Өнөөдөр 2016 оны 2 дугаар ээлжийн Цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх үйл ажиллагаа улс орон даяар нэгэн зэрэг эхэлж байна.
Энэ ажлын хүрээнд Хан–Уул дүүргийн цэргийн албанд залуучуудыг элсүүлэх ажил дүүргийн 34 дүгээр сургууль дээр 9 цагаас эхэллээ. Дүүргийн хэмжээнд 2016 онд цэргийн үзлэгт хамрагдаж, эрүүл мэндийн үзлэгээр тэнцсэн 18-26 насны бүх залуус цэрэгт татагдах юм. Энэ жилээс эхлэн хугацаат цэргийн албанд явах залуус ажил хөдөлмөр эрхэлж байсан бол тухайн ажлын байрыг нь хадгалах, оюутан цэргийн үйл ажиллагаанд хамрагдсан залуусыг цэргийн жинхэнэ алба хаасан гэж тооцох гэх мэт олон шинэчлэлийг хуульчилж өгчээ.
Хан-Уул дүүргийн цэрэг татлагыг бүх талбайг камержуулан, богино холбооны хэрэгслээр иж бүрэн тоноглон олон улсын стандартын шаардлага хангасан нөхцөлд явуулж байна. Үүнээс гадна иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх байраар хангажээ. Цэргийн жинхэнэ албанд татагдаж байгаа иргэдийн хувьд ирц өндөрт хувьтай байгааг албаныхан хэлж байлаа. Хан-Уул дүүргийн Цэргийн штабын дарга хурандаа Ч.Батхүрэл “Цэргийн албанаас чөлөөлөгдөх хэд хэдэн заалт байдаг. Үүнд тухайн иргэн сургуулийн өмнөх насны хоёр хүүхэдтэй, эсвэл сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй эхнэр нь одоо жирэмсэн тохиолдолд, тухайн иргэний эцэг нь 60 настай, эх нь 55 настай бол цэргийн албанаас чөлөөлөгдөнө. Үүнээс гадна эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй, сургуулийн насны олон дүүтэй, тэд нарыг нь асран хамгаалах хүнгүй, эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй бол тухайн иргэн цэргийн албанаас чөлөөлөгдөж байгаа. Зарим иргэд дээрх заалтуудыг мэдэхгүйгээс болоод цэргийн үзлэгт хамрагдахгүй байх тохиолдол байдаг. Иймээс бид Цэргийн албаны тухай хуулийн талаар 18-26 насны залууст мэдлэг олгох, сурталчилах ажлыг зохион байгуулж байна.” хэмээлээ. Цэрэг жинхэнэ албанд татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх үйл ажиллагаа энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм байна.