Герман улсын эрчим хүчний төлбөр Монгол улсаас 2-3 дахин өндөр үнэтэй. Хэдий тийм ч айл өрхүүд эрчим хүчний зардлаа багасгахын тулд эрчим хүч бага зарцуулдаг цахилгаан бараа худалдан авдаг” тухай “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хурлын танхимд өнөөдөр болсон “Эрчим хүч хэмнэлтийн удирдлага ба түүний үр ашиг” хурлын үеэр Германы хамтын ажиллагааны Олон Улсын нийгэмлэгийн Эрчим хүчний системийн үр ашиг төслийн удирдагч Бёрн Валштедь ярьсан юм.
Манай улс эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулах зорилготой Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын их хурлаар баталсан. Энэ хуулийн дагуу Засгийн газраас “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг тогтоох тухай” журам батлагдаж, үүрэг хүлээсэн хэрэглэгчээр эрчим хүчний өндөр хэрэглээтэй 120 гаруй байгууллага ажиллахаар болжээ. Эрчим хүчний зохицуулах хороо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрчим хүчний системийн үр ашиг” төсөл болон “Интегрейшн И-И” ХХК хамтран “Эрчим хүч хэмнэлтийн удирдлага ба түүний үр ашиг” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэхүү сургалтад эрчим хүчний хэрэглээ өндөртэй 110 байгууллагын удирдлага, инженер техникийн 150 гаруй ажилтан хамрагдсан юм.
Өндөр хэрэглээтэй 120 гаруй байгууллага эрчим хүчээ хэмнэхээр нэгдэнэ
Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан “Өнгөрсөн жил Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль батлагдсан. Ингэснээр энэ онд эрчим хүч хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлж, Эрчим хүчний зохицуулах хороонд тусгайлсан чиг үүрэгтэй хэлтэс үйл ажиллагаа явуулж байна. Мөн хуулийн хэрэгжилтийг биелүүлэхээр дөрвөн журам батлагдаж гарсан. Үүний дагуу сургалт явуулж, эрчим хүчний хэмнэлтийн менежерийг бэлтгэх хэрэгтэй. Энэ ажлын хүрээнд эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж байгууллагууд болон үүрэг хүлээсэн иргэд багтсан байгаа. Одоогоор үүрэг хүлээсэн хэрэглэгчээр эрчим хүчний өндөр хэрэглээтэй 120 гаруй байгууллага батлагдсан байна. Эдгээр байгууллагууд маань эрчим хүчний хэмнэлтийг хэрэгжүүлж, хэмнэлтийн менежерээ бэлтгэх, тухайн компанийн бизнест төлөвлөгөөнд хэмнэлт хийх ач холбогдолтой юм. Цаашдаа эрчим хүчний хэмнэлт эдийн засгийн хэмнэлт болно гэсэн үг” гэв.
Эрчим хүчээ хэмнэхийн тулд барилгын дулаан алдагдлыг шийдэх нь чухал
Эрчим хүчний үр ашиг төслийн удирдагч Бёрн Валштедь “Эрчим хүчний хэмнэлтийн хэмжээг авч үзвэл барилга байшингийн дулаан алдагдалд арга хэмжээ авах нь илүү үр дүнтэй. Монгол орон өнгөрсөн жил Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг баталсан нь томоохон алхам боллоо. Бусад хөгжингүй орнуудын хувьд энэ хуулийг батлаад, хэрэгжүүлээд нэлээд олон жил болсон байдаг. Олон улсын туршлагаар хууль эрх зүйн орчин бий болж байж, эрчим хүчний хэмнэлт хийх боломж нь бүрддэг юм. Энэ тал дээр ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг олон жилийн өмнөөс төсөл хөтөлбөр, судалгаа хийж, хамтран ажиллаж байна. Цаашдаа ч бид эрчим хүчний үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, олон зүйл хийхээр төлөвлөж байгаа. ХБНГУ-ыг Монгол улстай харьцуулахад эрчим хүчний үнэ нь 2-3 дахин өндөр байдаг. Тиймээс Германд аж ахуй нэгжүүд төдийгүй айл өрхүүд ч эрчим хүчний хэмнэлтэд онцгой анхаарч ажилладаг.
Томоохон байгууллагуудын зардлын 30-40 хувийг эрчим хүч дангаараа эзэлдэг
“Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн хэлтсийн дарга Ц.Атаржаргал “Үүрэг хүлээсэн хэрэглэгч болох 120 гаруй байгууллагууд маань монголын топ байгууллагууд. Бидний судалгаагаар эдгээр байгууллагуудын эрчим хүчний жилийн хэрэглээ тухайн байгууллагын зардлын 30-40 хувийг дангаараа эзэлж байдаг. Зарим байгууллагууд үүнээс ч илүү хувийг зарцуулж байгаа. Эрчим хүчний хэмнэлтийн хэрэгжүүлснээр жил бүр гардаг урсгал зардлаа бууруулах бүрэн боломжтой юм. Эдгээр байгууллагуудад тенхик технологио сайжруулж, шинэчлэх шаардлагатай. Мөн хаягдал дулааныг дахин ашиглах тал дээрээ анхаарах хэрэгтэй. Жишээ нь жилд уурхайн байгууллагууд 5сая кВт-аас дээш хэрэглээтэй, жилдээ 6-7 тэрбум төгрөгийг эрчим хүчний төлбөрт зарцуулж байна. Тиймээс Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх нь байгаль орчин, эдийн засагт өндөр ач холбогдолтой. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гол хүний нөөц нь эрх, үүрэг бүхий Эрчим хүчний аудиторууд байх юм. Эрчим хүчний аудитор нь бидний мэдэх санхүүгийн аудитороос ялгаатай. Тэд тухайн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээнд дүн шинжилгээ хийж, яагаад их цахилгаан хэрэглэж байна, энэ хэрэглээг бууруулах ямар боломж байна вэ гэдгийг судалж, зардлын тооцоо судалгаа гаргаж, үйлчлүүлэгчид зөвлөгөө өгч ажиллана. Өөрөөрхэлбэл эрчим хүчний зардлыг бууруулах арга замыг олж, хэрэглэгчдэд зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллах ёстой. Энэ аудиторуудыг Эрчим хүчний зохицуулах хороо болон бусад мэргэжлийн сургалтын байгууллагууд хамтран сургаж, дадлагажуулж, үнэмлэх олгох юм. Энэ ажил одоо ид дундаа өрнөж байна. Журмын хүрээнд үүрэг хүлээсэн хэрэглэгч болсон аж ахуйн нэгж, байгууллага нь 18 сарын дотор өөрийн эрчим хүчний хэрэглээнд эхний аудит хийлгэх үүрэгтэй. Ямар аудитороор аудит хийлгэхээ байгууллага өөрөө сонгож, гэрээ байгуулан ажиллах эрхтэй. Мэдээж хууль, тогтоомжийг мөрдөөгүй тохиолдолд тооцох хариуцлага бий. Энэ хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар бүлэгт тодорхой тусгасан байгаа” хэмээн ярьсан юм.
Үүрэг хүлээж, эрчим хүч хэмнэж ажиллах 120 гаруй байгууллага үр ашиггүй хэрэглээгээ 10 хувиар бууруулахад жилдээ 42.9 тэрбум төгрөг хэмнэх урьдчилсан тооцоо гараад байна. Хэмнэсэн мөнгө тухайн байгууллагын дансанд ашиг болж үлдэнэ. Тиймээс байгаль, орчин болон эдийн засгийн чухал ач холбогдолтой хуулийг өөрсдийнхөө байгууллага дээр хэрэгжүүлж ажиллана хэмээн сургалтад оролцогчид ярьж байлаа.