“Нүдэн сондор” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин О.Амгаланбаатартай ярилцлаа.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Таны тоглосон “Нүдэн сондор” уран сайхны кино хэзээ нээлтээ хийх вэ?
-“Нүдэн сондор” киног найруулагч Энхбаатар найруулсан. Энэ кино ирэх сарын 2-нд нээлтээ хийнэ. Уг кинон дээр сар гаран ажиллалаа. Хөдөлмөрийнхөө үр шимийг удахгүй үнэлүүлэх нь байна. Кинонд гурван найзын нөхөрлөлийн тухай гардаг. Амьдралд замын голоос эргэж буцсан янз бүрийн асуудлууд гарна. Ер нь найз гэдэг эцсийн дүндээ ямар шийдвэр гаргаж болдгийг харуулсан. Нөхөрлөл гэдэг нарийн нандин холбоог илүү харуулахыг зорьсон юм шиг санагдсан. Мөн ажил төрөл, ар гэр, мөнгөний араас яаж явж байгааг харуулах юм.
-Яагаад энэ киног сонгож тоглосон бэ?
-Киноны зохиолыг уншихад нэгэн хэвийн зохиолоос эрс өөр байсан. Зөрчил, үйл явдал ихтэй юм шиг санагдсан. Зохиол нь их өвөрмөц санагдсан учраас энэ кинонд тоглох болсон доо. Тухайн үед UBS телевизээс хийж байсан нэг кинонд тоглож байсан ч зураг авалт зогсчихсон учраас тоглохоор болсон.
-Кино зохиол дээр ажиллаж байгаа гэж сонссон?
-Би багаасаа юм бичих гэж их оролддог байсан л даа. Гэхдээ миний мундаг кино зохиол бичнэ ч гэж юу байхав. Санаа гаргаад тэрийгээ мэргэжлийн хүмүүсээр засаж янзлуулах юм. Энгийн хүмүүс дунд байгаа өвөрмөц санааг олж харахыг хичээсэн. Хэрвээ санаа нь боломжийн байх юм бол мэргэжлийн хүмүүс нь засаж янзлаад кино зохиол болох боломжтой байдаг.
-Ямархуу төрлийн кино байх вэ?
-Монгол ахуй, хөдөө сумын амьдрал ахуйг харуулахаар зохиол бичих гэж оролдож байна. Миний бодлоор орчин цаг гэдэг одоо цагийг хэлж байгаа шүү дээ. Хөдөөний хүмүүс ч гэсэн орчин цагийн хүмүүс. Манайхан хотын хүнийг л орчин цагийн хүмүүс гэж буруу ойлгоод байдаг юм шиг. Тийм учраас хөдөөний орчин цагийн үйл явдлыг харуулж хийвэл их сонин байх юм болов уу гэж бодож байна.
-Амгаа ингэхэд яг ямар мэргэжилтэй билээ?
-Би олон улсын худалдааны эдийн засагч, маркетингийн мэргэжилтэй.
-Тэгвэл мэргэжлээрээ бус загвараар явсан. Харин одоо бол кино урлагт ороод жүжигчин болчихлоо шүү дээ?
-Тийм л болоод байна. Сургуулиа төгсчихөөд загвараар явсан. Загвар эрт эхлээд эрт дуусдаг мэргэжил. Намайг загвараа эхэлж байх үед хүмүүс амжилтад хүрчихсэн байдаг үе байсан. Тухайн үедээ гэрээ хийж загвар өмсдөг байсан юм.
-Одоо та бие даасан уран бүтээлч үү?
-Одоо бол мэргэжлийнхээ дагуу худалдааны ажил хийх гэж оролдож байна. Яг энэ үед эдийн засгийн хямрал нөлөөлөөд үйл ажиллагаа маань түр зогсчихоод байна л даа.
-Анхны дүрдээ яаж сонгогдож байсан бэ?
-Анхны дүр “Учиртай гурван толгой” уран сайхны кино. “Монгол филм” компаниар “Монгол модел” продюсерлож хийлгэж байсан юм. Тухайн үед би Монгол контентийн зураг авалтад нь орж байсан. Тэгээд намайг пробанд ороодохооч гэсэн юм. Пробандаа орчихоод Булганы Могод руу эмээгийндээ оччихсон байсан чинь ирээч гэж дуудаад тоглохоор болсон доо.
-Хэдэн кинонд тоглосон байна вэ?
-Дөрвөн киноны гол дүрд тоглосон байна. Туслах дүрээр бас хэдэн кинонд орсон.
-“Содура” уран сайхны киноны зохиол их содон санагддаг. Өөрийн чинь хувьд ямар санагдаж байсан бэ?
-Хэрэв киногоо гадаад зах зээл рүү гаргана гэж бодож байгаа бол дайн тулаантай экшион кино хийх нь төдийлөн амжилтад хүрэхгүй байх. Тэр тухай 100 гаруй жил хийчихсэн Америкийн киног давна гэдэг хэцүүхэн л санагддаг. Тэгэхээр монгол ахуйг харуулсан эсвэл түүхээр нь холбогдсон кино миний хувьд их өвөрмөц санагддаг. Тиймээс цаатны амьдрал ахуйг харуулна гэхэд надад их өөр санагдсан.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Би бүтээсэн зүйлгүй хэрнээ их завгүй байдаг юм. Би өөрөө Булганы Могодын хүн болохоор болж л өгвөл агаар салхинд гарахыг чухалчилдаг.
-Бага байхдаа загвар өмсөгч, жүжигчин болно гэж өөрийгөө төсөөлж байв уу?
-Булганых ч гэсэн Эрдэнэтэд сургуулиа төгссөн. Бурхан бас хүнийг хардаг юм байна гэж боддог. Бага насандаа их л хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Арван жил, их сургуульдаа ямар байсныг ангийнхан мэднэ дээ. Нилээн олон түүх, математикийн олимпиадад орж байлаа. Их сургуульд эрдэм шинжилгээний хурал, илтгэл, эссэ бичлэгийн уралдаан гээд их зүйлд ордог байсан. Тэр чиглэлээр бол надад 120 гаруй өргөмжлөл, медаль байдаг. Нийгмийн идэвхтэй янз бүрийн үйл ажиллагаанд их оролцдог хүүхэд байлаа. Багаасаа жүжигчин болно гэж бодож байсангүй. Хоёрдугаар ангидаа кино хийх юмсан л гэж их боддог байсан. Хүн чинь нандигнаж явдаг зүйлээ нууцалдаг шүү дээ. Багаасаа л зохион бичлэгийн олон тэмцээнд орсон гэхээр чиглэлээр нь яваад л байсан юм шиг байна. Бурхан миний мөрөөдлийг надад өгөх гээд нэг мэдсэн жүжигчин болчихсон л явна. Шууд кино хийнэ ч гэж юу байхав. Бас нэг салбарт нь орчихсон тогооноос нь хоолыг нь идэж байгаа хүн арай өөр шүү дээ. Гэхдээ кино найруулна гэхгүй. Миний мэргэжил бол угаасаа худалдааны маркетинг учраас кино продюсерлох, киноны маркетинг дээр оролцоход ойролцоо мэргэжил учраас тэгж холбогдоход болохгүй юм байхгүй гэж харж байгаа.
-Та төлөвлөгөө гаргадаг уу?
-Оюутан байхад цагаа их төлөвлөдөг байсан. Ажил дээр гараад ч гэсэн мэргэжлээрээ хэдэн жил ажиллах үедээ төлөвлөдөг байсан юм билээ. Сүүлийн үед хувь уран бүтээлч болсноосоо хойш төлөвлөгөөгүй ажилладаг болсноо анзаарсан. Тэгээд одооноос жижигхэн бор дэвтрээ олоод авчихсан бичиж эхэлж байгаа.
-Залуу хүний хувьд ямар зарчим баримталдаг вэ?
-Би юманд тууштай, шударга байхыг хичээдэг.
-Эхнээсээ мөрөөдөл тань биелж байгаа юм байна. Өөр цаашдын том мөрөөдөл юу байна вэ?
-Олон байдаг л даа. Залуу үеэ сайн дэмжиж сайн дурын үйл ажиллагаа явуулах зорилго байгаа. Энэ маань бүтэх юм шиг санагдах болсон. Чадвал энэ жилдээ багтаагаад эхлүүлнэ.
-Гэр бүлээ танилцуулбал…?
-Одоогоор бол ганц бие байгаа. Эхээс гурвуулаа, ахтай, дүүтэй айлын дундах хүүхэд. Ээжийг маань Одонгаваа гэдэг.
-Хэзээ гэр бүл зохиох гэж байна?
-Болдог бол өнөөдөр ч гэсэн зохиомоор л байна. Гэр бүлийг чинь амар шийдэж болохгүй шүү дээ.
-Ойрд уран бүтээлийн санал хэр их ирж байна?
-Яахав ирдэг л дээ. Жүжигчин Ариунбямба ах маань “Өөрөө өөртөө ханшаа тогтоох хэрэгтэй. Гэхдээ өөрөө чадалтай байх хэрэгтэй. Юу ч чадахгүй байж том дуугараад байвал хэн тоох юм бэ. Тиймээс эхлээд өөрийгөө чадваржуулах хэрэгтэй” гэж хэлж байсан. Олон сайхан ах нар маань надад зөвлөгөө өгдөг. Өөр салбарт орж ирэхэд намайг их сайхан хүлээж авсанд баярладаг.
-Жүжигчний карьераа бол мэдээж орхихгүй байх, тийм үү?
-Надад жүжигчин Ариунбямба “Чи өөрийгөө хөгжүүлээд би энд байсан гэж орон зайгаа үлдээвэл сайхан шүү дээ” гэж бас хэлж байсан. Нээрээ би дараа хүүхдэдээ аав нь энэ үед ийм байсан гэж хэлмээр байна шүү дээ. Нэг эхэлсэн зүйлийнхээ үр дүнг харах юмсан гэж боддог.
-Тоглохыг хүсдэг дүр бий юу?
-Одоо ингээд тоглосон дүрээ харахаар ер нь сайн залуугийн дүр байдаг юм. Нээлтээ хийх “Нүдэн сондор” ч гэсэн мөрөөрөө үг дуу цөөтэй залуу л байгаа. Тэгэхээр тэс өөр эсрэг талын дүрд тогломоор байна.
С.АРИУН