Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, түүнээс гарах шийдлүүдийн талаар БНН-ын дарга Б.Жаргалсайхан ингэж ярьж байна.
-2017 онд эдийн засгийн өсөлтийг 3 хувьд барих тухай УИХ-аар хэлэлцэж байна. Үүнийг та биелэх боломжтой гэж бодож байна уу?
-УИХын гишүүд 25 жил зөвхөн мөрөөдлөө ярьж ирлээ л дээ. Уг нь бол улс орны эдийн засаг гэдэг амтай болгоны ангалзаж худлаа ярьдаг зүйл биш. МАН-ынхан сонгуульд сайхан амалчихсан юм чинь одоо тэр амлалтаа хүрч байгаа нэр зүүхийн тулд худлаа юмаа үнэмшүүлэх гэж яриад байна. Ирэх жил эдийн засаг 3 хувь өссөн шүү, хар аа. Амьдрал гоё болж байна” гэж тархи угаах гээд байгаа байхгүй юу.
-Тэгэхээр эдийн засгийн 3 хувийн өсөлт гэдэг нь мөрөөдлийн тоо гэж үү?
-Тийм шдээ. Мөрөөдөл. Ард түмний амьдрал улам доройтоод л байна. Одоогоос 10 жилийн өмнө Тавантолгойгоо эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй байсан. Улстөрчид нь хувьдаа авах гэж хөөцөлдөж, хөлөө гэдсэндээ жийлцэцгээлээ шүү дээ. Тэр үед тэд Тавантолгойг хувийнхаа бизнес болгож, хөлгүй баяжина гэж бодоцгоосон л байхгүй юу даа. Тэрнээс болж Н.Энхбаяр нь намаасаа хөөгдөж байсан. Одоо ч гэсэн үргэлжлээд хэрэлдээд л явж байна. Одоо өнгөрсөн хойно нь гаслаад нэмэргүй.
-Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсчихөөд байхад бид ашиглаж чадахгүй байгаа нь юунаас болж байна вэ?
-Хятад асар том улс шүү дээ. Биднийг давсан том том хэлцэлд орж байна. Юань олон улсын валютын сангийн сагсанд орчихлоо. Тиймд Хятад улс мөнгөн тэмдэгтээ баталгаажуулж хөрвөдөг болгохын тулд ашиггүй ч байсан бусад олон улсын валюттай худалдаа хийхээс аргагүй болж байна. Валютын орлоготой байхын тулд хамтын ажиллагаагаа өрнүүлэхийн тулд илүү их бусад улс руу хандаж, худалдаа наймаагаа хийж байна. Монголоос нүүрс авах нь сонин биш болсон гэсэн үг.
-“Чалко”-гийн өрөөс бол бид нүүрсээ 27-хон доллараар гаргаад байна гэж яригдаад байгаа. Энэ талаар?
-“Чалко”-гийн өрийн тухайд төлөх нь үнэн шүү дээ. Мөнгийг нь аваад идчихээд өгөх болохоор өгөхгүй гээд байж болохгүй. Тэгвэл зээл авахгүй байх нь яасан юм. Яах гэж зээлсэн юм. Яг тэр үед МАН төрийн эрхэнд байсан. Тэд л мөнгө авч байгаагаа гайхуулаад л аваад байсан. Чалкогоос ч авсан, Оюутолгойгоос ч авсан. Тэгээд тэр мөнгөөр юу хийсэн юм бэ. Ямаанд өгөөд л байсан. Үхэрт ч өгөөд л байсан. Баахан тэтгэвэр тэтгэмж, хувь ногдол болгож тараасан. Орж ирсэн мөнгийг тийм хариуцлагагүй, сонгуульд хэдхэн хүн УИХ-ын гишүүн болохын төлөө л зориулаад дуусчихсан байхгүй юу даа. Миллиард милиардаар нь цацсан. Одоо түүнийхээ горыг амсаж байна.
-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд буцааж авах ёстой гэж ч ярьж байна. Таны байр суурь ямар байгаа вэ?
-“Эрдэнэт”-ийн хувьд олборлолт нь доошоогоо 100 метрийн гүнд орчихсон. Нийт зэсийн хүдрийн агууламж нь ердөө 25-хан хувь. Тиймд тэр 49 хувийг авсан хүн тэндээс ашиг авна гэдэг хэцүү. Ашиг авахгүй. Харин зүгээр улс орны тусгаар тогтнол, валютын нөөцөө бэлдэх утгаар Монгол Улс авч болох юм. Хэдий алдагдалтай байсан ч валют орж ирээд байна гэсэн үг. Манай улсад валютын нөөц байхгүй. Тэр утгаараа бол “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсын мэдэлд авах нь тийм ч буруу биш байх.
-Ирэх жилийн төсөв 2.5 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдах гэж байна. Энэ үед гаднаас авсан 6.6 их наяд төгрөгийн өр зээлийг төлөх ёстой. Таны бодлоор эдгээр мөнгийг бид хаанаас олох вэ?
-Монгол Улс цоорхой шуудай шиг эдийн засагтай. Эдийн засаг минь цоорхой байна. Тэр уут руу хэчнээн мөнгө хийгээд нэмэр байхгүй. Зүгээр л доошоо асгарна. МАН-ын гарч ирээд л амалдаг юм нь нийгмийн халамж. Дээр нь төсвийн албан хаагчдын тоог хар. Гурван сая хүн амын чинь 200 мянга нь нийгмийн баялаг бүтээдэггүй, зүгээр л мөнгө хэрэглэж байдаг. Зөвхөн цалин биш шүү дээ. Цалингаас гадна тэр хүний ажлын байранд мөнгө зарж байгаа. Нэг төрийн албан хаагчид 5-6 сая төгрөгийн зардал гарч байна. Мөнгийг асар замбараагүй үрж байна. Үүнээсээ болж бид хямралд өртөөд байгаа юм.
-Энэ бүхнийг өдгөө Хятадаас зээл авах, эсвэл ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гэсэн хоёр замын нэгийг сонгох байдлаар шийдэх тухай яригдаж байна. Алиныг нь сонговол дээр вэ?
-Би Ши Жинпин даргын оронд байсан бол Монголд зээл өгөхгүй. Яагаад гээч.Монголчууд ядуу, ядмаг, залхуу хариуцлагагүй байх тусмаа Хятадад Монголыг нэгтгэхэд хялбар байхгүй юу. Монголчуудад мөнгө өгөөд, хөгжилтэй, хүчтэй болоод ирвэл аюул болно. Тийм учраас Хятад улс манайд амар мөнгө өгөхгүй байх.
-Хэрвээ Хятад улс зээл өгөхгүй бол ОУВС-гаас хөнгөлөлттэй зээл авах уу?
-ОУВС, Хятад гээд хоёр сонголтын тухай яриад байна л даа. Үндсэндээ энэ чинь нэг болчихсон шүү дээ. Хятад улс сая ОУВС-гийн гишүүн болчихсон. Монгол Улсыг яах вэ гэдгийг ОУВС-гийн гишүүн болох таван улсын төлөөлөл ярилцаж шийднэ. Тэнд нь Хятад улс байж байгаа. Тийм учраас монголчууд ийм гэнэн байхаа болих хэрэгтэй.
-Тэгвэл Монголд ямар гарц байна вэ?
-Биднийг ашигтай ажиллаж байгаа нөхцөлд гадныхан бидэн дээр мөнгөө барьж ирнэ. Ашиггүй, анхиагүй ийм нөхцөлд хэн ч бидэнд туслахгүй. Нэгэнт ийм хэцүү нөхцөлд орсон учраас ОУВС-тай хэлэлцээрт орохоос өөр аргагүй. Яагаад гэвэл, бидний авсан зээл ОУВС-гийн зээл гэж ойлгож болно. Доллараар авсан байна, юаниар авсан, иенээр авсан. Тийм учраас ОУВС-гаас “Та нар “Стэнд бай” хөтөлбөрт ор оо” гээд байгаа шалтгаан нь энэ. “Стэнд бай” хөтөлбөр авчих юм бол МАН-ын сонгуулиар амалсан амлалт байхгүй болно. Яах вэ гэхээр, Монгол Улсын эдийн засгийг алдагдалгүй болгох асуудлыг эхэлж шийднэ. Үүнийг төсвийн сахилга батаар л дамжуулж хийнэ. Дараа нь Монгол Улсыг валютын нөөцтэй болгох ажлыг хийнэ. Үүний дараа гадаад өр зээлийг зохицуулах, зохион байгуулах ажлыг хийнэ. Ийм дэс дараалалтай явж таарна.
Д.Ирээдүй
Эх сурвалжийн линк: http://news.zindaa.mn/1ux2