Ойрын өдрүүдэд монголчуудыг “Эрдэнэт”-ийн 49 хувийн дуулианаар дээр доргүй амьсгалж байх хооронд Ж.Эрдэнэбатын Засгийн газар их мөнгөний үзүүрээс атгасан нь нэгэнт тодорхой боллоо. Албан, албан бус эх сурвалжаас авсан мэдээллээс үзэхэд Монгол Улс ойрын хугацаанд урд хөршөөс 3-4 тэрбум ам.долларын зээл авч мэдэх, эс бөгөөс ОУВС-гаас өнөөх алдарт “Стэнд бай” хөтөлбөрийнх нь дагуу 1-1.5 тэрбум ам.долларын зээл авахаар хөөцөлдөж байна. Мөн Япон улсыг зорин мордох гэж байгаа Ерөнхий сайдын айлчлалын үр дүнгээс шалтгаалан далайн чанадаас ч бас тодорхой хэмжээний мөнгөн урсгал орж ирж магадгүй аж. Зөвхөн аль нь илүү боломжтой санхүүгийн эх үүсвэр болохыг эрх баригчдын мэргэн ухаан шийдэх бололтой.
Нийтлэлч Баабар энэ тухай нийтлэлдээ “Өнгөрсөн зуны АСЕМ-ийн уулзалтын үеэр ирсэн Японы Ерөнхий сайд манайханд олон улсын нийтлэг хөгжлийн зарчмаа баримтлаад ОУВС-тай хамтран хямралаас гарах нь зөв тухай зөвөлжээ. Харин Хятадын Ерөнхий сайд хямралыг давахад ах дүүгийн тусламж үзүүлнэ, элдэв хүнд нөхцөлтэй байгууллагуудтай хамтрахад шаардлага нь хэцүү байдаг тухай ярьсан бололтой. Өдгөө “Стэнд бай” хөтөлбөрөөр 1-1.5 тэрбум ам.долларын зээл яригдаж байна. Гэхдээ тэд тавьдаг шаардлага, санхүүгийн сахилга батаа нэхнэ. Харин Хятадын зүгээс нөхцөл тавихгүй 3-4 тэрбум ам.долларын зээлийн тухай сураг ажиг сонсогдох боллоо.
Ах дүүгийн тусламж юм уу даа” хэмээн бичсэн нь ч бас нэгэн нотолгоо. Вашингтонд очиж ОУВС-гийнхантай уулзалдаад ирсэн Сангийн сайд Б.Чойжилсүрэн ч үүнийг үгүйсгэсэнгүй, “Стэнд бай хөтөлбөрт хамрагдана гэсэн эцсийн шийдвэр гаргаагүй байна. Хэлэлцээ явж байгаа. Техникийн баг ирж, үнэлгээ өгнө. Түүний дараа ямар нөхцөлтэй, хэдийд яаж авах талаар тодорхой болно. Одоо хэлэх эрт байна” хэмээжээ. Тэгвэл Хятадаас авах 3-4 тэрбум ам.долларын зээлтэй холбоотой мэдээллийн тухайд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хямралыг даван туулах төлөвлөгөөг хэлэлцүүлж, зөвлөмж гарсны дараа энэ талаарх мэдээллийг олон нийтэд өгнө. Одоо ямар ч асуудал шийдэгдээгүй байгаа учраас урьдчилж ярих боломжгүй байна” гэсэн бол “Японтой олон талын асуудлаар хэлэлцээ хийнэ. Ерөнхий сайд өөрөө мэдээлэл хийсэн нь дээр байх. Мэдээж хамтарсан төслүүдийг хэрэгжүүлье, санхүүгийн хүндрэлтэй үед Монгол Улсад хөнгөлөлттэй зээл олгооч гэдэг асуудал яригдах байх” хэмээн Японы талаас орж ирэх бололцоотой зээлийн эх үүсвэрийг ч үгүйсгэсэнгүй.
Урд хөршийн их зээлийг ҮАБЗ-д танилцуулсныхаа дараа үүнтэй холбоотой мэдээллийг дэлгэнэ гэж байгаа нь энд ямар ч цуу яриа, худал мэдээлэл байхгүйг баталж байна. Тэгэхээр Баабарын бичсэнчлэн ОУВС-гийнхны хатуу шалгуураас зайлсхийж урд хөршийн их мөнгөний өмнө алгаа тосох уу гэдэг нь харин ойрын үед тодорхой болох бололтой. Монгол Улсыг өр зээлийн тулам болголоо, өр бол муухай зээл бол маш муухай байдаг гэж сонгуулийн өмнөөс л ярьсаар ирсэн эрх баригчид маань лавтай дараагийн зээлийн эрэлд гарч, их мөнгөний үзүүрээс шүүрч авсан бололтой.
Эх сурвалж: “Өглөөний сонин”