Э.Бат-Амгалан: Манай нэр дэвшигчдийн хувьд УИХ, Нийслэлийн түвшинд хамтарч ажиллах дүүрэн боломж бүрдсэн

14568983_1265487533501898_2132970203_nБаянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та өөрийгөө товч танилцуулаач?

-1977 онд төрсөн. Эрхзүйч, дипломатич мэргэжилтэй. Ам бүл долоо. Эхнэр, таван хүүхэдтэйгээ амьдардаг. 2003 оноос улс төрийн ажилд оролцож эхэлсэн. 2015 оноос Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдон ажиллаж байна.

-Баянзүрх дүүргийн намын хороо УИХ, НИТХ-ын сонгуульд маш амжилттай оролцсон. Тэгвэл энэ удаагийн орон нутгийн сонгуульд ямар хүлээлттэй байгаа вэ?

-Баянзүрх дүүрэгт МАН-аас УИХ-ын сонгуулийн зургаан мандат дээр өрсөлдсөн нэр дэвшигчдийн дөрөв нь, НИТХ-ын есөн мандат дээр өрсөлдсөн нэр дэвшигчдийн долоо нь ялалт байгуулсан. УИХ-ын дөрвөн гишүүдээс маань Д.Оюунхорол Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар томилогдоод байна. НИТХ-ын гурван төлөөлөгч маань тэргүүлэгчээр сонгогдлоо. Мөн төлөөлөгч Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдлоо. Эндээс дүгнэхэд, дүүргийн МАН-ын хорооноос дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр,  дүүргийн засаг даргын үйл ажиллагаа, төлөвлөсөн хөрөнгө оруулалт, иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх боломж Улсын Их Хурал болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын түвшинд нээлттэй болсон. Тиймээс, бид энэ удаагийн орон нутгийн сонгуульд маш чухал ач холбогдол өгч байгаа. Эрх баригч хүчнээс ийм хүчирхэг дэмжлэгтэй дүүрэгт МАН-ын хороо ялалт байгуулахгүй бол дүүргийн ажил унаж магадгүй шүү гэсэн анхааруулгыг иргэд, сонгогчдын зүгээс бидэнд байнга өгч байгаа. Тиймээс Баянзүрх дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчийн хувьд ч, дүүргийн МАН-ын хорооны даргын хувьд ч нөхөдтэйгээ нягт хамтран ажиллаж сонгуульдаа нэлээд чамбай бэлтгэлээ. Манай нэр дэвшигчид иргэд рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлэх үүднээс “Аз жаргалтай Баянзүрх” гэсэн уриатай мөрийн хөтөлбөрөө боловсруулж орон нутгийн сонгуульдаа оролцож байна.

-Орон нутгийн сонгуульд оролцож буй мөрийн хөтөлбөрөө танилцуулаач. Онцлог нь юунд оршиж байна. МАН-аас 2016 оны УИХ, НИТХ-д дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй хэрхэн уялдаж байгаа вэ?

-Мэдээж МАН-аас УИХ, НИТХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй уялдуулж бид дүүргийнхээ мөрийн хөтөлбөрийг гаргасан. “Аз жаргалтай Баянзүрх” гэсэн уриатай дүүргийн мөрийн хөтөлбөр маань 1.ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ,ӨРХИЙН ОРЛОГО НЭМЭГДСЭН БАЯНЗҮРХ, 2.НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖ ХАНГАГДСАН  БАЯНЗҮРХ, 3.ДЭД БҮТЦИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАСАН БАЯНЗҮРХ, 4.ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙОРЧИНТОЙ БАЯНЗҮРХ, 5.АМЬДРАЛЫН АЯ ТУХТАЙ ОРЧИНТОЙ БАЯНЗҮРХ, 6.ЗӨВ ЗАСАГЛАЛТАЙ БАЯНЗҮРХ гэсэн зургаан зорилтыг дэвшүүлсэн байгаа. Мөрийн хөтөлбөрөө нэр дэвшигчтэйгээ хамтран та бүхэндээ танилцууллаа. Иргэд маань сайтар уншиж судлаасай гэж хүсч байна. Улс оронд маань эдийн засгийн хямрал бодитой нүүрлэж, аливаа асуудлыг шийдвэрлэхэд төсөв санхүүгийн хүндрэлтэй байгаа ч бид аль болох бага зардлаар дүүргийнхээ өмнө тулгамдсан, иргэдийн өмнө шийдлээ хүлээж байгаа олон асуудлыг шийдвэрлэх боломжийг судалгаа тооцоонд үндэслэн дүүргийнхээ мөрийн хөтөлбөрт тусгаж орууллаа. Сонгогчид маань МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжвэл бидэнд мөрийн хөтөлбөрөө 100 хувь биелүүлэх боломжтой гэж үзэж байна.

-Мөрийн хөтөлбөрөөс дүүргийн онцлогтой холбоотой зарим зүйл заалтыг дэлгэрүүлж танилцуулаач?

-Манай дүүргийн онцлог бол хүн амын төвлөрөл, шилжилт хөдөлгөөн ихтэй, гэр хорооллын суурьшлын бүс, томоохон зах худалдааны төвүүд олонтой дүүрэг. Үүнийг дагаад эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цахилаан хангамжийн хүртээмж хангалтгүй байдаг. Мөн ажлын байрны асуудал манай дүүргийн хамгийн том асуудал болоод байна. Тиймээс сургууль, цэцэрлэг, эмнэлгийн тоог нэмэгдүүлэх, бичил бизнесийг дэмжих  чиглэлээр дорвитой судалгаа хийж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Айл өрхүүдийн цахилгааны хангамжийг өргөтгөн сайжруулах, хийн түлшний хангамж болон хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үе шаттай хэрэгжүүлэх ажлыг бид мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн.

-Та бүхэн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдээ хэрхэн сонгон, шалгаруулсан бэ?

-Маш энгийнээр хэлбэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг бол тухайн дүүргийн нийт иргэдийн төлөөллийн байгууллага шүү дээ. Баянзүрх дүүргийн 300 гаруй мянган иргэний төлөөлөл цуглаад асуудлаа ярилцдаг, дүүргийнхээ хөгжлийн бодлогыг тодорхойлдог нэг л гэр бүлийн гишүүд. Энэ байгууллагад ямар ч мэргэжилтэй, насанд хүрсэн Монгол улсын иргэн ороод ажиллах боломжтой. Гэхдээ эрдэм боловсролын хувьд чамбайрсан, ажлын тодорхой туршлага хуримтлуулсан, дүүрэг хорооны өмнө тулгамдсан асуудлыг сайн мэдэх, бусад нэр дэвшигчидтэйгээ нэгэн цул баг болоод ажиллаж чадах хүмүүсийг нэр дэвшүүлэх зорилго тавьсан.

Аливаа улс төрийн шийдвэрийг олуулаа нийлж гаргах тусмаа оновчтой болдог. Хамт олны эв нэгдэл, олон гишүүдийн итгэл, хүсэл зорилго нэгдэж гэмээнэ сонгуульд амжилттай оролцох, цаашлаад төрийн ажлыг чанартай гүйцэтгэх баг бүрдэнэ шүү дээ. Тиймээс Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны гишүүд бид олон талаас нь ярилцаж, олон нөхцөл байдлыг тооцож байж нэр дэвшигчдээ тодруулсан. Хамт олноо төлөөлж чадах, төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж чадах хүмүүсээ нэр дэвшүүлсэн гэдэгт бид итгэлтэй байна.

-МАН-ын нэр дэвшигчдийн давуу тал юу вэ?

-Манай нэр дэвшигчдийн хувьд УИХ, Нийслэлийн түвшинд хамтарч ажиллах дүүрэн боломж бүрдсэн. Энэ бол бидний хамгийн том давуу тал гэж үзэж байна.

-Та Баянзүрх дүүргийнхээ ирээдүйн хөгжлийг хэрхэн төсөөлж байна?

-Баянзүрх дүүрэг бол нийслэлийн хамгийн том дүүрэг. Жилээс жилд хүн ам нь өсч, үйл ажиллагааны цар хүрээ нь нэмэгдэж, суурин газруудын хамрах газар нутгийн хэмжээ тэлж байгаа манай дүүрэгт хөгжлийн зөв бодлого чухал байна. Бид УИХ, Нийслэлийн засаг даргын тамгын газартай нягт хамтран ажиллаж байж дүүргийнхээ зөв хөгжлийг хангаж чадна. Үүний тулд шударга, эрүүл засаглалыг юуны түрүүнд дүүрэгтээ тогтоох ёстой. Нэг хүний хувийн компани мэтээр дүүргийн ажилд хандаж болохгүй. Дүүргийнхээ хувьд аваад үзэхэд, АН засаг барьж байх үедээ төрийн албаны бие даасан байдлыг алдагдуулж, төсвийн хөрөнгийг замбараагүй, хяналтгүй зарцуулах, төрийн мөнгийг хувийн хөрөнгө шиг үрэн таран хийх, хэт намчирхаж ард иргэдээ талцуулах, хууль бус газар олголт хэрээс хэтэрсэн зэрэг олон буруу жишиг тогтсон байна. Үүнд АН-ын жирийн гишүүд буруугүй. Харин дүүрэгтээ тогтсон энэ буруу жишгийг, буруу үйл ажиллагааг бид хамтдаа таслан зогсоох ёстой. Бидний хувьд, АН-ын гишүүн учраас дэмжихгүй, МАН-ын гишүүн учраас дэмжинэ гэсэн үзлээр иргэддээ хандахгүй. Энэ дүүргийн иргэн бүрийн эрх ашгийн төлөө, өрх бүрийн хөгжлийн төлөө бүх иргэдтэйгээ хамтарч ажиллахыг эрхэм болгоно.

-Таны ажилд амжилт хүсье.

Ярилцсан: Б.Саранцацрал

 Баянзүрх дүүрийн МАНын сонгуулийн штабаас бэлтгэв

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …