Д.Мэндбаяр:Гарваагийн дүрийг бүтээхэд сэтгэл тавгүйтэж, хамаг бие минь чичирдэг байлаа

938db01d339d78bf05d4f5b5ef094ccc17307b20

Улсын драмын эрдмийн театрт 1963 оноос хойш ажиллаж Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Луйза, К.А.Треневийн “Любовь Яровая” жүжгийн Любовь Яровая, У.Шекспирийн “Отелло” жүжгийн Дездемон зэрэг тайз дэлгэцийн олон бүтээлийг амилуулсан Монгол Улсын ардын жүжигчин Дагвадоржийн Мэндбаяртай ярилцлаа.

-Та Ховд аймгийн Манхан сумын харьяат байх аа?

-Тийм. Иргэний үнэмлэхээ авах үедээ Ховд аймгийн Манхан сумын захчин ястан гэдгээ ааваасаа сонсож байлаа. Ингэж энэ нутаг усанд харьяалагдах болсон юм. Аав, ээж минь нэг нутгийн хүмүүс л дээ. Намайг хоёртой, ахыг минь дөрвөн настай байхад аав, ээж минь хоёр тийш болсон. Түүнээс хойш аав, ах бид гурав Улаанбаатарт ирж суурьшсан юм. Хоёрхон настай нутгаасаа гарсан болохоор уул, ус, газар нутгаа сайн мэдэхгүй. Аав, ээжийн минь талын төрөл, садангууд их л байдаг юм гэсэн. Одоо хөгшчүүл нь бурхан болоод ач, зээ нар нь л бий байх. Тэгэхээр сайн танихгүй л болоод байна.

Миний аав Лооройн Дагвадорж гэдэг хүн байлаа. Төмөр замын хамгийн анхны ажилчдын нэг. Халхын голын дайнд орсон “Бид ялав” гэсэн тэмдэгтэй, “Алтан гадас”, “Цусан гавьяаны одон”-той хүн байсан даа. Бага нас минь Зүүнхараад өнгөрсөн. Аав минь ах бид хоёрыг Сайншанд хүртэл вагондоо авч явдаг байсан. Зуны цагт яшик гэдэг жижиг ачааны вагонд амьдардаг байлаа. Ингэж явсаар л аав минь бид хоёрын хөлийг дөрөөнд, гарыг ганзаганд хүргэсэн. Ах, бид хоёрыг хойд эхийн гар харуулаагүй, ёстой л гэрт орж эм, гадагш гарч эр хүн болдог байлаа. Их сайхан сэтгэлтэй хүн байсан юм шүү.

-Та дотооддоо жүжигчин мэргэжлээр анх удаа дээд сургууль төгссөн хүмүүсийн нэг. Анги удирдсан багш тань Нямын Цэгмид гуай байсан гэдэг бил үү?

-Би нийслэлийн 18 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч байлаа. Хичээлийн шинэ жил эхлээд дөрөвхөн хонож байсан юм. Тэр үед улс даяар урлагт дуртай, жүжигчин болох сонирхолтой хүмүүсийг сонгон шалгаруулж байсан. Шалгарсан хүмүүсийг Улсын Багшийн их сургуулийн драмын жүжигчний ангид элсүүлэх зорилготой байж л дээ. Манай сургууль дээр сонгон шалгаруулалт явагдаж “Сүхбаатар” киноны Богдын дүрд тоглодог ардын жүжигчин Нямын Цэгмид, Г.Гомбосүрэн тэргүүтэй хүмүүс ирсэн юм.

Манай ангиас “Алтан өргөө” киноны Сүмбээгийн дүрд тоглодог Б.Зориг, телевизийн спортын редакцид найруулагч хийж байсан С.Бадрах бид гурав тэнцэж есдүгээр ангиасаа их сургуулийн босго алхаж байсан түүхтэй. Энэ мундаг хүмүүсийн нүдэнд өртсөнөө их л азтайд тооцож явдаг. 1963 онд жүжигчин болж төгсөж байсан. Тухайн үеийн Соёлын яам жүжигчин мэргэжлээр төгссөн 20 оюутныг соёл урлагийн байгууллагуудад хуваарилан, томилолт өгч байлаа. Тэр дундаас “Нүгэл буян” киноны ламын дүрээр үзэгчдийн танил болсон, гавьяат жүжигчин Ж.Бужгар, Нарантуяа, Лхамхүү, Б.Зориг, С.Бадрах бид хэд театрт хуваарилагдсан нь бас их азтай тохиол юм шүү.

-Та алтан үеийнхэнтэй олон сайхан дүрийг театрын тайзнаа бүтээсэн биз?

-Бид оюутан байхдаа “Хоёр эх” буюу “Афродит” жүжгээр дипломын ажлаа хамгаалсан юм. Арьс, өнгөний ялгааг эсэргүүцсэн хүмүүсийн үзэл бодлын талаар өгүүлдэг жүжиг л дээ. Би 16 настай Кейт охины дүрд тоглосон. Тэр жүжиг минь сайн байсан тул театрын тайзнаа тоглогдох болсон юм. Тэр үед миний ээжийн дүрд ардын жүжигчин Т.Хандсүрэн, хар арьст эхийн дүрд Т.Цэвээнжав, Д.Ичинхорлоо гуай нар ээлжилж тоглодог байлаа. Хэтрүүлэгтэй хэлэхэд гавьяат жүжигчин Т.Цэвээнжав гуайг ярихад театрын тайз доргих шиг болдог байлаа шүү дээ. Тийм сайхан дуу хоолойтой. Харин Г.Гомбосүрэн гуай тайзны хамгийн ар хэсгээс шивнэх төдий ярихад л суудлын хойно суугаа үзэгчдэд сонсогдохоор байдаг байсан. Анх удаа томчуудтай хамтарч тоглож байгаа нь тэр л дээ. 1963 онд энэ жүжгээр анхны дээд мэргэжилтэй боловсон хүчин төгсч, театрт ирж байсан түүхтэй.

Энэ цагаас хойш театрын тайзнаа тоглогдсон 200 гаруй жүжгийн гол ба туслах дүрд тоглосон. Энэ тоглох бололцоог олгож хамтран ажиллаж байсан хүмүүс маань алтан үеийнхэн гэж нэрлэгддэг ардын жүжигчин Нямын Цэгмид, Г.Гомбосүрэн, Т.Цэвээнжав, Ч.Долгорсүрэн, Т.Хандсүрэн гуай гээд театрыг анх үүсгэн байгуулалцаж байсан хүмүүс. Энэ хүмүүс биднийг театрын тайзан дээр хүлээн авч, “Театрын жүжигчин” гэх үнэмлэх гардуулж байлаа. Тухайн үеийн хамгийн залуу жүжигчин нь Ц.Гантөмөр, Л.Жамсранжав, “Хөхөө гэрлэх дөхлөө” кинонд тоглож байсан Б.Дашдаваа нар байсан. Энэ сайхан хүмүүстэй хамтарч театрын тайзнаа олон арван жүжигт тоглосон. Ээж, аав, эгч дүү, найзууд шиг драмын урлагийг түгээж болох бүхий л газруудаар явж байлаа.

Театрын найруулагчаар С.Гэндэн, Л.Ванган гуай нар ажиллаж байв. Мөн хайртай Э.Оюун багш минь бидний жүжгийг найруулдаг байсан. Э.Оюун багш монгол жүжгийн зохиол олдохгүй үед гадны сонгодог зохиолуудаас орчуулж, театрын тайзнаа тавьдаг байлаа. Тэр үед ажиллаж байсан уран бүтээлчид театрын ачааллыг нуруундаа үүрч сурсан хүмүүс байсан. Хөдөө орон нутагт хамгийн анх удаа сонгодог жүжгийг хүргэж байлаа. Тэр нь дэлхийн сонгодог бүтээлийн нэг болох Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжиг байсан юм. Мөн Буриад руу ахмадуудтайгаа олон удаа явсан.

Ер нь жараас наяад он бол театрын оргил үе гэж хэлж болохуйц санагддаг. Олон сайхан бүтээл тавигдсан нь Э.Оюун багшийн хөдөлмөрийн үр дүн юм. Тухайн үед Улсын драмын театр гэж байсан бол өнөөдөр академик театр гэж нэрлэгдэх хэмжээнд хүрчээ. Үүнд тэр үед ажиллаж байсан уран бүтээлчдийн ач гавьяа маш их бий. Өнөөдөр залуучууд тэр их ачааг үргэлжлүүлэн үүрч, ахмадууддаа хийсэн уран

бүтээлээ үзүүлэн хамтарч ажиллаж байгаад нь их баяртай байдаг. Энэ жил театрын маань 85 жилийн ой тохиож байна. Театрын үе, үеийн жүжигчид тэдний гэр бүлийнхэнд баярын мэнд хүргэе. Ойн хүрээнд театрт тоглогдож байсан түүхэн жүжгүүдээ сэргээж тоглоно. Би ч гэсэн тоглож байсан дүрүүддээ тоглож, үзэгчидтэйгээ уулзах болно.

-Алтан үеийнхэн танд юу гэж зааж зөвлөдөг байв?

-Төрийн шагналт, ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, урлаг судлалын ухааны доктор Э.Оюун багш Э.Войничийн “Овод” жүжгийн найруулагчаар ажиллаж байлаа. Би Жеммагийн дүрд тоглохоор бэлдэж байсан юм. Би тэр үед хар судалтай, цэнхэр өнгийн өмд өмсчихсөн ирсэн юм л даа. Надад бол их л гоё өмд шиг санагддаг байлаа. Гэтэл Э.Оюун багш “Хөөе Мэндбаяр аа, тайзнаас буу. Чи театрын тайзыг яасан хүндэтгэдэггүй юм. Чам шиг ийм жүжигчин гэж байхгүй” л гэлээ. Би ч өрөө лүүгээ ороод уйлаад л суучихлаа. Тэр үед ардын жүжигчин Т.Хандсүрэн гуай орж ирээд “Миний охин загнууллаа гэж гомдоод явах гэж байгаа юм биш биз дээ. Э.Оюун багш чинь чамайг жирийн хувцастайгаа тайзан дээр гарлаа л гэж байгаа юм. Хувцсаа сольчихоод бэлтгэлээ хий. Дараа нь тайзны хувцастай ирээрэй” гэж билээ. Тухайн жүжигтээ тохирсон хувцсыг өмсөж, түүнийгээ өөрийн болгож сурах хэрэгтэй гэдэг байсан нь өнөөдөр бидний тайзан дээр биеэ авч явах соёл, сургуулилт хийхдээ яаж хийх вэ гэдэг арга барилд суралцуулж чадсан юм. Явж барагдахгүй театрын тэр том тайзан дээр алхаа, гишгээ ямар байх ёстой талаар, дуу хоолойны өнгө, улс, үндэстний хувцсыг яаж өмсөх вэ гээд бүхий л зүйлийг ахмадуудаасаа сурч байлаа. Энэ бүх арга, ажиллагаанууд нь театрын тайзнаа шилдэг байх замыг минь засаж өгч байж дээ. Бидний дотоод сэтгэлийг хөглүүлэхийн тулд янз, янзын зүйлээр сэтгэлийг минь хөдөлгөдөг байсан. Инээж сурахыг хүртэл зааж байлаа шүү дээ.

-Та “Энэ хүүхнүүд үү” кинонд тоглох болсон тухайгаа яриач?

-Энэ кинонд тоглох үед оюутан байлаа. Кино найруулагч Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуай манай ангид киноны түүхийн хичээл заадаг байлаа. Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай тайзны яриа, Э.Оюун багш театрын түүх заадаг байсан. “Энэ хүүхнүүд үү” кино 1962 онд хийгдсэн юм шүү дээ. Багш нар маань энэ кинонд тоглосон, найруулсан болохоор манай ангийнхан бүгд туслах дүрд тоглох боломж олдсон юм. Манай Н.Мягмар Дулмаагийн дүрд, би найз охин Должингийнх нь дүрд тоглож байлаа. Кинонд тоглох эхлэл болсон энэхүү сайхан уран бүтээл өнөөдрийг хүртэл хүмүүсийн үзэх дуртай кино хэвээр байдагт баярлаж явдаг даа.

-“Мандухай сэцэн хатан”, “Эдлэх ёсгүй эрх”, “Жаргал даахгүйн зовлон” зэрэг кинонуудад бүтээсэн дүрүүд тань үзэгчдийн сэтгэлд хүрсэн байдаг. Харин таны сэтгэлд хамгийн их үлдсэн нь ямар дүр байдаг вэ?

-“Мандухай сэцэн хатан” киноны Юнгэн хатны дүрд тоглосон юм. Тэр үед Монголын кино урлагт түүхэн кино их холдчихсон байсан л даа. Нэг сонин түүх ярихад би зах орох гээд унаанд суучихсан явж байлаа. Гэтэл өөдөөс хараад сууж байсан охин над руу харж инээгээд л “Та намайг таньж байна уу. Таны хор өгсөн охин байна” гэдэг юм байна. Цуг сууж явсан хүмүүс над руу бүгд сонин харлаа. Би бүр гайхаад болдоггүй. Гэтэл “Би “Мандухай сэцэн хатан” кинон дээр таны хор өгдөг Алтжин байна” гэж билээ. Нас биед хүрээд аль хэдийнэ ээж болчихсон байсан. Ер нь уран бүтээлийг сайнаар ч тэр, муугаар ч тэр хүмүүсийн сэтгэлд хүргэж чадсан л байвал жүжигчин хүний чин хүсэл, бас хөдөлмөрийн үр шим юм даа. Мөн театрын тайзнаа бүтээсэн дүр бүхэн хамгийн хэцүү байдаг. Өдөр, шөнөгүй хөлсөө дуслуулж, нойр хоолгүй бэлддэг, их ч загнуулдаг байж дээ. Харин хүмүүсийн сэтгэлд ч тэр, бас миний санаанаас гардаггүй нэгэн дүр байдаг. Э.Оюун багшийн зохиол “Гарваа” жүжгийн Гарваад тоглосон юм. Тэтгэвэрт суусан багш хүний тухай өгүүлдэг. Тэр хүн ганц хүүхэдтэй ч тэр нь өргөмөл. Өргөмөл хүүхэд нь ээждээ “Та ямар нойтон сормуустай юм унагаж үзсэн биш дээ” гэж хэлдэг. Ийм хатуу үгийг тэр хүн анх удаа сонсож байгаа нь тэр. Тэр хэсгийг бүтээхэд надад маш хүнд байсан. Би уйлаад, сэтгэл тавгүйтэж бүр хамаг бие минь чичирдэг байлаа. Мөн телевизийн хоёр ангит жүжиг болох “Эдлэх ёсгүй эрх” жүжгийн Бадамлянхуа хатны дүр хүмүүст их хүрсэн байдаг юм. Тэр үед залуу байсан болоод ч тэр үү, найруулагчдадаа дандаа хөгшин, настай хүний дүр өглөө гэж дургүйцдэг л байлаа. “Гарваа” жүжгийн Гарваа, “Найрын ширээний ууц”-ын Ханджав, “Эдлэх ёсгүй эрх”-ийн Бадамлянхуа гээд л. Гэхдээ ухаантай найруулагчид гэдэг их ондоо юм билээ. Өнөөдрийг хүртэл үзэгчдийн үзэх дуртэй, урт настай дүрүүдэд намайг сонгож тоглуулсанд нь их л баярлаж явдаг юм.

-Та хамгийн сүүлд “Ээж” кинонд тоглосон байсан?

-Би эхийн хайрыг үзээгүй, аавтайгаа өссөн. Эх хүний хайр хүүхдүүддээ ямар их хэрэгтэй байдаг юм бэ гэдгийг үргэлж бодож явдаг байсан л даа. Энэ санаа бодолд минь таарсан, илэрхийлэхийг хүссэн санааг минь тусгасан зохиол миний сэтгэлийг их хөдөлгөж чаддаг. Тийм учраас ээж, эх хүний дүрд их тоглодог. Үр хүүхдийнхээ төлөө гэсэн эх хүний сүүн цагаан сэтгэлийг өнгө, будаггүй харуулахыг хичээж байна. Түүнээс зөвхөн хувцсаар өөрчлөгдсөн эхийн дүрийг бүтээхийг бодохгүй.

-Ээжтэй тань таны хань П.Цэрэндагва гуай уулзуулж байсан гэсэн. Энэ талаараа яриач?

-Миний хань надаас түрүүлээд ээжтэй минь уулзаж байсан. Ээж маань Баян-Өлгийд амьдардаг байсан юм. П.Цэрэндагва тийшээ тоглолтоор явах үедээ уулзаад, надтай ээжийг минь утсаар яриулж байсан. Би бүр дараа нь наяад оны дундуур Баян-Өлгий рүү тоглолтоор явахдаа ээжтэйгээ анх удаа уулзсан л даа. Театрынхантайгаа хамт очиж хоол, унд идчихээд, орой нь тоглолтоо үзүүлсэн юм. Охин минь ирж байхад гээд байшингийнхаа үүд хүртлээ цагаан эсгий дэвсчихсэн байж билээ. Би нэг хоносон л доо. Ярих юм олддоггүй юм билээ. Миний төрсөн өдөр яг хэзээ юм бол л гэж асуусан. Аав минь болохоор цэрэгт яваад ирэхэд л гарчихсан байсан гэдэг юм. Ээж минь олон ч хүүхэд гаргасан болоод тэр үү бас сайн санахгүй байсан. Бид өглөө нь явах болоход ээж минь намайг гаргаж өгдөггүй. Би гайхаад автобусандаа суучихлаа. Автобусны цонхоор эргээд хартал ээж минь хашааныхаа завсраар хараад зогсож байсан. Тэр үед миний дотор их сонин болж, тэсэлгүй л нулимс дуслуулж байсан даа. Уйлчих гээд их л хэцүү байсан байх. Тэр үед ээжийгээ их өрөвдөж билээ. Гадагшаа гаргаж чадахгүй ч дотроо их хайрладаг, эмтэрч явдаг хүн байна даа гэж бодож байсан. Яг хоёулаа уулзах юм бол их уйлалдах байсан болов уу. Сүүлд суусан хань ижил, үр хүүхэд, хамаатан садангууд нь гээд хүмүүс байсан юм.

О.Ариунцэцэг

DNN.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …