Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дунд үр хөндүүлэх явдал ихэссэн нь нууц биш. Тэр дундаа үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн нас залуужиж байгаа нь нэн харамсалтай юм. “Үр хөндүүлэх нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүний амь насанд халдаж буй хэрэг” хэмээн Рассель М.Нельсон хэлсэн байдаг. Гэтэл сүүлийн үед үр хөндүүлэлт ганцхан жилд насанд хүрээгүй 3000 гаруй охин тээж буй ургаа усгтгуулах болсон байна. Судалгаанаас үзэхэд нийт үр хөндөлтийн 46 хувь нь анхны тохиолдол, тэдний 16 хувь нь оюутан, 54 хувь нь давтан хийлгэж буй гэжээ. Энэ нь цөөхөн хүн амтай манай улсын хувьд дэндүү их тоо. Олон улсын байгууллага болон төрөөс хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх арга хэмжээ авсаар байгаа. Гэсэн ч “хүсээгүй хүүхэд” хэмээн хүний амь хөнөөсөөр байгаа мунхаг хүмүүсийг хянаж чадахгүй байсаар байна. Тэр тусмаа үр хөндүүлж буй өсвөр насны охид мэргэжилтнүүдийн анхаарлыг татах болжээ. Өнгөрсөн жил гэхэд 12 настай таван охин хүсээгүй жирэмслэлтээс үүдэн, үр хөндүүлсэнээс болж тэдний нэг нь хүүхдийнхээ хамт өөд болсон харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл өнгөрөгч дөрвөн сард 17 настай охин үр зулбуулах эм ууснаас болж хордсон хэрэг гарсан байна. Энэ мэтчилэн бидний хойч ирээдүй болсон охид маань дур мэдэн үр хөндүүлсээр байгаа нь эмзэглэмээр. Мэргэжилтнүүд өсвөр насны охид жирэмслэх явдал ихэссэн нь гэр бүлийн хараа хяналт сул, бэлгийн эрүүл мэндийн тухай хичээл ерөнхий боловсролын сургуульд бараг ордоггүйтэй холбон тайлбарласан. Түүнчлэн үр хөндүүлэх нь хэвийн үзэгдэл болсон гэж болно. Өмнө дунд сургуулийн 17-18 настай охид үр хөндүүлэх гэж ирдэг байсан бол одоо бүр залуужиж 14-15 насныхан ирдэг болсон гэж онцлон ярьж байна. Манай улс хүн амаа өсгөх бодлого явуулж байгаа ч үүнийг дагаад үр хөндүүлэх асуудал нэмэгдсээр байгаа юм.
Одоогийн байдлаар манай улсад төрийн болон хувийн өмчийн 126 эмнэлэг эмэгтэйчүүдэд зориулсан үйлчилгээ үзүүлдэг байна. Эдгээрээс 13 эмнэлэг үр хөндүүлэх албан ёсны эрхтэй бол үлдсэн нь нууцаар буюу хууль бусаар мөнгөний төлөө хүний амийг хөнөөдөг байна. Үр хөндөлт уг нь социализмын үед гэмт хэрэгт тооцогдон гарын үсэг зуруулж, зөвшөөрсөн тохиолдолд үр хөндөлтийг хийдэг байсан. Харин одоо энэ нь хүний эрхийн асуудал болж, хэн дуртай нь “аборт” буюу үр хөндөлтийг хийлгэдэг болжээ.
Үнэндээ өнөөдөр хувийн эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа, орлогын гол эх үүсвэр үр хөндөлт байдаг. Хүний амиар ашиг олж, мөнгөний үнэр авсан тэд ариун цэвэр, стандартын шаардлага хангах тухай дурсахын ч хэрэггүй.
Уг нь “Хожуу үеийн үр хөндөлтийг зөвхөн төрийн мэдлийн амаржих газруудад хийнэ. Мөн үр хөндөлтийг зөвхөн магадлан итгэмжлэлтэй эмнэлэгт мэргэжлийн эмч хийнэ. Монгол Улсын стандарт, журмыг зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд эмнэлгийн эмч, ажилтны эмчлэх, сувилах, эм барих зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэж заасан Эрүүл мэндийн сайдын тушаал бий.
Харамсалтай нь, үүнийг биелүүлдэг эмнэлэг, эмч нь ховор. Дээрх заалтыг улаан цайм зөрчиж байшингийн булан тохой, орц хонгилд өрөө түрээслэн ажилдаг. Харин эдгээр хувийн эмнэлгүүдийн хаагуур нь мэргэжлийн хяналтынхан яваад байдаг нь бас хачирхмаар. Шаардлага хангахгүй нөхцөлд үр хөндүүлээд амиа алдсан хэрэг нэг бус нэлээд хэдэн тохиолдол гарсан байхад мэргэжлийн хяналтынхан унтаа байдалтай байсаар л байна.
Эдгээр мөнгөний төлөө хүний амийг егүүтгэж байгаа хувийн эмнэлэгүүд үр хөдүүлэх тоог ихэсгэх бас нэг шалтгаан болж байгаа юм. Түүнчлэн гадуур ямар ч хяналтгүй худалдаалагддаг эрүүл мэндийн шаардлага хангаагүй үр зулбуулах эмийг хориглож чадахгүй байгаатай ч холбоотой.
Үүнээс харахад үр хөндөлтийн талаар манай хууль хяналт дэндүү сул байгаа нь харагдаж байна. Тиймээс хууль хяналтын байгууллагаас үр хөндүүлэх асуудал дээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм.
Үр хөндөлтөөс болж гарах сөрөг үр дагавар их байдаг гэдгийг мэдсээр байж бүсгүйчүүд маань хийлгэсээр л байгаа нь хэт ухамсарын доройтолд орсоных. Тухайлбал, дахиж хэзээ ч хүүхэдгүй болох магадлал 99 хувь, үүнээс гадна амиа алдах эрсдэл ч байдаг байна. Иймээс охид, бүсгүйчүүд үр хөндөлтөөс болж өгвөл зайлсхийх шаардлагатай юм. Нэг шөнийн жаргалаас болж насан туршын аз жаргалаа бүү алдаарай. Монголын минь үрс маш олон болтугай…
Д.Гэгээнээ Ugluu.mn