Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хэрэгсгэхгүй болгож байгаа нь хүчирхийллийн эсрэг “түр хоргодох” байранд очиж үзээгүй хүний шийдвэр хэмээн иргэд “эгдүүцэж” байна. Ихэнхдээ эхнэр хүүхдүүддээ дээрэлхсэн агсам согтуу тавьсан эрчүүдийн асуудал яригдаж байхад төр тэднийг юунд өмөөрөв. Нэг хэсэг хугацаанд шийдвэрлээгүй орхисон нь хэдэн хүнийг хэдэн шөнө зовоох эх үүсвэр нь болж байгаа бол. Гэртээ айх айдасгүй суух эрх дарамтанд өртсөн хүүхдүүд болон эхчүүдэд байхгүй болж байна.
Агсам согтуу тавьхаас гадна сэтгэл санаа, бэлгийн, эд хөрөнгийн дарамт учруулан байгааг төрийн үйлчилгээндээ орхисон ч ядахдаа архи уусан нөхрийг удаа дараа эхнэр хүүхдээ болон ар гэрээ дарамталсан бол тэдэнд яагаад “төр төмөр нүүрээ” үзүүлж болдоггүй юм бэ.
Болдоггүй хүнийг болдоггүй чигээр нь орхин гэмт хэрэг хийх өдөр, цагийг нь хүлээж байгаа мэтээр үл тоомсорлон байна. Төрийн их үйлийг залгамжлах болсон МАН бодлогынхоо хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хугацааг сунжруулалгүйгээр батлан өгөөсэй билээ. Чангахан зам ард нь байгааг мэдвэл архичид цөөрч нийгэм эрүүлжих нэг жижиг гарц ч байж мэдэх хэрэг.
Яаж ч болдоггүй согтуу хүнийг нийгмийн ажил хүчээр хийлгэн ар гэрийнхэнд нь ажлын хөлсийг нь шилжүүлдэг байж болно. Энэ аргыг Орос улс 1998-2005 оны хооронд хэрэглэж байсан.
Эрүүлжүүлэх байранд орсон, ар гэртээ агсам тавьсан иргэд мөн гудамж тайлбайгаас олдсон согтуу хөлчүү иргэдийг эрүүлжүүлэн 7-14 хоног ар гэрийнхнээс нь тусгаарлан албадан хөдөлмөр хийлгэж байсан. Үүнд нь тухайн үеийн төрийн нэр зүтгэлтэй, департаментийнхан нь ч ажиллаж байсан гэдэг. Харин ажилласан хөлсийг “хүмүүжсэн” гэж үзсэн үед нь ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгдөг байж. Эхнэр хүүхэдтэй болж өрх тусгаарлан нийгмийн томоохон анги үүсгэчихээд түүнийгээ ухамсарлахгүй эхнэр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж мэдэхгүй өөрийн биеийн жаргалыг хөөн архи ууж, агсам согтуу тавьж байгаа этгээдүүдэд яг өөрсөд нь таарсан шийтгэл оногдуулах ёстой гэдэг байж. Мөн сэтгэл зүйн сургалтанд суулгаж “өөд нь татан” авах алхамыг төр хийгээсэй.
Яг энэ аргыг Монголд яагаад хэрэглэж болохгүй гэж. Гэр бүлээ үл тоомсорлон архинд толгойгоо мэдүүлбэл төр тэдний толгойг хатуухан “илдэг” байж болно. Гэр бүлийн хүчирхийллийг эмэгтэйчүүд мөн ихээхэн үүсгэдэг. Нөхрөө дарамталсан, үр хүүхдийнхээ амьдрал ахуйд саад учруулсан гээд олон олон шалтгаан байгаа. Үүнийг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг томоохон хуулиар хамгаалах ёстой. Хууль батлагдах цаг хугацааг хүлээж амжилгүй мөнх бусийг бусдын гарт үзүүлж байгаа хэдэн хохирогч байгаа бол. Нөгөө сөрөг намын хийж эхлүүлсэн ажил хэмээн “эгдүүцэн” байгаа бол нэрийг нь өөрчлөөд ч болов хурдхан баталчихаач. Хугацаа алдах ёсгүй зүйлд бүү хугацаа алдаач гэж хүсье эрхэм гишүүдээ.
Б.Саран