриа гарч. Ипотекийн зээлд хамрагдсан хүмүүс бүгд ямар нэгэн байдлаар түгшүүртэй байгаа нь анзаарагдаж байна. МАН үнэхээр зогсоох юм уу?
-2012 онд зургаан хувийн хүүтэйгээр ипотекийн зээлийг эхлүүлж байсан. Манай намын зүгээс ипотекийн зээлийг зогсооно гэж яг хэлээгүй шүү дээ. Цаашид энэ зээл үргэлжлэх үү, үгүй юу гэдэг нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалах юм. Монголбанкны удирдлага саяхан шинээр томилогдсон. Удахгүй Төв банкны захирлын бодит мэдээлэл тодорхой болох байх.
Ер нь бол бид аль болох явж байгаа зүйлийг зогсоох биш дэмжиж, үргэлжлүүлнэ. Айл өрх бүрт нэмэр тус болохуйц ажлуудыг дэмжих л хэрэгтэй.
-Монгол Улсын Ерөнхий сайд 11 сайддаа тамгыг нь атгууллаа. Дөрвөн сайдын асуудал цаана нь үлдэж байна. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэдэг амлалтаасаа МАН ухарлаа гэсэн нийгмийн шүүмжлэл нэлээд байх юм. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?
-Сайдууд ажлаа аваад удаагүй байна. Энэ удаагийн Засгийн газарт дадлага туршлагатай, бүтээлч хүмүүс сайд болсон гэж харж байгаа. Одоо томилогдоод буй 11 сайдаа бид бүлэг дээрээ 100 хувь дэмжээд гаргасан. Энэ хүмүүс дотор мэргэжлийн бус гээд хэлчих хүн байхгүй.
МАН УИХ-д 65 суудалтай болно гэдэг нь өөрөө маш том тоо. Тиймээс ард иргэд биднээс их зүйл хүлээж байгааг нь мэдэж байгаа. Үнэмлэхүй олонхи болох тусам иргэдийн зүгээс биднээс хүлээх хүлээлт маш өндөр болдог. Шинэ санаа, шинэ технологийг бүтээгч хүмүүс л Монголын нийгэмд хэрэгтэй. Өнөөдөр бидэнд хар ухаанаар хэлэхэд мөнгө босгож чадах тийм л хүмүүс хэрэгтэй гэдгийг мэдэж авцгаалаа.
-Өмнөх парламентын үед УИХ дахь эмэгтэй гишүүд албан бус бүлэг байгуулан ажиллаж байлаа. Энэ удаа та нар бүлэг байгуулах уу?
-Шинээр бүрэлдсэн Их хурлын эмэгтэй гишүүдийн 12 нь нэг намаас сонгогдсон. Завханаас сонгогдсон З.Нарантуяа маань АН-ынх хэдий ч бид хамтарч байгаа. Заавал албан, албан бус бүлэг байгуулах шаардлагагүй. Эмэгтэйчүүд нэг л санаа зорилготой байж, нийгмийн асуудлуудаа шийдээд явах хэрэгтэй.
dnn.mn
Э.Энхболд