Ямар хүмүүс тэрбумтан болдог вэ

Нэг л амьдрах насандаа дутагдаж, гачигдах зүйлгүй, баян чинээлэг амьдрахыг хэн хүнгүй битүүхэн дотроо хүсч явдаг нь нууц биш бизээ.

Ийм амьдралыг бий болгохын тулд мэдээж хэрэг уйгагүй хөдөлмөрлөх нь юу юунаас илүү чухал. Гэвч түүнээс өөр хэд хэдэн чухал хүчин зүйлс бий. Бид та бүхэндээ таныг тэрбумтан болгох хамгийн шилдэг аргуудыг толилуулж байна.

1.Хөрөнгө оруулалт хийх

     Дэлхийн толгой баячуудын одоо хэр нь хийсээр байдаг зүйл бол хөрөнгө оруулах явдал байдаг байна. Энэ нь тэдний ашиг орлого олох хамгийн түгээмэл аргуудын нэг гэнэ. Хөрөнгө оруулалт гэдэг нь шинээр хийгдэж байгаа төсөлд санхүүгийн хувьд тусламж үзүүлэх болон үнэт цаасны зах зээлд хувьцаа эзэмшихийг хэлж байгаа юм. Ингэснээр бага зардлаар хожмын өдөр их ашиг олох боломжийг бий болгодог байна.

2. Өөрийнхөөрөө байх

    Баян чинээлэг хүмүүсийн дунд нэг нийтлэг шинж байдаг нь тэд хаана ч, хэдийд ч бусдаас хараат бус, зөвхөн өөрийнхөөрөө байх явдал. Бусдын юу гэж хэлэх, тэдний талаар юу гэж бодох нь огтхон ч хамаагүй бөгөөд энэ ч үүднээсээ хэрэгтэй, хэрэггүй зүйлд цаг, заваа зарцуулахыг хүсдэггүй байна. Тэд зөвхөн өмнөө тавьсан зорилго, хүсэл мөрөөдлөө биелүүлэхдээ л цаг, зав, ухаан бодлоо зарцуулдаг ба тийм ч учраас ажил хэрэг нь төдий чинээ амжилттай байдаг байна.

3.Алсыг харах

   Өнөөдөр амжилтад хүрсэн хэн бүхэн зөвхөн маргаашийг харж амьдрах бус, ирээдүйг харж, зорьж амьдрах нь амжилтын оргилд гарах үндэс болохыг ойлгож, ухаарсан байдаг. Өөрөөр хэлбэл, алсын хараатай амьдрах нь таны бизнес, ажил, үйл хэрэгт тань хамгийн хэрэгтэй. “Фэйсбүүк”-ийг үндэслэгч Марк Зюкерберг (Mark Zuckerber), “Apple Inc”-ийг байгуулсан Стив Жобс (Steve Jobs) зэрэг эрхмүүдийн бодож, төлөвлөсөн зүйлс эхэндээ одоогийнх шигээ ийм өндөр түвшинд байгаагүй нь ойлгомжтой биз ээ. Түүний нэгэн адил аливаа бизнес, төсөл хэрэгжихэд ямагт цаг хугацаа ордог байна.

4. Олон цагаар ажиллах

  Эд хөрөнгөтэй хүмүүсийн бусдаас үргэлж нэг алхмын урд явж байдаг шалтгаан бол бусдаас илүү хөдөлмөрлөхөд оршиж байдаг. Тэд бусдыг унтаж байхад ажиллаж байдаг бөгөөд үүний үр дүнд хэмжээлшгүй их мөнгө, алдар хүндийн эзэд болдог байна. Мөнгө гэдэг зүйл ерөнхийдөө илүү хичээж, зүтгэж, хөлс, хөдөлмөрөө урсгасан хүнд ирдэг нь нууц биш юм.

5. Хамтарч ажиллах

    Бусадтай хамтарч ажиллах нь ямар ч нөхцөлд ашиг тустай. Учир нь хүн гэдэг амьтан амьдралынхаа туршид суралцсаар байгаад үхдэг гэсэн яриа байдаг шүү дээ. Бусад хүмүүсийн давуу талаас суралцаж, тэднээс зөв үлгэрлэж чадвал та өөрийгөө улам л чадвартай, сул тал багатай нэгэн болгож, хөгжүүлж байна гэсэн үг юм. Та аль ч салбарт ажилдаг хүн байхаас үл хамаарч, бизнесээ өргөжүүлэхийг хүсч буй нөхцөлд бусадтай хамтарч ажиллахаас өөр шалгарсан арга зам гэж байхгүй. Бизнесийн зөв түншээ олж чадвал энэ арга зам таны халаасыг түнтийлгэх нь дамжиггүй.

6.Арвич, хямагч байх

    Мөнгө орж ирэхийн хэрээр үрэн таран хийж байдаг хүмүүс байхад хадгалж, зөв зүйлд тохирсон хэмжээгээр зарцуулдаг хүмүүс гэж бас байдаг нь амьдрал дахь олон зүйлс хоёр талтай болохыг илүү батлаж байх шиг. Мөнгө гэдэг зүйл орж ирэхдээ их цаг зарцуулдаг бол гарахдаа нүд ирмэхийн зуур л дуусдаг нь бичигдээгүй хууль. Баян чинээлэг байлаа гээд төдий чинээ мөнгөө цацах ёстой гэсэн үг биш юм. Бусадтай ижил түвшинд амьдарч, мөнгөө хэмнэж, арвич хямагч байснаараа санхүүгийн хувьд хэзээ ч хоосрох аюулгүй болох ач тустай.

7. Суралцах

     Өнөөдөр хүн төрөлхтөн мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тийм ч учраас өдөр бүр суралцаж, эрдэм мэдлэг, авьяас чадвараа тэлж байх хэрэгтэй. Сул талуудаа багасгаж, давуу талуудаа улам нэмснээр таны карьер огцом дээшлэж ирэх бөгөөд үүний үр дүнд ажил үйлс тань бүтэхэд илүү дөхөм болох юм. Ажил хэрэг чинь бүтнэ гэдэг мөнгөтэй болохын үндэс биш гэж үү?

8. Амбицтай байх

  Зарим хүмүүс өөрт хэрэгтэй, ашиг тустай зүйлийг анзааралгүй өнгөрч, аманд орох шахсан шар тосыг хэлээрээ түлхэж гаргах нь цөөнгүй. Боломж хүн бүрт олон дахин олдоод байдаг түгээмэл зүйл биш бөгөөд боломж үүсгэж, түүнийгээ ашиглаж, амжилтанд хүрдэг хүмүүс нь ихэнхдээ амбиц ихтэй хүмүүс байдаг аж. Тэд ажил мэргэжилдээ яав л амжилт гаргаж, санхүүгийн хувьд айх аюулгүй, сэтгэл амар амьдрах вэ гэдгээ аль хэдий нь мэдчихсэн байдаг хүмүүс байдаг гэнэ.

9. Бүтээлч байх

   Та өмнө нь хэн нэгний хийж бүтээгээгүй зүйлийг санаачилж, хийх юмсан, анхдагч нь болох юмсан гэж бодож, төлөвлөж байсан л биздээ? Гэвч хорвоо ертөнц дээрх бүх л зүйлийг хүмүүс аль хэдий нь олж, нээж, зохион бүтээчихсэн юм шиг санагдаж байсан гэдэгт итгэлтэй байна. Гэвч яг үнэндээ хүн төрөлхтөнд асар их хэрэгтэй, бусдын нээж, илрүүлээгүй байгаа зүйлс энэ дэлхий дээр тоолоод баршгүй олон байгаа нь гарцаагүй. Хэрвээ та илүү бүтээлчээр сэтгэж, эрэл хайгуул хийж, ямар нэгэн шинэ зүйл бүтээж, улмаар дэлхийд түгээж чадвал утсанд чинь дансан дахь орлогын мэдээлэл тасрахгүй ирэх нь мэдээж.

10. Өөртөө итгэлтэй байдал

    Өөртөө итгэлгүй хүн юу ч хийж чадахгүй бөгөөд үргэлж юм бүхнээс хойш суусаар энэ насыг бардаг нь харамсалтай. Энэ төрлийн хүмүүс юу ч хийж чадахгүйдээ бус, шинэ зүйлд дасан зохицох чадвар муутай байдаг бөгөөд аливаа сорилт, шалгуурт бүдэрч унахаас айж, эмээдэг хүмүүс байдаг байна. Харин яг эсрэгээрээ, өөртөө итгэлтэй хүмүүс ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай байхаас гадна амьдралд учрах саад бэрхшээл, сорилт шалгууруудыг байх л зүйл хэмээн төвөггүй давдаг. Энэ нь амжилтад хүрэх хамгийн чухал зан чанар болохыг алдар нэрд хүрсэн хүмүүсээс харж болох билээ.

11. Мэдлэг, боловсролтой болох

   Мэдлэг боловсролтой байна гэдэг нь таны нийгэмд эзлэх байр суурийг нэг ёсондоо тодорхойлж өгч буй чухал шалгуур. Таны байр суурь хэр түвшинд байна төдий чинээ бусадтай харилцах, хамтарч ажиллах, бизнесийн санал тавихад тань дөхөм болох аж. Мэдлэг боловсрол гэхээр дан ганц хичээл ном, эрдэм мэдлэгийг хэлээгүй бөгөөд таны биеэ авч явж буй байдал, хэрэглэж буй үг хэллэг, хувцаслалт ч үүнд хамаардаг.

12. Баян чинээлэг болох алхмаа зөв хийх

    Амжилтад хүрч, халаасандаа багтаж ядсан их мөнгөтэй болохын тулд хамгийн эхлээд түүнд хүрэх арга замаа зөв тодорхойлж, төлөвлөгөө боловсруулах нь маш чухал. Үнэхээр сайн төлөвлөгөө зохиож чадсан нөхцөлд таны дараагийн хийх алхам бол төлөвлөгөөнийхөө дагуу бүх зүйлийг ёс горимынх нь дагуу хийх явдал бөгөөд ингэснээр амжилтад хүрэх зам тань гэрэл гэгээтэй болж, улаан гэрэлтэй байнга тааралдахгүй байх ач холбогдолтой.

13. Цаг баримтлах, үр бүтээлтэй ашиглах

    Цаг хугацаатай уралдаж, ажлаа амжуулж буй хүмүүс өнөөдөр бусдаас хэдэн алхмын урд явж байгаа нь нууц биш. Цагийг үр бүтээлтэй ашиглаж сурах нь амжилтад хүрч, баян чинээлэг амьдрахыг эрмэлзэж буй хүн бүрийн зайлшгүй дадал зуршил болгон хэвшүүлэх ёстой зан чанаруудын нэг юм. Хөгжилтэй байдлаар зүйрлэн хэлэхэд цагийн менежмент сайтай хүмүүс Усайн Болт бол цагийг үр бүтээлгүй ашигладаг хүмүүс нь түүнээс бусад тамирчид юм. Хэрвээ та Усайн Болт бол бусдаас үргэлж түрүүлж алхах бөгөөд хамгийн түрүүнд амжилтад хүрэх нь байна шүү дээ.

14. Хийж буй ажлаасаа кайф авдаг байх

     Хүн амьдралдаа цөөн хэдэн чухал сонголтуудыг хийдэг билээ. Тэдгээрийн дотроос хамгийн чухал нь ажил мэргэжлээ сонгох. Ажил бол таны амьдралыг залгуулах, хувь хүн талаас чинь хөгжүүлэх ач холбогдолтой зүйл байдаг. Тиймээс хийх ажлаа сайтар бодсоны эцэст шийдэж, сонгож байх хэрэгтэй. Учир нь хүн хйиж буй ажилдаа дуртай байж, бүтээмжтэй ажиллахаас гадна төдий чинээ карьераа ч өсгөх боломжтой байдаг байна.

15. Зөв хандлагатай байх

    Үүний тулд үргэлж өөрийгөө сайхан энергиэр цэнэглэж байх хэрэгтэй. Амьдралаас дандаа сайн сайхан зүйлийг нь олж харж байхыг хичээж байгаарай. Ингэснээр асуудлыг шийдвэрлэх оновчтой аргыг олох, үл ойлголцлыг арилгах, хийж, бүтээх юмсан гэсэн хүсэл тэмүүллээр дүүрэн байх үндэс болж өгдөг байна. Таны ажил мэргэжил, бизнес, хамтын ажиллагаа, хүсэл мөрөөдөл, өмнөө тавьсан зорилго гэх зэрэг зүйлсэд хэрхэн, яаж хандаж байгаагаас таны ирээдүйн карьер, цаашлаад амжилт бүтээл, түүнийг дагаж ирэх ашиг орлого ихээхэн нөлөөлдөг аж.

 

Эх сурвалж: Саак.мн

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …